Япон хэлэнд хүний нэрийг хятад, солонгос хэлнүүдийн адил овгийг өмнө нь, өөрийн нэрийг араас нь бичдэг. Гэтэл олон улсын томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэр дундаа англи хэлэнд япончуудын нэрийг эсрэгээр нь бичиж байгааг анхааруулан, зөв бичихийг уриалсан байна.
Хятадын дарга Ши Жиньпин, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гэдэгтэй адил Япон улсын Ерөнхий сайдын нэрийг англи хэлэнд буулгахдаа Шинзо Абэ биш Абэ Шинзо гэх нь зүйтэй гэв. Үүнтэй адил бусад нэрсийг ч ийнхүү овгийг өмнө нь, араас нь өөрийн нэрийг бичих ёстой юм байна.
Мэйжигийн үеэс буюу 1900-гаад оны эхнээс Япон улс олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөж эхлэхэд овог нэрийн байрыг сольж өөрт өгсөн нэрийг овгийн урд бичих болсон байна. Гэхдээ түүхэн нэрнүүд хувирч өөрчлөгдөлгүй үлдсэн юм.
Одоогоос 20 жилийн өмнө энэ асуудал сөхөгдөж, тус улсын Үндэсний хэлний зөвлөл англи хэлэнд япон хүний нэрийг дарааллын дагуу зөв буулгах хүсэлт тавьж байсан ч олон улсын хамтын нийгэмлэг болон Японы ард түмний хүсэлтээр өөрчлөгдөлгүй өнгөрсөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх долоо хоногийн сүүлээр Япон улсад айлчилна. Мөн ирэх сард болох “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт “Токио 2020” зуны Олимпийн наадам зэрэг олон улсын томоохон арга хэмжээнүүдийн үеэр Ерөнхий сайдын нэрийг Абэ Шинзо хэмээн бичиж магадгүй гэжээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ