Эцэг, эхчүүд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохыг хүсэж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Эцэг, эхчүүд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохыг хүсэж байна

Эцэг, эхчүүд хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгохыг хүсэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 21-нд Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт ирэх зургадугаар сарын 1-нээс олгож эхлэхийг холбогдох хүмүүст даалгаад байгаа.

Улсын хэмжээнд 0-18 хүртэлх насны 1.1 сая хүүхэд байдаг аж. УИХ-аас 2019 оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн 80 хувьд буюу 912 мянган хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох боломжтой байхаар 218 тэрбум төгрөгийн санхүүжилт баталж өгчээ.  Ерөнхий сайдын хэлсэнчлэн хүсэлт гаргасан хүн бүрийн хүүхдэд 20 мянган төгрөг  олгоё гэвэл санхүүжилтийг нэмэх шаардлагатай гэж гэж албаныхан үзэж байна. Хэдхэн хоногийн дараа Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр тохионо. Засгийн газар хэдхэн хоногт багтаан 2019 оны төсөвт тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулах боломжгүй. Иймээс Засгийн газар УИХ-аас батлагдсан төсвөөсөө хүсэлт гаргасан хүүхдийн 20 мянган төгрөг олгох байдлаар зохицуулалт хийх бололтой. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын  яам Сангийн яамтай энэ асуудлыг зөвшилцөж байгаа бөгөөд сайдын багцаас санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байгаа аж. 

Хүүхэд бүрт сар бүр мөнгөн тэтгэлэг олгох санаачилгыг 2009 онд С.Батболдын Засгийн газар гаргаж, тухайн үеийн УИХ-аас Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталсан. Ингэхдээ нэгдүгээрт, хүн амын өсөлтийг дэмжих. Хоёрдугаарт, уул уурхайн баялгаас олсон орлогоосоо хүүхэд, багачууддаа хувь хүртээх нь боловсролыг нь дэмжих хөрөнгө оруулалт болно гэж үзээд 0-18 насны хүүхэд бүрт сар бүр 20 мянган төгрөг олгож эхэлсэн аж.  Ардчилсан нам Засгийн эрх хэрэгжүүлсэн жилүүдэд зорилтот бүлгийн өрхийн хүүхдэд 20 мянган төгрөг олгох шаардлага байна гэсэн асуудал хөндөгдөж байсан ч хүүхдийг ялгаварлах нь зохисгүй гэж үзэн, нийт хүүхдэд олгосон. Гэвч 2016 оны сонгуулийн үр дүнгээр гарч ирсэн МАН-ын Засгийн газар “Эдийн засгийн хямралтай” гэдэг шалтгаанаар  хүүхдийн мөнгөний хамрах хүрээг танаж, 60 хувьд олгодог болсон. Уг мөнгийг хүүхдэд олгохын тулд айл өрх бүрийн зурагт, хөргөгч, автомашиныг хүртэл тоолсон.  Ингээд 2018 оны  дөрөвдүгээр сард  “Халамжийг хавтгайруулахгүй, зорилтот бүлэгт нь чиглүүлнэ” гэж хэлээд өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн 0-18 хүртэлх насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр олгож эхэлсэн юм. Харин энэ удаад хүсэлт гаргасан хүүхэд бүрт амьдралын боломж хязгаарлахгүйгээр олгох шийдлийг Ерөнхий сайд гаргасан нь Олон улсын валютын сангаас тавьсан нөхцлийг зөрчих болж буй ч эцэг, эхчүүдийн хувьд хүүхэд бүртээ олгох нь зүйтэй гэсэн байр суурь барьж байна.  Энэ тухай хөндсөн эцэг, эхчүүдийн байр суурийг  хүргэе.

ХҮҮХДИЙН МӨНГИЙГ БАЯН ХООСОН ГЭЖ ЯЛГАЛГҮЙГЭЭР Л БҮГДЭД НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Н.Доржханд  “Бүх хүүхдэд мөнгө олгох нь зөв. Нэгэнт Монгол Улсын иргэн болохоор төрөөс хэний ч хүүхдийг ялгалгүй мөнгө өгөх ёстой гэж бодож байна.  Харин мөнгийг хэрхэн зарцуулах нь тухайн эцэг, эхээс хамаарна.  Ер нь 20 мянган төгрөгийг бага гээд байх эрхгүй. Би 5-10  насны хоёр  хүүхэдтэй. Гэхдээ өнгөрсөн хугацаанд хүүхдийн мөнгө авч үзээгүй. Учир нь өрхийн амьжиргаа тогтоох судалгаанд хамрагдахад мөнгө авах шаардлагагүй гэж гарсан байсан. Мөнгийг баян хоосон гэж ялгалгүйгээр хүүхэд бүрт л өгөх хэрэгтэй санагддаг”

 

 

ХҮҮХДИЙН 20 МЯНГААР АМЬЖИРГААГАА ЗАЛГУУЛДАГ ӨРХ ОЛОН БИЙ

Иргэн Л.Эрдэнэчимэг  “Хүүхдийн мөнгөөр амьдралаа залгуулдаг олон өрх бий. Хэдийгээр орон сууцанд амьдардаг   хүмүүс ч гэсэн хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр хоногийн хоолоо залгуулдаг, ядаж ханиад томуу хүрэхэд нь эм авч өгөхөөс эхлээд хэрэгцээ их. Мөнгө хэрэггүй хүн гэж байхгүй. Өрхийн амьжиргааны тогтоох судалгаа хийхээс өмнө манай таван ач хүүхдийн мөнгө авдаг байсан. Мэдээгээр Ерөнхий сайд хүсэлт гаргасан хүүхэд бүрт 20 мянган төгрөг олгох талаар ярьж байсан. Би хувьдаа үүнийг дэмжиж байгаа.   Монгол Улсын хүн ам тэр аяараа эдийн засгийн хямралд өртөөд байна. Орон сууцанд амьдардаг, амьдардаггүй бүгд л    банкны зээлтэй, өчнөөн жил төлөх гэж идэх хоолоо хугасалж, зарим өдөр нь хоолгүй хонож байна шүү дээ”

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ, ӨНЧИН,  ЯДУУ ХҮҮХДҮҮДЭД  НЭМЖ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ

Иргэн Д.Баянцогт “Бүх хүүхдэд  мөнгөн тэтгэмж өгөх нь зөв. Гэхдээ олон сая, тэрбумын орлоготой хэсэгт энэ мөнгө ямар хэрэгтэй юм. Харин хөгжлийн бэрхшээлтэй, өнчин,  ядуу хүүхдүүдэд  нэмж өгөх хэрэгтэй шүү дээ. Монголчуудын олонх нь амьдралын боломж тааруу, өнөө маргаашаа аргацааж, хүүхдийнхээ 20 мянган төгрөгөөр амьдарч буй жишээ захаас аваад бий. Өнөөдөр өндөр  настны тэтгэвэр ажилласан байдал, нийгмийн даатгал  төлөлт зэргээс хамаарч ялгавартай, харилцан адилгүй байгаа. Үүнтэй л адил байх ёстой. Хүүхэд бүр тэгш эрхтэй гэдэг утгаараа бүгдэд нь олгоод олгоод явах нь зөв” гэв.

Э.БУРАМ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж