Зээлийн шимтгэлээ эргүүлэн авах уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Зээлийн шимтгэлээ эргүүлэн авах уу?

-Улсын дээд шүүхэд маргааш/06.03/ болох шүүх хурал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын талд шийдэгдвэл иргэд банкнаас зээл авахдаа суутгуулсан нэг хувийн шимтгэлийн тодорхой хувийг буцаан авах боломж бүрдэх юм-

Арилжааны банкууд иргэд, аж ахуй нэгжүүдэд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авч байсныг хууль бус болохыг хоёр шатны шүүхээс тогтоогоод байгаа. Энэхүү шийдвэрийг арилжааны банкууд эсэргүүцэж хяналтын шатны шүүхэд хандсанаар Улсын дээд шүүхэд энэхүү маргааныг хянан хэлэлцэх шүүх хурал маргааш/06.03/ болох гэж байна.

Энэхүү маргааны талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын  Хууль эрх зүй дотоод хяналтын хэлтсийн дарга Ж.Хичээнгүйгээс тодрууллаа.

-Шүүх хуралд арилжааны банкууд чухам ямар гомдол буюу нэхэмжлэл гаргасан бэ?

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нар арилжааны банкуудад шалгалт явуулах үед “Иргэдэд зээл олгохдоо зардалтай огтхон ч уялдаагүйгээр шимтгэл суутгадаг, зээлийн шимтгэлийн талаар иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээдэг” зэрэг зөрчлийг илрүүлсэн. Энэ дагуу иргэдэд зээл олгохдоо үйлчилгээний хураамж нэрийдлээр иргэдээс нэг хувийн шимтгэлийг суутгаж авдаг байсныг хууль бус гэж үзсэн юм. Үйлчилгээний хураамж авч болно гэхдээ үйлчилгээний хэлбэр, өгч буй зээлийн хэмжээ зэргээс шалтгаалж харилцан адилгүй шимтгэлийг иргэдээс авах учиртай гэж үзээд байгаа юм. Хоёр шатны шүүхээс ч манай улсын байцаагчийн шийдвэрийг зөв гэсэн шийдвэрийг гаргасан.

-Хэрэв Улсын дээд шүүхээс нэг хувийн шимтгэл шууд суутган авч байсныг хууль, дүрэм зөрчиж байна гэх шийдвэр гаргавал иргэд нэг хувийн шимтгэлээ буцаан авах боломжтой болно гэсэн үг үү?

-Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зээл авсан иргэд суутгуулсан нэг хувийн шимтгэлийг банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болох юм. Ингэхдээ иргэний шүүхэд гомдол гаргаж нэг хувийн шимтгэлийн тодорхой хувийг буцаан авах боломж бүрдэнэ гэлээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж