МАХН –ын Бага чуулганаас өнөөдөр /2019.05.24/ Хэнтий аймгийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд МАХН-ын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэн 91.67 хувийн саналаар дэмжжээ. Санал хураалтад нийт 111 гишүүн оролцсон юм байна.
Онцлоход, МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 22-нд хуралдаж Бага хурлын товоо тавдугаар сарын 28-нд товлосон. Эрх баригч намын IV Бага хурлаар Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Удирдах зөвлөлийн хуралд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сүүлийн саруудад хийсэн судалгааны дүнг танилцуулсан бөгөөд энэ судалгааг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлжээ. Тиймээс эрх баригчид нөхөн сонгуульд намын даргаа өрсөлдүүлэх талд санал нэгдсэн гэх мэдээлэл байгаа юм.
УИХ-ын сонгуулийн 42-р тойрог буюу Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд улс төрийн 11 нам оролцохоор болж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд өгсөн. Нэр дэвшигчид энэ сарын 28-ны дотор тодорхой болж албан ёсоор сонгуульд нэр дэвших үнэмлэхээ СЕХ-ноос ирэх ирэх зургадугаар сарын 5-ны дотор гардаж авах ёстой юм.
Холбоотой мэдээ