Хотын автобустай аялал ирэх даваа гаригаас үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Хотын автобустай аялал ирэх даваа гаригаас үйлчилнэ

Хотын автобустай аялал ирэх даваа гаригаас үйлчилнэ

Улаанбаатар хот нь гадаадын жуулчдын аялан зочлох, дамжин өнгөрөх гол цэг бөгөөд Монгол Улсад хүрэлцэн ирж байгаа нийт аялагчдын 92 гаруй хувь нь дамжин өнгөрдөг. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газраас Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн жуулчдын тав тух аюулгүй байдлыг хангах, жуулчдыг татах зорилгоор “Улаанбаатар Сити тур” буюу хотын автобустай аяллын үйлчилгээг өнгөрөгч оноос эхэлж хэрэгжүүлсэн. Тэгвэл ирэх Даваа гариг буюу энэ сарын 27-ны өдрөөс аяллын автобус дахин иргэдэд үйлчлэх аж.


Мөн жуулчдад үйлчлэх хөтөч, орчуулагч нар ажилладаг юм байна. Бид “Сити тур” төслийн менежер Ц.Дэлгэрмаагаас энэ талаар тодрууллаа.

-“Сити тур” аяллын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Дэлхийн 120 гаруй орны нийслэл болон томоохон хотуудад “Сити-тур” буюу хотын автобустай аялал өөр өөрийн онцлогийг харуулан аялал жуулчлалаа хөгжүүлж буй. “Улаанбаатар Сити тур” нь дотоод гадаадын жуулчдад нийслэлийн болон хот орчмын түүхийн дурсгалт газар, урлаг соёл, музей үзвэрийн газрууд, үндэсний томоохон үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагааг танилцуулна. Ингэснээр гадаадын жуулчдаас гадна нийслэлчүүд болон хөдөө орон нутгийн иргэд маань нийслэл хотынхоо түүхэн дурсгалт газрууд, хөгжил дэвшилтэй танилцан аялал амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрүүлэх боломжтой.

Хэдэн автобусаар, ямар маршрутаар үйлчилж байна вэ?

-“Улаанбаатар Сити тур”-ын аялал нь дотроо гадаад, дотоодын жуулчдад зориулсан, хот доторх болон хот орчмын гэсэн хоёр маршруттай. Жишээ нь, гадаадын жуулчдад зориулсан хот доторхи аялал нь Д.Сүхбаатарын талбайгаас эхэлж Гандантэгчэнлин хийд Мэгжиджанрайсиг, Үндэсний музей, Сөүлийн гудамж, Зайсан толгой, Зөвлөлтийн дайчдын хөшөө, Богд хааны ордон музей, “Эвсэг” ХК-ийн нэрийн дэлгүүр хүртэл аялах юм.

Үйлчилгээний төлбөрийн тухайд?

-Үйлчилгээний төлбөрийн хувьд богино зайны аялал 25 мянга, бүтэн өдрийн аялал нь 70 орчим мянган төгрөг байна.  Мөн ирсэн жуулчдад 50 хүртэлх хувийн хөнгөлөлт олгож байгаа. Захиалгат аялалд Горхи Тэрэлж, Манзуширийн хийд, Чингисийн хүрээ, Хустайн нурууны байгалийн цогцолборт газар, Аглаг бүтээлийн хийд багтсан. Дашрамд, энэ жилийн бүтэн өдрийн аялалд Цонжин болдог хүрэх чиглэл хасагдсан юм. Манай автобусаар өнгөрсөн онд 200 гаруй жуулчин үйлчлүүлсэн гэсэн тоо бий.

Улаанбаатар хоттой танилцая, аялъя гэвэл билет хаанаас авах вэ?

-Жуулчдын мэдээллийн дөрвөн төвөөр тасалбар борлуулагдана. Төв шуудан, Гэрэлт гудамж, Сөүлийн гудамж, хүнсний 1-р дэлгүүрийн урд жуулчдын мэдээллийн төвүүд байрлаж байгаа юм.


Улаанбаатар хотын аяллын автобус нийслэл дэх аялал жуулчлалын гол үзмэрүүд болох жанжин Д.Сүхбаатарын талбай, Гандантэгчинлэн хийд, Улаанбаатар үсгэн хөшөө, Богд хааны ордон музей, Хуримын ордон, Чойжин ламын музей тойрон аялна. Хотын аяллын автобус хот дотор өдөр бүр 09.00-17.30 цаг хүртэл аялах аж.

ТАСАЛБАРЫГ ДАРААХ ЖУУЛЧНЫ МЭДЭЭЛЛИЙН ТӨВҮҮДЭЭС АВАХ БОЛОМЖТОЙ:

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, 4-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Шөнийн гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 4. Иргэдэд үйлчлэх төв, Сөүлийн гудамж-42, 4-р хороо Сүхбаатар дүүрэг

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж