Ерөнхийлөгчид одоо МАН хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчид одоо МАН хэрэггүй

Ерөнхийлөгчид одоо МАН хэрэггүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүдийг сайн дураараа тарах шийдвэр гаргахыг хоёр дахь удаагаа өчигдөр /2019.05.23/ шаардав. Ингэхдээ өмнө нь тавьсан УИХ өөрөө тарах шийдвэр гаргахыг дахин тавьж байгаагаа онцлоод "улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун. Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно" гэв.

  • 2018 оны аравдугаар сарын 29-нд УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөх саналаа УИХ-ын дарга М.Энхболдод өөрийн биеэр өгч байв.
  • 2019 оны тавдугаар сарын 23-ны өдөр УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн биеэр орж ирж, өмнө нь тавьсан өөрөө тарах саналаа дахин тавив.

Ийнхүү долоон сарын дараа дахин УИХ-ыг тарахыг шаардаж байгаа ч өнгөрсөн долоон сарын хугацаанд Ерөнхийлөгчийн олон “хүслийг” МАН биелүүлсэн. УИХ-ын сонгууль ойртож байгаа, МАН-д одоо ганцхан жил л үлдэж байгаа энэ үед Ерөнхийлөгчид МАН "хэрэгтэй" юу. Хэрэгтэй гэхээс илүү үлдэж байгаа цаг хугацаанд МАН болоод У.Хүрэлсүхийг яаж муухай харагдуулах вэ гэдэг тактикт шилжиж байна уу гэлтэй.

УИХ-ын даргыг чөлөөлөх, хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх, дараагийн хүнийг томилох хамгийн чухал томилгоогоо МАН-аар өөрсдөөр нь хийлгэсэн учраас одоо энэ парламент, эрх баригч МАН Ерөнхийлөгчид “хэрэггүй”. Ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа хойш хуулийн байгууллагын удирдлага руу чиглэсэн түүний санаархал биеллээ олж, ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хуулийн байгууллагын удирдлагыг чөлөөлөх хуулийн төсөл оруулж ирж, 65-ын бүлгээр батлуулан, томилсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар ард түмнийхээ эрх ашгийг нэг л зүйл дээр "хамгаалдаг". Тэр МАН-ын эсрэг ажиллахдаа "сонгогчдын итгэлийг алдсан, боломжийг нь хулгайлсан" гэх үгээ тэр энэ удаад ч мөн мартсангүй. Түүний хэлсэн, тавьж буй шаардлагад “УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийг “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэх нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын гэм хэрэгт сэрдэгдэх нь улам бүр даамжирч УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа үндсэндээ алдаад байна” гэдгийг онцолжээ. Нэг зүйлийг онцлоход Ерөнхийлөгчид хөөн хэлэлцэхтэй холбоотой хуулийн заалтад хориг тавих эрх нь нээлттэй, бас хангалттай цаг хугацаа байсан.

Ингэхдээ “наад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ” гэдгийг тодотгов. Энэ нь өнгөрсөн өдрүүдэд улс төрийн хүрээнд өрнөж байгаа гол үйл явдлуудын нэг болох Ардчилсан намын дэд дарга Г.Батхүүгийн амь настай холбож хэлсэн нь анхаарал татав. Г.Батхүү агсны хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа бөгөөд одоогоор амь насаа алдсан шалтгааны талаар ямар нэг мэдээлэл хийгээгүй. Харин Ерөнхийлөгчийн хэлсэн саналд албан тасалгаандаа архи хадгалах, хэрэглэсэн нь даамжирч эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл л үүсгэлээ гэх үг нь анхаарал татсан өгүүлбэр байлаа.

ЕРӨНХИЙЛӨГЧ УИХ-ЫГ ТАРААХ “ЭРХГҮЙ”

Хэдийгээр Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг гаргаж болох ч эцсийн шийдвэрийг УИХ өөрөө гаргах бөгөөд УИХ-ын нийт гишүүдийн гуравны хоёр дэмжвэл УИХ тарах хуультай. Ерөнхийлөгч 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ыг өөрөө тарахыг зөвшилцөх саналдаа Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь үзсэнээр буюу эсхүл мөнхүү шалтгаанаар Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал болгосноор өөрөө тарах шийдвэр гаргаж болно”, төрийн байгуулал, улс орны удирдлагын талаар хэрэгжүүлэх Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг тодорхойлсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухайгаа зөвшилцөхөөр Улсын Их Хурлын даргад албан ёсоор мэдэгдэнэ. Улсын Их Хурлын дарга уул саналыг зөвшөөрөөгүй нь Ерөнхийлөгч саналаа Улсын Их Хуралд оруулахад саад болохгүй” гэж тус тус заасныг үндэслэсэн гэдгээ дурдаж байсан.

Харин түүний зөвшилцөх саналд УИХ-ын дарга М.Энхболд 2018 оны арваннэгдүгээр сарын 6-нд буюу найм хоногийн дараа хариу тайлбар хүргүүлсэн. Уг тайлбартаа “…Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу бүрдсэн энэ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороодын хуралдаан хэвийн явагдаж, эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлыг тухай бүр нь шийдвэрлэн ажиллаж байгаа тул УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэл байхгүй. УИХ дахь олонхын бүлэг ч бас энэхүү асуудлыг хэлэлцэж, дээрх байр суурьтай байгаагаа илэрхийлсэн болно” гэсэн юм.

Энэ удаад “УИХ-ын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаас өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг Та бүхэнд дахин санал болгож, мөн уриалж байна” гэдгээ тодотгосон.

УИХ-ын тухай хууль: 31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

31.1. Дор дурдсан тохиолдолд Улсын Их Хурлын бүрэн эрх энэ хуулийн 30.1-д заасан хугацаанаас өмнө дуусгавар болно:

  • 1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон
  • 1.2. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон
  • 1.3. Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон
  • 1.4. энэ хуулийн 31.1.3-т заасан үндэслэлээр Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан.

УИХ-ын тухай хууль: 31 дүгээр зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болох

Түүнээс гадна УИХ-ын бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болохтой холбоотой УИХ-ын тухай хуульд дараах зүйлсийг тусгажээ.

  • 31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.
  •  31.3. Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы үеэр өргөн мэдүүлсэн бол ажлын 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт өргөн мэдүүлсэн бол ээлжит бус чуулганыг ажлын 3 хоногт багтаан зарлаж, тухайн асуудлыг хэлэлцэж эхэлснээс хойш ажлын 7 хоногт багтаан шийдвэрлэнэ.
  • 31.4. Улсын Их Хурал өөрөө тарах бол тогтоол, Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах бол зарлиг гаргах бөгөөд эдгээр шийдвэр эцсийнх байна.
  • 31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.
  • 31.6. Ерөнхийлөгч энэ хуулийн 31.1.4-т зааснаар Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах зарлиг гаргасан бол Улсын Их Хурал уг зарлиг гарснаас хойш 7 хоногийн дотор Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлана.
  • 31.7. Энэ хуулийн 31.5, 31.6-д заасан хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийг товлон зарлаагүй бол дараагийн өдрийг Улсын Их Хурлын сонгууль товлон зарласан өдөрт тооцож Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг зохион байгуулна.
  • 31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
  •  31.9. Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлыг тараах тухай тогтоолын төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг хэлэлцэж ил санал хураалт явуулна.
  •  31.10. Нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр гишүүд төсөл санаачлагчид асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.
  •  31.11. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах асуудлаар Ерөнхийлөгч нэгдсэн хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлж болно.

УИХ-ын дарга Г.Занданшатар энэ удаад Ерөнхийлөгчийн саналд ямар хариу өгөх бол…

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж