Монголчуудад элэгтэй Нарендра Моди дахин ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Монголчуудад элэгтэй Нарендра Моди дахин ялалт байгууллаа

Монголчуудад элэгтэй Нарендра Моди дахин ялалт байгууллаа

-АНХ УДАА ЭРХ БАРИГЧИД ДАНГААРАА ОЛОНХ БОЛОВ-

Зургаан долоо хоногийн турш долоон үе шаттайгаар үргэлжилсэн Энэтхэгийн бүх нийтийн сонгуульд эрх баригч “Бхаратия Жаната” нам илт давуу байдлаар түүхэн ялалт байгуулав. Тус нам парламентын 542 суудлын 300 орчмыг авсан нь 2014 оны сонгуулийн дүнг давсан үзүүлэлт аж. Энэ удаагийн сонгуульд 600 сая гаруй сонгогч оролцож, саналаа өгчээ.

Нарендра Моди Ерөнхий сайдын албан тушаалаа ийнхүү дахин таван жилийн хугацаагаар хаших болсон бөгөөд ард түмэндээ хандан талархал илэрхийлсэн байна. Тэрбээр “Бид шинэ Энэтхэг улсыг бүтээхийг хүсэж байна. Та бүхэндээ мэхийн ёсолж, талархал илэрхийлье” гэжээ.

Моди сонгуульд ялалт байгуулсан тухайгаа пүрэв гаригийн орой Шинэ Дели хотод цугласан олны өмнө мэдэгдсэн бол Рахул Гандигаар удирдуулсан сөрөг хүчний гол нам болох Конгресс нам ялагдлаа хүлээн зөвшөөрсөн байна.

“Бхаратия Жаната” нам 2014 онд парламентад 282 суудал авч байсан нь сүүлийн 30 жилийн турш аль ч нам эвслийн байгуулаагүй ялалт болжээ.

Энэтхэгийн Гадаад хэргийн сайд орон нутгийн цагаар пүрэв гаригт твиттер хуудастаа “Бхаратия Жаната том ялалт байгууллаа” хэмээн жиргэсэн байна.

АВС агентлаг “Энэтхэгийн Сонгуулийн хорооны мэдээлснээр, Ерөнхий сайд Нарендра Модигийн удирдаж буй “Бхаратия Жаната” нам 292 суудал авсан бол бусад барууны баримжаатай улс төрийн намуудтай эвссэн дүнгээрээ Модигийн намын тэргүүлж буй Үндэсний ардчилсан эвсэл нийт 324 суудлын дэмжлэг авчээ” гэж мэдээлжээ.

Энэтхэгийн парламентын доод танхимын 542 суудлаас олонх болоход 272 суудалтай байх шаардлагатай. Эдүгээ Энэтхэгийн эрх баригч нам ийн олонхын дэмжлэг авснаар тус улсад 1984 онд нэг нам олонх болж байснаас хойш анх удаа дахин эрх баригчид дангаараа олонх болсон байна.

-НАРЕНДРА МОДИГИЙН УЛС ТӨРИЙН ЗАМНАЛ-

Индра Гандигаас хойш Энэтхэгийн хамгийн нэр, нөлөө бүхий хүнээр нэрлэгдэж буй тэрбээр намд элссэнээсээ хойш олон жил ухуулагчаар ажиллажээ. 1960-аад оны дундуур Энэтхэг, Пакистаны хооронд өрнөсөн дайны үед сайн дурын цэрэгт татагдан, төмөр замын буудалд ажиллаж байсан аж. Мөн 1967 онд Гужарат муж үерт автаж ихээхэн сүйрэл болоход нэрвэгдсэн хүмүүст чин сэтгэлээсээ тусалж явсан нь түүнийг хожим маш сайн зохион байгуулагч, нэр хүндтэй хүн болоход нөлөөлжээ.

Моди 1970-аад оны дундуур ардчилал, хүний эрхийн төлөө тууштай тэмцэж, хэд хэдэн томоохон үйл ажиллагааг зохион байгуулж чадсан нь ихээхэн нэр хүндийг ард олны дунд авчирсан байна.

1975-1977 онд тухайн үеийн Ерөнхий сайд Ганди улс даяар онц байдал зарлаж, улстөрийн намуудын үйл ажиллагааг зогсоосон бөгөөд энэ үед Моди “Гужарат дахь онц байдал” хэмээх анхны номоо бичжээ. Үүнээс түүний улстөрийн туршлага хэр их байсныг харж болох аж.

Тэрбээр 28 настайдаа Делигийн их сургуулийг улстөр судлалаар дүүргэж, 1983 онд магистрын зэрэг хамгаалжээ. Моди 1987 онд буюу 37 насандаа “Бхаратия Жаната" намд элссэнээр улстөрийн замнал нь эхэлсэн байна. Харин 1995 онд буюу 45 насандаа намынхаа нарийн бичгээр сонгогджээ.

2001 оны орон нутгийн сонгуулиар “Бхаратия Жаната" намаас нэр дэвшигч Кешубхай Пател эрүүл мэндийн шалтгааны улмаас Гужарат мужийн захирагчийн суудлаас огцорч, ээлжит бус сонгууль зарлагдсан байна. Энэ үед тус мужид хариуцлагагүй, авлигад идэгдсэн засаг захиргаа ноёлж, ард иргэд нь ядуу зүдүү амьдарч байсан аж. Мөн тус онд Гужарат мужийн Буж гэх жижиг хотод 7.7 баллын хүчтэй газар хөдөлж, хэдэн арван байшин барилга нурж, 2370 хүн амь насаа алджээ.

Ийм хэцүү цаг үе ирэхэд “Бхаратия Жаната" нам шинэ нэр дэвшигчийг хайж эхэлсэн байна. Улмаар Нарендра Модиг сонгож, 2001 оны аравдугаар сарын 3-нд Гужарат мужийн захирагч асан Пателийн оронд түүний нэрийг дэвшүүлэн, 2002 оны сонгуульд бэлтгэж эхэлжээ. Сонгууль болж, 14728 хүний саналаар Моди ялж, Энэтхэгийн Үндэсний Конгресст сонгогдсон байна. Модиг Гужарат мужийн захирагчаар ажиллаж байх үе буюу 2002 онд бослого гарч, 2000 орчим хүн амиа алдаж байсан нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байжээ.

МОДИ: МОНГОЛ АНД НӨХДӨӨ ГҮНЭЭ ҮНЭЛЭН ХҮНДЭТГЭЖ ЯВДАГ

Нарендра Моди одоогоос дөрвөн жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Энэ үеэр тэрбээр Монгол Улсын Их хурлын Хүндэтгэлийн хуралдаанд оролцож үг хэлэхдээ “Миний бие оюун санааны хөрш 1.25 тэрбум анд нөхдийн тань халуун мэндчилгээг энэ хүндтэй танхимд тээж ирлээ.

Оюун санааны хөрш байхаас илүү хүний харилцааны эрхэм дээд хэлбэр гэж үгүй ээ, мөн үүнээс илүү шүтээнлэг хэлхээ холбоо ч гэж үгүй билээ. Биднийг оюун бодолдоо тийнхүү тээж явдагт Энэтхэгчүүд бид Та бүхэнд нэн хүндэтгэлтэй байдаг.

Хувь хүний болон улс үндэстний амьдралд сайн анд найз нөхөд шиг үнэт бэлэг үгүй ээ. Тиймээс ч би нийт үндэстнийхээ өмнөөс Монгол анд нөхдөө гүнээ үнэлэн хүндэтгэж явдгаа илэрхийлье.

Хоёр мянган жилийн тэртээ Энэтхэгээс лам нар энэ сайхан нутагт Бурхан багшийн сургаалыг тээн, хүнд бэрх бөгөөд урт зам туулж ирж байжээ. Олон хүн эндээс оюуны мэдлэг эрэлхийлэн халуун Энэтхэг оронд очиж байжээ.

Хүний үзэл санаа, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан олон зууны тэртээ агуу монголчууд Ази, Европыг хооронд нь холбосон билээ. Тэдний эрэлхэг зориг, адал явдал өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн ой тойнд үлдэн хоцорчээ. Хүн төрөлхтний түүхэн дэх тэдний нөлөө асар их юм.

Түүхийн эргүүлгэд Та бидний соёл, утга зохиол, урлаг хоорондоо хэрэн холбогдож, Энэтхэг соёлын олон янзын баялаг өнгө төрх Монгол газар ул мөрөө тод үлдээжээ. Өнөөдөр Энэтхэг, Монгол хоёр орны хооронд тогтсон зүрх сэтгэл, оюун санааны харилцаа нь орон зайн саадыг давах хүчтэйг дэлхий дахинаа нотлон харууллаа” хэмээн хэлж байв.

Эх сурвалж: ВВС, Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж