Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас өнөөдөр сэтгүүлчдэд ээлжит мэдээллээ хийлээ. Тус газар найман хүнийг яллагдагчаар татахаар хэргийг нь Прокурорт шилжүүлсэн бол 37 хэргийг хаах саналтайгаар Прокурорт, мөн зарим дуулиант хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны өндөр албан тушаалтнаар 2016-2017 онд ажиллаж байсан О нь ажил гүйцэтгүүлсэн нэр бүхий хуулийн этгээдүүдтэй хувийн харилцаа үүсгэж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэг.
Нийслэлийн хот төлөвлөлт Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын хэлтсийн даргаар ажиллаж байсан Э нь “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”-г гаргахдаа албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд 20 сая төгрөгийн хахууль авсан гэх эрүүгийн хэргийг,
Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаар ажиллаж байсан С нэр бүхий иргэдэд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохдоо үндэслэлгүйгээр илүү тогтоож, хээл хахууль, шан харамж авсан, өгсөн гэх хэргийг,
Баянзүрх дүүргийн харьяа болон харьяаллын бус, мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг цэцэрлэгтээ авахгүй гэж хясан боогдуулж бусдаас хахууль авсан Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа дугаар цэцэрлэгийн удирдах албан тушаалтанд холбогдох хэргийг,
Төрийн банканд ажиллаж байсан удирдах албан тушаалтнууд 4.7 тэрбум төгрөгийн зээл гаргахдаа 98.000 ам.доллар хахуульд авсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналыг Прокурорт хүргүүлжээ.
Мөн өнгөрсөн сард 33400 албан тушаалтны ХОМ-ийн хураангуйг сайтад байршуулсан. Энэ нь иргэд ХОМ-ийг хянах, шүгэл үлээх бололцоог олгож байгаа. Иргэдээс энэ чиглэлийн гомдол мэдээлэл ирүүлбэл хүлээж авахад бүрэн нээлттэй.
ХОМ-ийг үнэн зөв мэдүүлээгүй таван албан тушаалтанд хариуцлага тооцсон байна. Албан тушаалтнууд нь өөрийн болон гэр бүлийн гишүүний хөрөнгө орлогыг үнэн зөв мэдүүлээгүй нь тогтоогдсон тул албан тушаалаас нь чөлөөлөх, цалинг нь бууруулах зэрэг арга хэмжээг авчээ. Үүнд:
МИАТ ХК-ийн Сургалтын хэлтсийн дарга Б.Амарсанаа
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын тасгийн дарга Н.Алтангэрэл
Санхүүгийн зохицуулах хорооны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэн
Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалт зохицуулалтын ахлах референт П.Ууганбаяр
Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Алтанчимэг нар юм байна.
Дараа нь сэтгүүлчдийн сонирхсон асуултад АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү хариуллаа.
-Нэг сайд арван сая ам.долларын авлига авсан гэх хэргийг шалгаж байна уу?
-Арван сая ам.долларын авлигын хэргийг шалгах ажил АТГ-т явагдаагүй. Үндсэн хуульд хүнийг шүүхээр гэм буруутайг нь тогтоох хүртэл гэм буруутайд тооцож болохгүй гэдэг зарчмын дагуу хүний нэр цохож мэдээлэл өгөх боломжгүй байна.
-Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын хэлтсийн дарга нар бусдыг хясан боогдуулж авлига авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь хэзээ дууссан юм бэ?
-Тус хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн. Яагаад энэ албан тушаалтнууд гэмт хэрэгт холбогдох болов гэдгийг судалж үзсэн. Өөрөөр хэлбэл, МХЕГ-ын албан тушаалтнуудын үйл ажиллагааг нарийн журамлаагүй байсан нь авлига авах нөхцөл байдлыг бий болгосон байсан. Иймд журамтай болгож авлига авах нөхцөлийг хаах ажлыг МХЕГ-аас хийж байна. АТГ-т шалгагдаж байгаа хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал байхгүй. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах үндэслэлгүй болдог.
-Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сантай холбоотой боловсруулсан саналыг хүлээгээд авахаар ахиад ашиг сонирхлын зөрчил гарахаар үндэслэл байна гэж байсан. Өнгөрсөн долоо хоногт тус сангийн шинэчилсэн журмыг баталсан. АТГ-аас тавьж байгаа шаардлагад шинэчилсэн журам нийцэж байна уу?
-АТГ-ын тавьсан шаардлагад 100 хувь нийцсэн гэвэл үгүй. Гэхдээ өмнөх зохицуулж байсан журмаас ахиц гарсан журам болсон. Өөрөөр хэлбэл, тухайн зээлийг ямар үндэслэлээр сонгон шалгаруулах талаар тусгаж өгсөн. Өмнөх журамд тухайн зээлийг сонгон шалгаруулах эрх бүхий бүлэг хүмүүс асуудалд өөрсдийн үзэмжээр хандах нөхцөл бүрдсэн байсан. Харин шинэ журмаар олон асуудлыг тодорхой гаргаж өгсөн. Мөн улс төрийн болон улс төрд нөлөө бүхий этгээдүүд тухайн сангаас зээл авах эрхийг хязгаарласан гэх мэт авлига ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн заалтууд орсон. Хэтэрхий нарийн заалтаар зохицуулчихвал дээрх асуудал эрсдэл гарах боломжтой. Зарим талаараа эргээд зээл авах гэж байгаа иргэн аж ахуйн нэгж байгууллагын эрхийг хязгаарласан заалтууд орох боломж бүрдүүлнэ .
-Эрдэнэтийн 49 хувийн хэрэг ямар шатанд явж байна вэ?
-Нийгэмд хүлээлт үүсгэсэн хэргүүд прокурорын хяналтад доор шалгагдаж байгаа. Яг тодорхой хэрэг дээр мэдээлэл өгөх боломжгүй байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ