Хуучирсан мэдээ: 2019.05.24-нд нийтлэгдсэн

Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойг бид амжилт, бүтээлээр угтсан онцгой нэгэн жил хэмээн онцолмоор байна.

Тухайлбал, сар тутамд өнгөрөлтийн нислэгийн тоо нэмэгдсээр байна. Энэ сарын хамгийн сүүлийн 7 хоногийн нислэгийн мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өнгөрөлтийн нислэг 13,7 хувь, буулт хөөрөлтийн нислэг 13,3 хувь, орон нутгийн нислэг 5,6 хувиар тус тус өсчээ. Мөн үүнийг дагаад зорчигч урсгал, ачаа, шуудангийн тээвэр өсч энэ хэрээр Монгол Улсын төсөвт иргэний нисэхийн салбараас оруулах хөрөнгө оруулалт, эдийн засгийн өсөлт улам нэмэгдэж байгааг дурдахад таатай байна.

Өнгөрсөн  нэг жилийн хугацаанд энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй агаарын тээвэрлэгчид парк шинэчлэлтээ хийж, нислэгийн аюулгүй байдлыг хангасан, зорчигчдын ая тух, эрэлт, хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлж байгааг мөн онцлон дурдах нь зүйтэй.

Тухайлбал, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ХК “Бойнг” компанийн 737-800 маягийн агаарын хөлөгөөр, “Аэромонголиа” авиа компани “Embraer ERJ145” агаарын хөлөгөөр парк шинэчлэлт хийлээ.

Хамгийн сүүлд буюу өнөөдөр /2019.5.24/ “Хүннү эйр” агаарын тээвэрлэгч “Embraer-190” агаарын хөлгөө угтан авч байгаа нь нисэхийн баяраа угтсан, энэ салбарт хийгдэж буй томоохон ажлуудын нэг  болж чадлаа.

Мөн дотоодын бас нэг агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа сэргэж “Изнисс эйрвэйз” компани “Боинг” компанийн агаарын хөлөгөөр нислэг үйлдэж эхэлсэн нь иргэний нисэхийн салбар улам хөгжиж, үйл ажиллагаа нь улам тэлж байгааг харуулж байна.

Дотоодын агаарын тээвэрлэгчдийн үйл ажиллагаа идэвхиж байгаагаас гадна гадаадын агаарын тээвэрлэгч нараас Монгол Улс руу нислэг үйлдэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Энэ бүгдийн үр дүнд агаарын тээврийн салбарыг үе шаттай либералчлах  Засгийн газрын бодлого, шийдвэр хэрэгжиж, зах зээлд өрсөлдөөн нэмэгдсэнээр иргэд нислэгийн хямд тийзээр үйлчлүүлэх боломж бүрдэж байгаа нь иргэний нисэхийн салбарт та бидний хийж буй ажлын үр дүн гэж харж байна. Либералчлалын хүрээнд зорчигч урсгал ихтэй Сөүл, Бээжин чиглэлийн олон улсын нислэгийн давтамж, агаарын тээвэрлэгчийг тоог нэмэгдүүлсэн нь үр дүнгээ өгсөн бодит ажил болж чадсан билээ.

Удахгүй бид шинэ нисэх буудлын менежментийг Япон, Монголын хамтарсан компанид эзэмшүүлэх “Концессийн гэрээ”-ний хэлэлцээрийг дуусгахаар шаргуу ажиллаж байна.

Нисэхийн салбарт ажиллаж буй нийт хамт олон, үе үеийн ахмадууд, хамтран ажиллагч байгууллага, зорчигч, үйлчлүүлэгч нартаа  Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн баярын мэндийг хүргэж энэ салбарын хөгжлийн хүрд зогсолтгүй эргэж, хийж бүтээсэн бүхэн нь мөнгөн цагаан хөлгийн сүүн зам мэт мөнхөд зурайх болтугай хэмээн хүсэн ерөөе.

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Л.БЯМБАСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж