“Сүү” ХХК-ийн “Амтлаг” тарагнаас хулгана гарсан гэх гомдлыг иргэн Б гаргаж, Мэргэжлийн хяналтын байгууллага дээж авч, шинжилсэн бөгөөд шинжилгээний хариу гарчээ. Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын газрын лабораторийн шинжилгээгээр хулгана үйлдвэрийн орчинд ууттай тараг руу орсон бус гэрийн нөхцөлд орсон гэж үзжээ. Шинжилгээний дүгнэлтийг Нийслэлийн прокурорт шилжүүлсэн тул ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй гэж холбогдох албаны хүмүүс хэлэв.
Мэдээллийг цахим орчинд түгээсэн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны иргэн Б нь “Баянзүрхийн товчооны ойролцоох “Сансар” худалдааны төвөөс "Амтлаг" тараг худалдаж аваад хүүхдэдээ өгөөд дуусахын алдад, ууттай таргийн амсар бөглөрсөн. Үзтэл үхсэн хулгана гарч ирсэн” гэж ярьж байв. Түүний хэлснээр таргийг задалснаас хойш хоёр хоног гэрийн хаяанд тавьсан байсан гэх ба хулгана орох боломжгүйгээр амсрыг нь задалсан хэмээн мэдэгдэж, Мэргэжлийн хяналтын байгууллага, Халдвар судлалын үндэсний төвд тус, тус гомдол гаргасан юм. Уг асуудал өнгөрсөн сарын 28-нд олны анхаарлын төвд орж, олон нийтийг талцуулсан юм.
Холбоотой мэдээ