Дулааны улирал ирж, хүмүүс амарч зугаалах нь ихсэж байна. Үүний сацуу аюултай, хортон шавьж амьтдаас болгоомжлохыг анхааруулж байна. “CNN” агентлаг өнөөдрийн нэгэн нийтлэлдээ могойны талаар сонирхолтой тоо баримт бүхий мэдээллийг хүргэжээ.
Уг нийтлэлд дурдсанаар дэлхий даяар таван минут тутамд 50 хүн могойд хатгуулж байдаг бол хоногт 200 хүн могойнд хатгуулсны улмаас амиа алддаг байна. Харин жилд 80,000-138,000 орчим хүн амиа алддаг бол 400,000 гаруй хүн хөдөлмөрийн чадваргүй болдог аж.
Их Британийн “Welcome trust” судалгааны байгууллагаас могойн хатгуур халуун орны халдвараас илүү олон хүний амь нас, бие эрхтэнд хор учруулж байгааг анхааруулжээ. Үхлийн хортой могойд хатгуулсны дараа нэн даруй эмнэлгийн тусламж авч чадвал амьд үлдэх тохиолдол байдаг ч алслагдсан хөдөө орон нутагт эмнэлгийн тусламж үзүүлэх үйлчилгээний газар цөөн эсвэл хол зайтай байдаг, түүнчлэн зөв ерөндөгөө сонгон хэрэглэж чаддаггүй учир цаг алдан амиа алддаг байна. Могойн хорыг эсэргүүцэх маш сайн чанартай ерөндөг гаргаж авах нь нэн тэргүүний асуудал болоод байгаа ба одоо хэрэглэж байгаа ерөндөгүүд нь 19 дүгээр зууны үед хэрэглэж байсан аргаас бараг өөрчлөгдөөгүй байгаа гэнэ.
Могойд хатгуулж амиа алдах нь анзаарагдахгүй хэрнээ маш том аюул гэдгийг ДЭМБ анхааруулжээ. Тус байгууллага могойд хатгуулахаас сэрэмжлэх боловсрол мэдлэг олгох, энэ төрлийн мэдээллийг түгээх, хатгуулсан өвчтнүүдийг анагаах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад ирэх 2030 он хүртэл 136 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төсөвлөсөн байна.
Эх сурвалж:CNN
Холбоотой мэдээ