Английн “Ньюкасл” хагас хамгаалагч Йонас Гутьеррес, хамгаалагч Райан Тэйлор нартай гэрээгээ дуусгавар болгосон. Гэхдээ багтаа олон жилийг үдсэн ахмад хөлбөмбөгчдөө үл хүндэтгэн энэ тухайгаа утсаар хэлсэн нь олны эгдүүцлийг төрүүлээд амжлаа.
Йонас Гутьерресийн хувьд Премьер лигийн сүүлчийн тойрогт “Вест Хэм”-ийг хаалганд гоол оруулж, гоолын дамжуулалт өгсөнөөр баг нь 2:0-ээр хожиж, доод лигт унах аюулаас аврагдсан билээ. Гэсэн ч түүнийг хувь нэмрийг үл ойшоон гэрээ сунгахгүй гэдгийг уулзаж бус утсаар хэлсэн байна. Энэ талаар Райан Тэйлор ийн ярьжээ.
“Над руу Жон Карвер ярьсан. Тэгээд клуб надад шинэ гэрээ санал болгохгүй гэдгийг хэлсэн. Дараа нь бид хэдэн жилийн турш сайхан найзалж, хамтдаа ажилласан тухай ярилцсан л даа. Би Жонтой хамт бас Жонгүйгээр багтаа олон жил болсон.
Бид ярилцаж байтал Жон гэнэт Йонасын утасны дугаарыг надаас асуусан. Би үнэхээр гайхсан. Тэр утсаар Йонаст гэрээ сунгахгүй гэдгээ хэлэх гэсэн. Яахав, Жоныг ойлгож болно, тэр удирдлагаас тийм даалгавар авсан байх. Гэхдээ клубын удирдлага багтаа олон жил зүтгэсэн хоёр ахмад хөлбөмбөгчдөө утсаар гэрээ сунгахгүй гэдгээ мэдэгдсэнд би ч, Йонас үнэхээр гутарсан” гэж Райан Тэйлор өгүүлжээ.
Р.Гэгээ
Эх сурвалж: http://horom.mn