Монгол, Япон энхийг сахиулахад хамтарна

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Монгол, Япон энхийг сахиулахад хамтарна

 

Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны талаарх Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Батлан хамгаалах яаманд боллоо. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Япон Улсаас Монгол Улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар гарын үсэг зурсан юм.

 

Монгол Улс, Япон Улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, батлан хамгаалах зэрэг олон салбарыг хамран өргөн хүрээнд хөгжиж байна.

 

Япон Улс 2012 оноос эхлэн гадаадын улс орнуудын батлан хамгаалах салбарт тусламж үзүүлдэг болсон бөгөөд боловсрол, хүний нөөцийн чиглэлээр өөрсдийн туршлагыг хуваалцах, тусламжийг өргөжүүлэхэд  чиглэсэн бодлого баримталж, Япон Улсын Батлан хамгаалах яамнаас “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг гадаад улс орнуудад хэрэгжүүлж байна. “Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсан Монгол Улсын Зэвсэгт хүчний чадавхийг бэхжүүлэх хамтын ажиллагаа болон энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай улстай хамтран цэргийн инженер, цэргийн эмнэлгийн чиглэлээр 2014 – 2016 онд хэрэгжүүлэхээр дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.  

 

Хөтөлбөрт тусгагдсан Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төв хүртэлх 15 км хатуу хучилттай зам барих ажилд зам төлөвлөх, замын хэмжилт хийх, шинээр баригдаж буй цэргийн эмнэлгийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, сургалт явуулах, Монгол Улсад жил бүр зохион байгууллагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг дэмжих ажиллагааны сургуульд цэргийн баг оролцуулах зэрэг арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллахаар болж байна. Цаашид хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хоёр тал хамтран ажиллах, цэргийн алба хаагчдыг харилцан солилцох, хамтран үүрэг гүйцэтгэхэд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Японы талаас санаачлан Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах саналыг дэвшүүлсэн юм.

 

Хоёр талын холбогдох газрууд хамтран хэлэлцээрийн төслийг боловсруулан, 2015 оны гуравдугаар сарын 27-ны өдөр ажлын хэсгийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж, хэлэлцээрийн төслийг эцсийн байдлаар боловсруулан дуусгасан юм.

 

 

Хэлэлцээрийн зорилго нь хоёр улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр хамтын ажиллагааны талаарх хамтран ажиллах боломжийг бий болгох, энэ чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны үед бий болох харилцааг зохицуулахад оршиж байна. 

 

“Монгол-Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр”-т тусгагдсаны дагуу Япон Улсын Батлан хамгаалах яамнаас “Чадавхийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд дэмжлэг үзүүлэх, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх дэд хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлэхээр хоёр тал харилцан тохиролцжээ.

 

Энэхүү Хэлэлцээрийг байгуулах нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, гамшгийн үр дагаврыг арилгах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна.  Энэ тухай Монголын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмоноёр тал харилцан тохиролцсоны үндсэн дээр дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс болсон ““Хүмүүнлэгийн тусламж, гамшгийн үр дагаврыг арилгах болон НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны чиглэлээр сургалтын хамтын ажиллагааны талаарх Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улс, Япон улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт өнөөдөр гарын үсэг зурлаа. Хэлэлцээрийг байгуулсанаар Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолыг хангах, гуравдагч хөршийн бодлогыг хэрэгжүүлэх, хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэх, хамтын ажиллагааны шинэ түвшинд хүрэх, бүс нутгийн хэмжээнд цэргийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах, Зэвсэгт хүчний хүмүүнлэгийн үйл ажиллагаанд оролцох, гамшгийн үр дагаврыг арилгах ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой" гэсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж