Жокович, Надаль нар шөвгийн наймд тоглоно

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Жокович, Надаль нар шөвгийн наймд тоглоно

 

“Ролан Гаррос”-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалын шөвгийн наймд топ арван теннисчнээс долоо нь шалгарчээ. Тодруулбал Сербийн Новак Жокович, Их Британы Энди Маррей, Испанийн Рафаэль Надаль, Дэвид Феррер, Швейцарийн Рожер Федерер, Стан Вавринка болон Японы Кей Нишикори нарыг хэн ч зогсоож чадсангүй. Тэдэн дунд тэмцээнд 14-д эрэмбэлэгдсэн Францын ганц дайчин олон мянган хөгжөөн дэмжигчдээ баярлуулж шөвгийн наймд үлдээд байна. Цонгагийн хувьд тэмцээнд дөрөвт эрэмбэлэгдсэн Чехийн Т.Бердичийг дөрөвдүгээр тойрогт хожиж, шилдэг наймд багтжээ.

Ийнхүү энэ жилийн хоёр дахь “Их дуулга” болох Францын нээлттэй тэмцээний шөвгийн наймд олон сонирхолтой тоглолт болох аж. Шороон талбайн хаан гэдгээ нотолж, 10 дахь түрүүгээ авахаар зорьж буй Надаль дэлхийн манлай теннисчин Серийн Новак Жоковичтой тоглох юм. Мөн Францын Жо-Уильфред Цонга Японы Кей Нишикоритой өрсөлдөх бол Швейцарь теннисчид хоорондоо таарсан.

Шөвгийн наймд:

  • Сербийн Новак Жокович(1) – Испанийн Рафаэль Надаль(6)   
  • Их Британы Энди Маррей(3) – Испанийн Дэвид Феррер (7)
  • Японы Кей Нишикори(5) – Францын Жо-Уильфред Цонга(14)
  • Швейцарийн Стан Вавринка (8) – Швейцарийн Рожер Федерер(2) нар шалгараад байна.

“Их дуулга”-ын 17 түрүүт Швейцарийн Рожер Федерер, 14 түрүүт Испанийн Рафаэль Надаль, 8 түрүүт Сербийн Новак Жокович, 2 түрүүт Их Британы Энди Маррей, 1 түрүүт Стан Вавринка нарын хэн нь түрүүгээ ахиулах вэ? Мөн Японы Кей Нишикори, Францын Цонга нар анх удаа “Их дуулга”-д түрүүлж чадах уу гээд олон асуулт үлдэж байна.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж