БАЙР СУУРЬ: УИХ тарах уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: УИХ тарах уу?

БАЙР СУУРЬ: УИХ тарах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгч энэ парламентыг өөрсдийн хүсэлтээр тарах шаардлагыг хоёр дахь удаагаа тавьсан. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд парламентыг тараах талаар ямар байр суурьтай байгааг тодрууллаа.

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-УИХ бол ард түмний төлөөллөөс сонгогддог байгууллага. УИХ-ын нэр хүнд ард түмний дунд алаг цоог байгаа нь үнэн. Гэхдээ Монгол Улс парламентын засаглалтай орон. Хэрэв УИХ тарж, ээлжит бус чуулган зохион байгуулах хэмжээнд хүрвэл дараагийн сонгууль болох хүртэлх процедурын хооронд Монгол төрийн үйл ажиллагаа хэрхэн явах, нийгэм эдийн засгийн амьдрал ямар байдалд орох уу  гэх мэт маш олон асуудал үүснэ, энэ бүхнийг маш олон талаас нь авч үзэх ёстой. Хэн нэгэн хүн, улс төрийн намын шахалтаар энэ асуудалд хандаж болохгүй учраас олон талаас нь нухацтай авч үзэх ёстой. УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд дээрээ маш сайн төлөвлөх  ёстой. Сүүлийн үед шүүх, зарим нэг хүмүүсийн хэрэгтэй холбоотой асуудлыг УИХ шийдэхгүй байна гэх хандлага бас байх шиг байна. Энэ бол УИХ-ын шийддэг асуудал биш.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Өнөөдрийн УИХ өмнөх их хурлаас нэр хүнд нь хамаагүй их унасан, ард түмэнд тулгарч байгаа тодорхой асуудлыг шийдэж чадахгүй, чадамжгүй  гэж үнэлэгдэж байгаа. Ерөнхийлөгчийн тавьсан УИХ-ыг тараах хоёр удаагийн шаардлага бол зөв, зүй ёсны шаардлага бөгөөд Ардчилсан намын зөвлөл дэмжиж байгаа. Ардчилсан намын зөвлөл өмнө нь УИХ-ыг тараах санаачлага гаргаж, 10 гаруй гишүүнээр гарын үсэг зуруулсан байгаа. Ер нь бол УИХ-ын дарга тараах асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулаад санал хураавал Ардчилсан намын зөвлөл  дэмжиж санал өгнө гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Ерөнхийлөгч өчигдөр Үндсэн хууль зөрчиж, УИХ-ын тараах асуудлыг тавьж байна гэж үзэж байгаа. Ерөнхийлөгч УИХ-ыг тараах асуудлыг УИХ-ын даргатай зөвшилцсөний дараа УИХ-д оруулж ирж тавих ёстой. Ерөнхийлөгч ард түмнийг эвлэлж, нийлүүлэх, нэгдүүлэх, төрийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжиж ажиллах ёстой хүн гэж ойлгодог. Энэ утгаараа Ерөнхийлөгчийн гаргасан саналтай нийлэхгүй.

УИХ-ын гишүн Ч.Хүрэлбаатар:

-УИХ-ын ээлжит сонгууль болох хугацаа нэг жил, нэг сарын дараа болно. Одоо төрийг тогтвортой байлгах, үлдэж байгаа хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлаа дуусгах цаг хугацаа л байна. Төрийн тогтвортой байлгахгүй бол зарим улс шиг парламент нь байнга хөдөлж, тардаг, мөнхийн сонгууль болдог хэмжээний нөхцөл байдал үүсгэхгүй байх нь зүйтэй. УИХ сонгогдоод дөрвөн жил тогтвортой үйл ажиллагаагаа явуулах, төр тогтвортой  байх ёстой гэж үзэж байгаа учраас тарах саналыг дэмжихгүй. Мэдээж УИХ болохгүй, бүтэхгүй байгаа зүйл бий. Ирц бүрдэхгүй, удаашралтай явж байгаа зүйлүүд бий. Хурууны хээгээр санал хурааж байгаа нь гишүүдийг илүү хариуцлагажуулж байгаа учраас гишүүд ч гэсэн хариуцлагатай байх ёстой.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-Парламентын гишүүд бол ард түмнээс сонгогддог, тэдний төлөөлөл. УИХ ард түмнийхээ амьдрал, нийгэм эдийн засгийн чухал асуудлуудаа хэлэлцэж, батлах, түүндээ хяналт тавих үүргээ биелүүлээд явж байгаа. УИХ-д алдаа, оноо бий. Түүнийг засч, сайжруулаад үлдэж байгаа цаг хугацаагаа ашиглан төлөвлөсөн ажлуудаа хийх нь чухал болохоос төрийн тогтворгүй байдал бий болгох цаг үе гэж харахгүй байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж