Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

LiveОнцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдлаа

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдлаа
18 : 39
2019-5-24

Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдлаа

Чуулганы үдээс хойших хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг тус тогтоолын төслөөр завсарлага авлаа.

Дээрх тогтоолын төслөөр “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Нийт 40 сургуульд шинээр гал тогоо барих, 170 сургуулийн гал тогоонд засвар үйлчилгээ хийх, 430 сургуулийн гал тогоонд тоног төхөөрөмж нийлүүлэх шаардлагатай гэсэн тооцоо гарчээ.

Бага ангитай бүх сургуульд үдийн цайны тогооч болон туслах тогооч ажиллуулахаар тооцоо хийсэн байна. Бага ангитай 663 сургуульд 1 үдийн цайны тогооч, бага ангийн 1000 хүүхэд бүрт 1 туслах тогооч байхаар тооцвол нийт 626 тогооч, 686 туслах тогооч шаардлагатай гэсэн дүн гарчээ.

Бүх төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрт 1 хоол зүйч ажиллахаар тооцвол нийт 652 “Хоол зүйч” шаардлагатай болж байгаа юм байна.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд орон нутгийн болон үндэсний үйлдвэрлэлийн түүхий эд, бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх, гаднаас импортоор авч хэрэглэх хүнсний зүйлсийн жагсаалтыг баталж өгөхөөр төсөлд тусгасныг ажлын хэсгийнхэн онцолж байлаа.

Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг удирдан зохион байгуулах “Хоол зүйч” нь сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд зохистой дадал нэвтрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулж, хяналт тавихаас гадна хоолны  цэс боловсруулж, сургуулийн захирлаар батлуулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд оролцогчдод мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх аж. Түүнчлэн суралцагчдад хооллох зөв дадал, хооллох соёл, тэнцвэртэй хооллолт, шимт бодисын тухай суурь ойлголт, уламжлалт хоолны соёл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын чиглэлээр мэдлэг эзэмшүүлэх үүрэг хүлээх аж.

Хоол зүйчийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн бэлтгэх ажлыг зохион байгуулах, өдрийн хоолны үйлчилгээнд бага ангийн суралцагчдыг 2020-2021 оны, дунд ангийн суралцагчдыг 2021-2022 оны, ахлах ангийн суралцагчдыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн хамруулахаар тусгажээ.

Дараа нь Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх үеэр үеэр асуулт асуух гишүүн байгаагүй тул тус тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр  бүхэлд нь  баталъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганд оролцсон 38 гишүүний  68.4 хувиар дэмжигдлээ. Үүгээр тогтоолын төслүүд батлагдсанаар чуулганы хуралдааныг хаалаа.

17 : 52
2019-5-24

Б.Бат-Эрдэнэ: Банкны эзэд нь УИХ-д сууж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж зарчмын зөрүүтэй томьёоллоор санал хураалт явуулснаар эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн асуудлыг зохицуулж байгаа боловч Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт “Улсын Их Хурал … хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахдаа Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг баримтална” гэж заасан.

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран найм, Жаран есдүгээр зүйлд заасан үндэслэлийн дагуу хянан шийдвэрлэх үйл ажиллагааны зарчим, журмыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар тодорхойлон зохицуулсан байдаг.

Гэвч УИХ-аар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхэд дээрх хуульд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн нарийвчилсан, үе шат тус бүрийг хэрхэн хэлэлцэх, тухайлбал, Байнгын хороогоор хэлэлцэх дараалал, Байнгын хороодын гишүүдийн ирц, санал хураалт явуулах босго зэрэг дэгийн асуудлыг тусгайлсан зохицуулалт байхгүй байгаагаас үл ойлголцол үүсэх, мухардалд орох, эсхүл дур зоргоороо тайлбарлах зэрэг зөрчил бий болж Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн зарчим, журам алдагдах нөхцөл бий болж болзошгүйг үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд  Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх, Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх; Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг зөвхөн нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэж байх,  Байнгын хороо хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг зүйл, хэсгийн заалт бүрээр хэлэлцэж байх,  УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан дээр асуулт асуух, үг хэлэх бол энэ тухайгаа урьдчилан мэдэгдэж дараалалд орох, хэлэх үг нь үнэн, бодитой, судалгааны үндэслэлтэй мэдээлэлд тулгуурласан байх, үг хэлэхдээ индрээс хэлэх зэрэг зарчмын саналуудыг тусгажээ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:

Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслийн талаар иргэдийн дунд буруу ойлголтыг өгөөд байна. Гишүүн чуулганы хуралдаан дээр үг хэлэхдээ индэрт гарч үг хэлнэ, босож үг хэлнэ гэх мэт зохицуулалтыг тусгасан онцын ач холбогдолгүй хууль гэж олон нийтэд ойлгогдоод байна. Уг нь энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр 20 гаруй зарчмуудыг тусгаж, байнгын хороо, УИХ-ын үйл ажиллагааг ажил хэрэгч болгох ийм зохицуулалтууд орсон. Хуулийн төсөл дээр бусад улс орны туршлагыг судлан эрдэмтэн, судлаачид нэлээн сайн ажилласан. Индэрт гарч үг хэлнэ гэсэн заалтыг нь анхны хэлэлцүүлгийн үеэр засах боломжтой. Хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон чухал заалтуудын нэг болох тухайн хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг байнгын хороогоор биш  нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцдэг байхаар оруулж ирсэн.  Одоо бол байнгын хорооны 10 гаруй гишүүн тухайн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг  нь учир дутагдалтай гэж үзсэн. Мөн хуулийг зүйл, заалт тус бүрээр нь хэлэлцдэг байх саналыг тусгасан. Ингэснээр чанартай хууль гарах болно.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Уг хуулийн талаар хэвлэлээс авсан мэдээллийн түвшинд байна. УИХ-ын чуулганы хуралдаан дээр гишүүд үг хэлэх эрхгүй болох юм байна. Цөөхөн хэдэн гишүүн үг хэлэх нэрээ урьдчилан өгч индэр дээр гарч үг хэлэх юм байна гэсэн ойлголттой байна. Хуулийн төсөлтэй сая танилцахад дэвшилттэй заалтууд нэлээд тусгагджээ. Ер нь аливаа зүйл тухайн хувь хүний хандлагатай нь  шууд хамааралтай. Бид саяхан Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж татварын төлөгчдийн өч төчнөөн хөрөнгөөр буюу 600 сая төгрөгөөр хурууны хээгээ уншуулах төхөөрөмж суурилуулсан. Ингэлээ гээд чуулган, байнгын хорооны үйл ажиллагаа, гишүүдийн ирц нэмэгдэж байна уу гэвэл байдал хэвээр л байна. Үүний цаана хүнтэйгээ л холбоотой.

Ер нь өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа хүмүүс байна уу, энэ дотор. Дандаа уул уурхай, банкны салбарын хүмүүс байна. Ялангуяа УИХ-д банкны эзэд олон байна.

Одоо чуулганы хуралдаанаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Мөн Төрийн байгуулалтын байнгын хороо  хуралдаж, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үүний дараа тус тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн батлах юм.  

16 : 07
2019-5-24

“Төр бодлогын баримт бичгүүддээ анхаардаггүй нь илт байна”

Баасан гаригийн чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Б.Баттөмөр, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат нараас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгын хариуг сонсож байна.

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тус бодлогын баримт бичигтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Жил гаруйн хугацаа өнгөрсний дараа асуулгын хариуг сонсож байна. Танилцуулгаас харахад асуулгын хариуны холбогдол нь буурсан байгаа учраас тодруулах зүйл байна. Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийГ улсын төсөвтэй уялдуулан хэрэгжүүлнэ гэсэн үүргийг Засгийн газраас өгсөн. Энэ үүргийн хэрэгжилт ямар байна вэ. Монгол Улсын бодлогын 500 гаруй баримт бичгийн тал нь хүчинтэй, үлдсэн нь хүчингүй. Эдгээр баримт бичгийг хэрхэн цэгцэлж байгаа вэ. Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг удирдан зохион байгуулах, хяналт, шинжилгээ үнэлгээ хийх байнгын бүтцийг бий болгож гэсэн үүргийн хэрэгжилт нь ямар байна вэ. Төрийн байгуулалтын байнгын хороо хяналт тавих чиг үүрэгтэй.

Ажлын хэсэг:

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг үндэсний, салбарын, салбар хоорондын баримт бичгүүдэд тусгах үүргийг Засгийн газарт өгсөн. Үүний хүрээнд Үндэсний хөгжлийн газраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг салбарын, салбар дундын бодлогууддаа  уялдуулах аргачлалыг боловсруулж  Тогтвортой хөгжлийн баримт бичгийг боловсруулах нийтлэг журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ оны нэгдүгээр сараас эхлэн Монгол Улсад хүчинтэй үйлчилж байгаа бүх бодлогын баримт бичгүүдийн уялдааг үнэлэх ажил хийгдэж байна. Одоогоор урьдчилсан тайланг гаргаж, ирэх сарын эхний долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар танилцуулна. Шаардлагатай тохиолдолд хүчинтэй баримт бичгүүдийг шинэчлэх, хүчингүй болсныг нь сайжруулах чиглэлийг холбогдох удирдлагууд гаргахаар ажиллаж байна.

Урт хугацааны бодлогыг салбаруудын хооронд уялдаа холбоотой хэрэгжүүлэхийн тулд дунд хугацааны төлөвлөгөөг бий болгох шаардлагатай. Үүний хүрээнд Үндэсний хөгжлийн газраас сүүлийн хоёр жилийн хугацаанд тодорхой судалгаануудыг хийсэн. 2025 он гэхэд үзэл баримтлалын дагуу аль салбараа нэн түрүүнд хөгжүүлэх үү гэдгийг судалж судалгааны таван боть тайланг гаргасан.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

Үзэл баримтлалын хэрэгжилтийг сонсоход жилийн хугацаа алдсан. Энэ нь юуг харуулж байна вэ гэхээр төр бодлогын асуудлуудаа анхаардаггүй, тоодоггүй эсвэл мэддэггүй л илтгэж байна. Хөгжлийн баримт бичгийг дахин тодотгох, шинэчлэх эрх нь Засгийн газарт байгаа ч энэ чиглэлд дорвитой зүйл хийгээгүй нь тайлангаас нотлогдож байна. нэгдүгээр үе шатны ажлыг дүгнэхэд нийт 40 зорилтоос 28 зорилт  хэрэгжээгүй нь 70 хувийн  хэрэгжилтгүй, 12 буюу 30 хувь нь хэрэгжих шатандаа байна гэж дүгнэсэн байна. 30 хувь гэдэг бол 2020 он гэхэд юу ч хийж амжихгүй учир зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Хэрэв шинэчлэх бол ямар өөрчлөлтийг хийх вэ. Мөн Засгийн газар дунд хугацааны зорилтын баримт бичгээ огт хийгээгүй байна. Энийг хариуцдаг байгууллагад хариуцлага тооцох уу, Эрчимжсэн мал аж ахуйн цэвэр үүлдрийн үхрийн тоог 2020 он гэхэд 100 мянган толгойд хүргэсэн гэсэн зорилтоо хангасан уу.

Ажлын хэсэг:

Ерөнхий сайдын захирамжаар “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг илүү урт хугацаанд 2045 он буюу нийт 25 жилийн бодлогын баримт бичиг боловсруулах шийдвэрийг гаргасан. Үүнтэй холбоотойгоор яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох агентлагуудыг хамраад нийт 150 орчим хүн ажлын хэсэгт ажиллахаар нэрээ өгсөн. Зургаан дэд ажлын хэсэг гаргана. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байгаа.

13 : 47
2019-5-24

Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй

chuulgan (1)

Ингээд гишүүд үг хэлж, асуулт асууж дууссаны дараа санал хураалт явуулахад 64.1 хувиар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн ч МАН-ын бүлгийн дарга зарим гишүүд санал хураалтад оролцсонгүй тул дахин санал явуулж өгнө үү гэсэн горимын саналыг гаргав. Уг горимын саналыг гишүүдийн олонх буюу 65.9 хувиар дэмжсэн тул дээрх саналыг хүчингүй болгов.

Ингээд дахин Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн саналын  томьёоллоор санал хураахад 71.8 хувиар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

12 : 57
2019-5-24

“Төсвийн байнгын хорооны дарга нь хүртэл дампуу хууль болсон гэж хэллээ”

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн  зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дууссанаар эцсийн шилжүүлэгт шилжүүллээ.

Үргэлжлүүлэн  Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон тэдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь  хоригт тавьсан билээ. Төсвийн Байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо өнөө өглөө хуралдаж,  Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн юм.

Чуулганы хуралдаан дээр хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

“Татварын багц хуулийн төслийг Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх явцад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд үндэсний эрх ашигт үл нийцэх, сөрөг үр дагавар бүхий ноцтой олон асуудал тусгагдсаныг засаж залруулах шаардлагатай гэж үзэн, тодорхой саналууд хүргүүлсэн боловч үр дүнд бүрэн хүрсэнгүй.

Түүнчлэн бизнесийн байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалдаг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимаас “Татварын багц хуулийн төслийг боловсруулахаас эхлэн Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх хүртэл бүх шатанд Монгол Улсын Засгийн газартай хамтран ажилласан, бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, хууль боловсруулах ажлын хэсэгт удаа дараа хүргүүлсэн, гэвч уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, улс орны эдийн засагт сөрөг үр дагавар учруулах олон асуудал дагуулахаар батлагдсан гэдгийг онцлон” татварын багц хуулиас Татварын ерөнхий хууль болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хориг тавьж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэнтэй санал нэг байгаа тул тус хуулиудыг дахин нягталж үзэх боломжийг Улсын Их Хурлын гишүүдэд олгох нь зүйтэй гэж үзлээ” гэдгийг хоригт дурджээ.

Хоригтой холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Д.Оюундарь:

Бүхэлд нь хориг тавихын оронд хэсэгчлэн хориг тавьсан бол хүлээж авах боломжтой байсан. ААНОАТ-ын хуульд нэгдүгээр хориг буюу гадаадын хөрөнгө оруулагч компаниудыг таван хувийн татвартай болгосон гэдэг гэж хоригт тусгасныг хүлээж авах боломжтой санал. Мөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр Монгол Улс үндсэндээ татвар авч чаддаггүй. 17 гэрээ, хэлэлцээр хийснээс одоогоор хоёр нь хүчин төгөлдөр байгаа. Гишүүдийн хэлсэнчлэн Эрдэнэт үйлдвэр Оюутолгойгоос гурав дахин бага үйл ажиллагаа явуулдаг атлаа Оюутолгойгоос гурав дахин өндөр татвар төлж байна гэдгийг хэлж байна. “Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг хоригийн хувьд хүлээж авах боломжгүй гэж бодож байна. Хоригийн гуравдахь үндэслэлд  Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны орлогоос зардал хасахгүйгээр 30 хувийн татвар ногдуулж байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа одоогийн хуулийн нөхцөлийг дордуулан гэсэн байна. Үүнтэй би санал нийлж байна. Өртөг, зардлуудаа хассаны дараа 10 хувийг татвар ноогдуулж байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүнд ямар нэгэн байдлаар нэмүү өртөг үүсгэхгүйгээр уул уурхайн салбараас хууль бусаар ашиг олох үйл ажиллагааг нь дэмжсэн хуулийн заалт орсныг эргэж харах шаардлагатай.Магадгүй Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэсэн санал гарлаа ч гэсэн дараа нь дээрх заалтуудыг эргэж харахгүй бол болохгүй.  

Мөн шинэ хуульд  уул уурхайн компаниуд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл тус бүрээрээ татварын тайлан гаргаж болохоор зохицуулсан нь олон улсын практик. Нэг газраа ашигтай, нөгөө газраа ашиггүй ажиллах зэрэг тохиолдол бий. Гэтэл жижиглэн буюу тус бүрээр нь  тайланг гаргуулах нь зохимжгүй хэлбэр. Үүнийг мөн эргэж харах нь зөв гэж харж байна.

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

Татварын багц хууль бол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөшүүрэг болсон хамгийн чухал хууль. Энэ хуулийг Зас гийн газар,Сангийн яам маш хариуцлагагүй оруулж ирсэн. Хуулийн хэлэлцүүлгийн шатанд олон зүйл, заалтыг Г.Тэмүүлэн гишүүн бид хоёр засаж, зарчмын зөрүүтэй санал гаргаж дэмжүүлж байсан. Гэвч олон зүйл, заалт үлдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газраас 14 зүйл, заалтад  хориг тавьж оруулж ирлээ. Хоригт тусгагдаагүй ч зарчмын хувьд зайлшгүй хориглох ёстой зүйл заалтууд бий. Тухайлбал, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг төлөөллийн газраас бусад  татвар төлөгчөөс 20 хувийн татвар авна гэж оруулсан. Татварын хуулиар гаднын хөрөнгө оруулагчдыг татах хөшүүрэг болохоос биш өрийн хэрэгсэл, зээлийн хүүг дэмжсэн хууль байж болохгүй. Мөн татварын байцаагч акт тавьж, татварын өртэй иргэн, ААН-ийн хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр хураана гэж тусгасан нь бусад хуультай харшилна. 1930 онд бусдын хөрөнгийг хураадаг байсан байх шүү.  Төсвийн байнгын хорооны дарга нь сая үүдэнд дампуу хууль болсон гэж хэлсэн. Тэгээд яагаад байнгын хорооны хуралдаанаар хоригийг хүлээж авахгүй гэж кноп дарсан юм бэ.  Намын бүлэг дээр яаж шийдсэн нь хамаагүй. Улс орны эрх ашиг хамгийн эхэнд байх ёстой. Татварын хуулиа бид сайн ойлгож унших хэрэгтэй. Ийм хууль баталснаас энэ УИХ тарсан нь дээр шүү.

Ажлын хэсэг:

Төлөөллийн газрыг бүртгэж авна гэдэг чинь Монгол Улсад татвар төлөгчөөр бүртгэж авч байна гэсэн үг. Энэ төлөөллийн газар нь манай улсын бусад компаниудтай ижил тайлангаа гаргаж, борлуулалтын орлогоос зардлаа хасаж ашгаасаа 10, 25 хувиар татвараа төлж байгаа. Татвараа төлснийхөө дараа ашгаа гадагш шилжүүлэх юм бол дахин 20 хувийн татвар төлнө. Ингэснээр төлөөллийн газруудад чанга хууль болсон.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хоригт тусгагдсан Оюутолгой ХХК-ийн тухайд 10 гаруй жилийн өмнө л яригдсан асуудал шүү дээ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд УИХ-ын гишүүн байх үед Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ буруу замаар явлаа шүү гэдгийг хэлж байсан цөөхөн хүмүүсийн нэг. Яг л энэ замаар явж ирлээ. Тухайн үед гэрээ байгуулахад татвар, ногдол ашгийг урьдчилан тооцоод Монгол 34 хувьдаа ямар ч төлбөр төлөхгүй авах тухай УИХ-ын тогтоолын төсөл байсан. Харамсалтай нь үүнийг тухайн үеийн эрх баригч өөрчилсөн. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаас асуухад Оюутолгойн асуудалд таны өмнөх байр суурь хэвээрээ юу.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:

Оюутолгойн гэрээний хэрэгжилтэд хийсэн шалгалтын материалтай танилцаагүй учир мэдэхгүй байна. Татварын хуулийн гол зорилго бол баялгаа ашиглуулж байгаагийнхаа хувьд татвараа бүрэн дүүрэн авах ёстой. Авахааргүй санаатай зохицуулсан үйлдлийг зогсоохын тулд Ерөнхийлөгч хориг тавьсан. Хуучин хуулиар төлөөллийн газраа байгуулж байж үйл ажиллагаа явуулан татвараа өгдөг байсан бол одоо бол эцсийн эзэмшигч, жинхэнэ эзэмшигч гэсэн хоёр үгийг сольсноос давхар гэрээнээс зугтах татвар төлөх үүргээ биелүүлэхгүй байх боломжийг олгосон.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

Дийлэнх асуудал нь гадаадад бүртгэлтэй ч юм уу шууд хэлбэл Оюутолгойтой холбоотой л хэлэлцүүлэг болчхоод байна. Татварын хууль дээр сайжруулах зүйл байгаа шүү.Алдаа онооноос суралцаж цаашид дунд, урт хугацаандаа алдаагаа давахгүй байхын тулд хуулийн цоорхойгоо хааж хууль эрхзүйн орчноо сайжруулах тал дээр анхаарах шаардлага байгаа шүү. Ерөнхийлөгчийн хоригийн гуравдугаарт тусгагдсан асуудлаар би хэлэлцүүлгийн үед тухай үед хэлж байсан. Оюутолгой төслөөс бидний хүртэх ёстой ашгийн 69  хувиар л татвар авч байгаа. харилцаа, хамаарал бүхий этгээдүүд, гадаадад бүртгэлтэй зэрэг энэ бүхэнд анхаарах асуудал бий. Ашиг хүртэгч, эцсийн өмчлөгчийн асуудлыг бид хуульд оруулж өгөх гэж оролдсон ч  дутуу тал бий. Ашиг хүртэгч, эцсийн өмчлөгчийн мэдээллийг ил тод байлгах тал дээр хэд хэдэн үе шаттай арга хэмжээг авч ойрын үед ил тод болгох асуудлыг цэгцлэхгүй бол дахиад л уул уурхайн салбартай холбоотой авлигал хээл хахуул гарсаар байх болно. Гэрээг байгуулахдаа эцсийн эзэмшигчтэй нь байгуулдаг байх энэ эрх зүйн орчин руу орох ёстой.

10 : 10
2019-5-24

“М.Энхболд даргыг огцруулснаас хойш УИХ бүр гөлийчлөө”

Л.Болд Батзандан

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Улс эх орны тулгамдсан асуудлуудтай холбоотой, иргэд олон нийтийн санааг зовоож буй асуудлыг УИХ дээр ярих зайлшгүй шаардлагатай байна. Ний нуугүй хэлэхэд хэдхэн сарын өмнө УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулчихвал энэ төр сайхан болно гээд олон хүн итгэж байсан. Г.Занданшатар таныг УИХ-ын дарга болгосон. УИХ-ын үйл ажиллагаагаа нэг гөлөрчхөөд, явахгүй байна даа. Иргэд, олон нийт ч хэлж байна. Нийгэмд их хүлээлт байна. Нэг л том тэсрэлт  гарч өгөхгүй байна. Өөрчлөлтийн салхи чинь мэдрэгдэхгүй байна. УИХ бүр гөлчийлөө гэж иргэд хэлж байна. Ерөнхийлөгч өчигдөр биднийг дуудаж уулзсан. Архидалтаа болиоч ээ гэж хэлж байна. Архидалтаас чинь болж хүний аминд хүрээд байна гэж хэллээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүд нь ордноор архи уугаад яваад байсан гэдэг мэдээлэл Ерөнхийлөгчид хүрсэн байна. Зүгээр орж ирсэн иргэдийг хүртэл архиар шахаж байгаад амь насанд нь хүрсэн гэдэг ойлголт ард түмний дунд очсон байна. Энэ асуудлаа бид ярих ёстой. Яаж УИХ-ын гишүүд нь сахилга батаа сайжруулах вэ гэдгээ ярих хэрэгтэй. М.Энхболд гэдэг хүнийг бид боорлосоор байгаад огцруулсан. Одоо УИХ-ын ажил яаж сайжирсан юм бэ. Манан-г зайлуулчихвал Монгол сайхан болно гээд МАНАН бүлэглэлийн зарим дарга нарыг зайлуулсан нь үнэн. Сайжраад байгаа зүйл харагдахгүй байна. Одоо шүүхээ өөрчлөхгүй юм уу. Дутуу алсан могой шиг дутуу хаяж болдог юм уу. Хуулийн байгууллагыг шинэчлэх эрхийг нь төрийн гурван өндөрлөгт өгсөн. Хийвэл хийсэн шиг хий, хийж чадахгүй юм бол ард түмэндээ үнэнээ хэл. Өнөөдөр ард түмний ихийг хүлээж байгаа шүү. УИХ өдөр өнжүүлэх биш.  УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ыг удирдсан шиг удирдаж томоон ажлуудаа хиймээр байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

Чуулганы үдээс хойших хуралдаан дээр Ерөнхий сайдыг байлгамаар байна. Ерөнхий сайд хаана явж байна вэ. Хэнтий, Ховд явлаа гэдгээс хойш сураг алдарлаа. Хотод УИХ-ын дарга нь Ерөнхий  сайд мэт Туул гол, төрийн байгууллагуудаар явж харагдах юм. Ерөнхий  сайд юу хийж байгааг гаргамаар байна. Мөн Дэгийн тухай хууль хэлэлцэхийг хойшлуулмаар байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

УИХ-аас 2015 онд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг баталж 2016 оны нэгдүгээр сараас эхлэн мөрдсөн.

2017 онд Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Н.Амарзаяа, Д.Оюунхорол, Д.Эрдэнэбат бидний зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулга тавьсан. Уг асуулгын хариу 2018 оны эхээр ирсэн. Өнөөдөр хэлэлцэхээр тоонууд нь хуучирсан байна. Тиймээс шинэчилж дараагийн удаад хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байгаа учир хойшлуулах санал гаргаж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар:

Шүүх эрх мэдэл УИХ-аас хамаарахгүй. Ж.Батзандан гишүүний асуулт оновчгүй байна. УИХ хэрхэн ажилласнаас нийгмийн сэтгэл зүй хамаарч байна. Та бүхний үйл ажиллагаанаас парламентын үйл ажиллагаа шууд хамаана. Үг хэлэх гэж байгаа гишүүд хариуцлагатай бай. Гишүүд хариуцлага, сахилгагүй байвал УИХ өөрөө тарах асуудлыг тавьж болно.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр гишүүний гаргасан Тогтвортой хөгжлийн зорилт-2030” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээний талаар тавьсан асуулгыг хариуг хойшлуулъя гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад дэмжигдсэнгүй хэвээр үлдээв.  

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо хуралдаж байгаа учир чуулганы хуралдааныг түр завсарлууллаа.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж