Нийслэлийн хэмжээнд дулааны шугам хоолойн 50 гаруй хувийг шинэчлэх шаардлагатай болсон байна. Хуучирч муудсанаас дулааны 10 гаруй хувийн алдагдал хүлээх болжээ. Тиймээс энэ жил улсын төсвөөр 10 гаруй тэрбум төгрөгийн засварын ажил хийх юм байна. Харин Улаанбаатар дулааны сүлжээ компани өөрийн санхүүжилтээр таван тэрбум төгрөгийн ажил хийхээр төлөвлөсөн байна.
Үүнээс гадна нийслэлд байгаа дулааны шугам сүлжээний хамгаалалтын бүс алдагдсан нь засвар, шинэчлэлийн ажилд хүндрэл болж байгаа аж. Хамгаалалтын бүс 5-7 метрээр хэмжигддэг байна. Одоогоор яаралтай чөлөөлөх шаардлагатай 300 гаруй объект хамгаалалтын бүсэд байгаа юм. Гэр хороолол дунд, ялангуяа БЗД-ийн 14-25 дугаар хороонд шугам хоолойн хамгаалалтын бүс ихээр алдагджээ. Үүнээс болж өвлийн улиралд гэмтэл гарсан тохиолдолд шаардлагатай засвар үйлчилгээг хийх боломж хязгаарлагдаж эрсдэл дагуулж болзошгүй байдаг хэмээн албаныхан мэдээлсэн юм.
Нийслэлийн хэмжээнд дулааны шугам сүлжээг сольж, шинэчлэх ажил өнгөрөгч сарын 15-наас эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар Баянгол зочид буудлаас төв зам, сонсголонгийн уулзвараас бөөний худалдааны төв чиглэлд шугам шинэчлэх ажил эхлүүлсэн нь 25 хувьд хүрчээ. Тэгвэл өчигдрөөс төв шуудангаас баруун 4 зам хүртлэх тунелийн шугамын ажил эхлүүлсэн байна. Засварын ажлыг гүйцэтгэхдээ аль болох халуун ус тасалж хэрэглэгчдэд хүндрэл учруулахгүй байхаар зорьж байгаа аж.
Б.ЗАЯА