Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хүн амын орлогын албан татварын тухай хууль болон тэдгээрийг дагалдаж батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавиад байгаа билээ. Уг хоригийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засаг, аж үйлдвэрийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх Ц.Эрдэнэбатаас тодрууллаа.
-УИХ-ын энэ оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьсан. Хориг тавих үндэслэл нь юу байв. Ерөнхийлөгчийн хоригт тавьсан үндэслэл нь эдийн засгийнхаа эсрэг зүйл болчхоод байна гэдгийг Сангийн сайд хэлж байгаа?
-Татварын багц хууль батлагдсантай холбогдуулан Төрийн бус байгууллагууд, судлаачид, гадаад, дотоодын байгууллагуудаас санал хүсэлтүүд ирүүлсэн. Тухайлбал Татварын багц хуулийг ААН-үүд хэрэгжүүлэхэд бэрх, ялгаварлан гадуурхсан, өмчийн эрхэд шүүхийн шийдвэргүйгээр хандахаар ноцтой заалтууд орсон байна гэдгийг МХАҮТ-аас ирүүлсэн.
Мөн татварын байцаагчдын зүгээс төр татварын байцаагчдаар хүнд ажлаа хийлгүүлж иргэн, ААН-үүдтэй татварын маргаан үүсгэх нь амар ажил биш. Шинэ хуулиар татварын өртэй тухайн субъектийн өөрсдийнх нь болон гэр бүлийнх нь өмч хөрөнгөд халдаж хохирлыг барагдуулах заалтыг оруулснаар хуулийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсэх нь гэсэн. Харин татвар төлөгч иргэдийн хувьд Татварын багц хуулийн төслүүд эргэлзээтэй, ойлгомжгүй, хүний эрх зөрчсөн олон асуудал байна гэдгийг шүүмжилсэн бол судлаачдын зүгээс нийгэм эдийн засгийн нөлөөллийг тоон үзүүлэлтээр тооцож гаргаагүй. Татварын багц хууль батлагдсанаар ядуурал хэдэн хувиар буурах, ажлын байр хэдэн хувиар нэмэгдэх, иргэдийн амьжиргаа хэрхэн дээшлэх талаарх судалгаа байхгүй учир үнэмшилтэй биш байна гэдгийг хэлсэн.
Түүнчлэн гадна, дотоодын хөрөнгө оруулагчдын зүгээс хууль хэрэгжсэнээр хөрөнгө оруулагчдад таагүй нөхцөл байдал бий болно. Тухайлбал, “20 сая төгрөгөөс дээш татварын өртэй гаднын иргэнийг Монгол Улсын хилээр гаргахыг хориглосон заалт орууллаа. 20 сая төгрөг нь гаднын хөрөнгө оруулагчдын хувьд их мөнгө биш ч 20 сая төгрөгийн татварын маргаан гарах магадлал маш өндөр. Энэ маргаантай үед гадагшаа явах эрхийг нь хязгаарлаж байгаа нь дахин гаднын хөрөнгө оруулагчид Монголд орж ирэхэд эргэлзээ дагуулж байна. Мөн татварын өртэй иргэд, ААН-үүдийн талаарх мэдээллийн санг байгуулж өрийг төлүүлэхийн тулд шүүхийн шийдвэргүйгээр хүний эрх, өмчийн эрхэд нь халдах ноцтой заалтууд орсон гэдгийг хэлж байгаа.
Хоригт дээрх саналуудаас багцлан цөөн хэдэн жишээгээр тусгасан. Мөн хэлэлцүүлгийн үеэр яригдсан зарим заалт батлагдсан хуульд тусгагдаагүй, эсрэгээрээ тусгагдаагүй зүйлс орсон зэрэг олон асуудал яригдсан учраас Татварын багц хуулийг батлах нь цагаа олоогүй, сайн хууль биш байна гэж үзэн Ерөнхийлөгч хуульд бүхэлд нь хориг тавьсан.
-Ерөнхийлөгч болон зөвлөхүүдийнх нь хувьд Татварын багц хуулийг сайтар уншиж хэр танилцсан бэ. Зөвхөн иргэд, ААН-үүдээс ирүүлсэн санал, гомдолд тулгуурлан хоригийг тавьсан мэт ойлгогдлоо?
-Мэдээж хуулийг уншиж судалсны үндсэн дээр хоригийг тавьсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “BEPS”-ийн зөвлөмжийн талаар ярьж байгаа. Энэ талаар анх Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яамныханд хэлж байсан. Тодорхой зохицуулалтуудыг хийхгүй бол олон улсын зүгээс хүндрэлүүд үүсэх гээд байна шүү гэдгийг хэлсэн гэсэн үг. Үүнээс үүдэлтэйгээр Сангийн дэд сайд холбогдох ажлуудыг хийсэн. “BEPS”-ийн 14 зөвлөмжөөс гол дөрвөн зарчмыг нь Татварын багц хуульд тусгана уу гэсэн хүсэлтийг Засгийн газарт ирүүлсэн юм билээ. Гэтэл тэр дөрвөн зарчмыг тусгаагүй өмнө байсныг нь дахин давтаж оруулж ирсэн. Ер нь бол Татварын багц хуулийг дахин судлахад хугацаа шаардлагатай нь үнэн. Олон хүнтэй том баг ажиллах хэрэгтэй. Ялангуяа хуулийг хэрэглэх, хэрэглэж байгаа хүмүүс нь бодит амьдралын жишээг ярьж байж ойлгохоос биш цаасан дээрээс ойлгоход нэг заалтаараа нөгөө заалтыг нуучихсан байх жишээтэй. Аливаа хууль ойлгомжтой, энгийн байх гэсэн суурь зарчмыг зөрчсөн тал ч бий.
Татварын багц хуулийг өргөн барьсан Сангийн яамныхан өөрсдөө энэ хуулиа ойлгосон эсэхэд нь би эргэлзэж байна. Сангийн яамны тайлбартай холбогдуулан Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд Сангийн яамнаас хийсэн тайлбар бүрт нэг бүрчлэн хуулийн заалттай нь, олон улсын жишигтэй нь тайлбарласан.
-Хоригт “Гадаадын хөрөнгө оруулагч компаниуд Монгол Улсад шууд хөрөнгө оруулалт хийхийн оронд өндөр хүүтэй зээл нийлүүлж, хүү хүүлэх үйл ажиллагаа явуулахыг хуулиар дэмжин, татварын хувь хэмжээг үлэмж бууруулах зохицуулалт тусгагдсан байна гэснийг тодруулбал?
– Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг, экспорт 10 төрлийн бүтээгдэхүүнээс 90 хувийн хамааралтай байна. Бид түүхий эдээ үйлдвэрлэж экспортлохын тулд боловсруулах үйлдвэр, технологи зайлшгүй хэрэгтэй. Гэвч технологиуд нь Монгол Улсад тэр бүр байхгүй учраас гаднын хөрөнгө оруулагчтай хамтрах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт , зээл гэсэн хоёр төрлөөр хамтарна. Монголын Улсын хувь, хувьсгалын өр зээл нийлээд 28 тэрбум ам.долларт хүрсэн. Ирэх жилээс энэ өрүүдээ дарахад эдийн засгийн потенциал боломжгүй байгаа юм. Тиймээс дахин нэмж зээл авахаас илүүтэй хөрөнгө оруулалт татах нь чухал гэж үзсэн. Хөрөнгө оруулалт татахын тулд Татварын хуульд зээлээсээ илүү боломж олгох ёстой. Гэтэл одоогийн хуулийн зохицуулалтаар зээл хэлбэрээр мөнгөө оруулж ирвэл татварын таатай боломжийг олгож байна. Хөрөнгө оруулалтаа бодитоор оруулах ААН-үүдэд ялгавартай болчхоод байгаа юм.
Хоёрдугаарт, Монгол Улсад аж үйлдвэрийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Экспортлох боломж олон бий. Тухайлбал, Монгол, Японы хооронд татварын хөнгөлөлттэй орчин бий болсон. Энэ нээлттэй зах зээлд стандартад нийцсэн бүтээгдэхүүн борлуулах боломжтой. Европын холбоонд гэхэд 6-7 мянган бүтээгдэхүүн экспортлох орчин бэлэн болсон. Гурав дахь хөршийн хууль батлагдвал АНУ-руу оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн экспортлох нь нээлттэй болно. Сарын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр БНХАУ уул уурхайн бус бусад нэмүү үнэ цэнэ шингээсэн бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдаж авахаа илэрхийлж ажлын төлөвлөгөө гарган Засгийн газар хооронд ярилцаж байна.
Мөн БНХАУ, ОХУ-тай транзит тээврийн хэлэлцээр хийсэн. Одоогоор далай тэнгис, боомтуудын ашиглах хэлэлцээр хийгдэж байна. Энэ мэтчилэн логистик зах зээл нь бэлэн байна. Тиймээс бид дотооддоо нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлээ илүүтэй хийж бүтээвэл зарах нь бэлэн. Энэ утгаараа Татварын багц хуулиар боловсруулах үйлдвэр түүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалт татаж цогцоор нь харж дэмжих ёстой гэдэг агуулгаар хоригт дээрх үндэслэлийг тусгасан. Гэтэл зарим нэг үндэслэлийг мушгиж, агуулгаас нь нэг хоёр үгийг татаж тайлбарлаж байна. Тиймээс мэдэгдлээр нэмэлт тайлбарыг өгсөн.
-Татварын багц хуулийг бүхэлд нь сөрөг гэж харахгүй байна. Эдийн засгийн өсөлтийг хангасан, бизнес эрхлэгчид болон ард иргэдээ дэмжсэн, олон улсын жишигт нийцсэн, үндэстэн дамжсан корпорацууд татвараас зугтах боломжийг хаах зорилгоор татварын багц хуулийг баталсан гэдгийг хууль санаачлагч болон эдийн засагчид хэлж байгаа?
-Эерэг заалт байгаа нь үнэн. Гэхдээ эергээсээ гадна ноцтой сөрөг зүйл байна гэдгийг төрийн бус байгууллагууд, судлаачид хэлж байгаа. Сүүлийн үед энэ чиглэлээр олон хүн ярих боллоо. Эерэг, сөрөг аль алийг нь урт хугацаанд хэлэлцэж, яг үнэхээр эдийн засагт эергээр нөлөөлөх юм байна гэсэн цаг үед Татварын багц хуулийг батлах нь зохистой. Учир нь энэ хуулийг ойр ойрхон хэлэлцэх боломж тэр бүр байдаггүй. Энэ удаагийн шинэчлэлт хоёр дахь том шинэчлэл гэж харж байгаа. Харамсалтай нь дэлхий дээр хурдацтай хөгжиж байгаа технологи, цахим эдийн засаг, шинэ трендүүдтэй холбоотой өөрчлөлтүүд огт тусгагдаагүй. Энэ талаар нэг ч үг байхгүй.
Товчхондоо Татварын багц хуульд ядуурлыг бууруулах, эдийн засгаа өсгөх, цахим эдийн засгийн талаар үг үсэг байхгүй.
-Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьсан гэсэн. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Хүчингүй хууль биш. Хуулийн нэрийг нь андуураад хоёр биччихсэн юм. Түүнээс биш хүчингүй хуульд биш хүчинтэй хуульд хориг тавьсан. Хориг тавихдаа хуулийн нэрийг хэд хэдэн газар бичихдээ хоёр андуураад биччихсэн юм. Үүнийгээ техникийн алдаа гаргасан байна гээд залруулаад тайлбар бичгээ явуулсан.
-МАН-ын бүлгээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр нэмэлт мэдэгдлийн хүрээнд дахин авч хэлэлцэнэ гэж ойлгох уу?
-МАН-ын бүлэг яаж хэлэлцсэнийг бид мэдэхгүй. Иргэд Татварын багц хуулийг бүрэн дүүрэн унших боломж хязгаарлагдмал учраас өөрсдийн төлөөлөл болгон сонгосон УИХ-ын гишүүн болон Монгол Улсын Ерөнхийлөгчид найдахаас гарцаагүй байдаг. Тиймээс иргэдийн төлөөлөл болж сонгогдсон хүмүүс хариуцлагатай хандах ёстой. Ард иргэдийнхээ төлөөлөл болсон УИХ-ын гишүүд хоригийн үндсэн агуулгад тусгасан хуулийн ноцтой заалтуудад нухацтай хандаж, ярилцах боломж олгох үүднээс Ерөнхийлөгч хориг тавьсан.
Холбоотой мэдээ