Дэлхий дээрх хамгийн анхны дипломат паспорт бол гэрэг. Энэ утгаараа дэлхийд нэрээ цуурайтуулж буй Монголын “Хү” хамтлаг анхны цомог, анхны тоглолтоо “Гэрэг” хэмээн нэрлэжээ. Тэдний уран бүтээл, тоглолтыг үзэхээр цөөнгүй үзэгч цугларчээ.
Тоглолтын танхимын гэрэл унтарч, “Хү” хамтлагийн анимейшн дүрүүд тайзан дээр нэг нэгээр гарч ирлээ. Үзэгчид “Хү”, “Хү”, “Хү” хэмээн дуудацгаана. Төд удалгүй хамтлагийн хөөмийч, цуур хөгжимчин, салхины эзэн Г.Нямжанцан, аянгын билгэдэлтэй хөөмийч, морин хуурч Ц.Галбадрах, галын билгэдэлтэй гоцлол морин хуурч, гал хуурч Б.Энхсайхан, усыг эрхшээгч хархираач, товшуур хөгжимчин Н.Тэмүүлэн нар тайзнаа гарч ирлээ. Ийн “Хү” хамтлагийн хүсэн хүлээсэн анхны тоглолт өчигдөр /2019.05.23/ “White Rock” центрт эхлэв.
Тоглолтын эхэнд хамтлагийн залуус “Дэлхий дээрх хамгийн анхны дипломат паспорт бол гэрэг. Энэ утгаараа “Хү” хамтлаг анхны цомог, анхны тоглолтоо “Гэрэг” хэмээн нэрлэсэн. Бид их хааныхаа зарлигийг аваад дэлхийн улс орноор чөлөөтэй нэвтэрч, монголынхоо үүх түүх, өв соёлыг дэлхийд таниулахын төлөө мордох гэж байна” гэдгийг хэлж байлаа.
“Та бүхэнтэйгээ уулзах мөчийг яасан ч удаан хүлээв дээ” гэх хамтлагийн хөөмийч Г.Нямжанцаны хэлсэн үг хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөлөө. Алс газар аян дайнд мордож буй баатар эр хайртай бүсгүйтэйгээ уулзаж чадалгүй мордож байгаа тухай өгүүлж, монгол эмэгтэйн дотоод гоо үзэсгэлэнг магтан дуулна. Энэ бол “Бүсгүйн дуу”. Тэд нийгэмд тулгамдаж буй асуудлыг ч уран бүтээлдээ тусгахыг хичээдэг. Тоглолтын үеэр “Учиртай гурав” хэмээх ёгт дуугаа цугласан олонд хүргэсэн юм.
Хамтлагийн залуус “Шөөг шөөг”, “Агаар нэгэн буй”, “Гэрэг”, “Бүсгүйн дуу”, “Хувь ээж” зэрэг анхны цомгийн есөн дуунаас гадна дараагийн цомгийн шилдэг дуунаасаа түүвэрлэн, шилдэг 13 бүтээлийнхээ тоглолтыг сонирхууллаа. Өнгөрсөн дөрвөн сарын турш бэлтгэсэн “Хү” хамтлагийнхан анхны тоглолтод Япон улсаас номер нэг тонмэйстэр скиз болон энэ чиглэлээр ажилладаг таван инженер ирж, ажиллаж байгаа ажээ.
Тоглолтын оргил хэсэгт “Хү” хамтлагийнханд дэлхийг тойрон аялахаас өмнө
Хөх тэнгэрийн монгол иргэн сэрмой
Хөх аянга тэнгэрээс ниргэмой
Тэнгэр заяат үрсүүд тэнгэрт ивээгдмой
Тэнгэрийн аянга газарт буумой
Аянгын цохиур хүмүүний хоолойд оршмой
Аянгын гал хуурыг бий болгомой
Таван нартыг доргиох нүргээнийг илгээмой хэмээх зарлигтай хар сүлдийг гардуулан өглөө.
“ХҮ” гэдэг нь эх үг . Аливаа нэг хүйсийн ялгавар байхгүйгээр хүн, хүмүүн, хүүхэд, хүүхэн зэргээр оюун ухаант амьтны эх үг гэдгийг хамтлагийнхан тайлбарлаж байлаа.
ПРОДЮСЕР Б.ДАШДОНДОГИЙН “ХҮННҮ” СТИЛЬ
“Хү” хамтлагийн продюсер Б.Дашдондог энэ үдэш загвар зохион бүтээгч Ариунаа Сурийгийн гоёлоор гоёжээ. Тэрбээр алдартай загвар зохион бүтээгчийн урласан савхин өмд, хүрэм, хүннү цамц, гутлаар гангалсан харагдав. Тэрбээр “Энэ үдэш үнэхээр гайхалтай байна. Бидний анхны менежмент шууд гадаад улсад гарах байсан. Монголд “Хү” хамтлагийнхаа уран бүтээлийг түгээх тал дээр анхаараагүй ээ. Гэхдээ хамтлагийн залуусыг өдий хэмжээнд ирэхэд фенүүд, сонсогчид маань нэлээдгүй хүрээлжээ. Би их санаа зовж байлаа. Гэтэл анхны тоглолтоор олон хүн цуглаж, халуун дулаанаар угтан авч байна. Миний хувьд маш их баяртай байна. Би өнөөдөр Хүннү стилиэр хувцаслалаа. Хамтлагийнхан маань намайг бас Хүннү стилиэр хувцаслах хэрэгтэй гэж хэлсэн. Би бас хамтлагийнхантайгаа адилхан байхгүй бол болохгүй байх. Миний Хүннү коббой гутлыг н.Ганаа гэдэг залуу урласан” гэв.
Тэдний уран бүтээлийг сонсохоор ирсэн сонсогчдын ихэнх нь рок хөгжим сонирхогч залуус байлаа. Тэдний заримаас нь “Хү” хамтлагийн тоглолтын талаарх сэтгэгдлийг сонссон юм.
“ӨНӨӨДӨР СЭТГЭЛ ҮНЭХЭЭР ОГШИЖ БАЙНА”
“Миний хувьд энэ төсөл дээр анхнаасаа ажиллаж буй хүний нэг. Өнөөдөр үнэхээр огшиж байна. Өнгөрсөн хугацаанд багагүй хөдөлмөрлөж, “Хү” хамтлагийг байгуулсан. Анхны тоглолт үнэхээр сайхан болж байна. Хамтлагийн залуустаа уран бүтээлийн амжилтыг хүсмээр байна” хэмээн Д.Амартүвшин ярилаа.
“ХҮ” ХАМТЛАГИЙН ТӨСӨӨЛСНӨӨС ИЛҮҮ АМЖИЛТЫГ ГАРГАЖ ЧАДЛАА”
Шивээсчин И.Бадрал “Хү” хамтлагийн анхны тоглолтын үзэгч болж байгаад маш их баяртай байна. Миний хувьд тус хамтлагийнхантай сүүлд танилцаж, найзууд болсон. “Хү” хамтлагийн биеийн шивээсийг хариуцан, шивээсчинээр ажиллаж байгаа. Одоогоор хамтлагийнхны шивээсний скезийг дөнгөж гаргаад эхэлж байна. Энэ хамтлагийг анх гарч байхад үнэхээр амжилт хүсч байсан. Гэтэл өнөөдөр төсөөлснөөс илүү амжилтыг үзүүлээд байна. Энэ жил гэхэд Европ улсаар аялан тоглолт хийх төлөвлөгөөгөө гаргачихлаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
Гэрэл зургийг: Г.БЭЛГҮТЭЙ