"Антибиотик хэрэглэснээр бие сайжирдаг гэвэл төөрөгдөл"

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

"Антибиотик хэрэглэснээр бие сайжирдаг гэвэл төөрөгдөл"

Эмийн зохисгүй хэрэглээ нь дэлхийн анхаарлын төвд байдаг томоохон асуудлын нэг юм. Монгол Улс “Эмчилгээний өндөр идэвхтэй, аюулгүй чанарын баталгаатай эм, био бэлдмэл хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлгийн байгууллага болон хүн амыг шаардлагатай эмээр тасралтгүй жигд, хүртээмжтэй хангаж, түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх нь Монгол Улсын эмийн талаар төрөөс баримтлах  бодлогын  эрхэм  зорилго  мөн” хэмээн тодорхойлдог. Сүүлийн жилүүдэд антибиотикийн хэрэглээ эмч, мэргэжилтнүүдийн санааг чилээх болжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн /УНТЭ/ Эмнэл зүй сургалтын алба, зүйн албанаас өнөөдөр /2019.0523/ антибиотикийн талаар сургалт зохион байгууллаа.

АНТИБИОТИК ХЭРЭГЛЭСНЭЭР БИЕ САЙЖИРДАГ ГЭВЭЛ ТӨӨРӨГДӨЛ

Энэ үеэр УНТЭ-ийн Эмнэл зүйн сургалтын албаны дарга Д.Цэцэгээ хэлэхдээ “Эмийн зөв зохистой хэрэглээ, ялангуяа антибиотикийн зохистой хэрэглээ нь эрүүл мэндийн салбарт хамгийн ихээр тулгамдсан асуудал болоод байна. Үүнээс юу харагдаж байна вэ гэхээр иргэд эрүүл мэндийн мэдлэг муу байна. Нийт хүн амын ихэнх нь өөрсдийнхөө эрүүл мэндэд анхаардаггүй. Эрүүл мэндийн боловсрол муугаас үүдэн эм тарианы хэрэглээнээс болсон гаж урвал гарах зэрэг асуудал нэмэгдсэн. Антибиотикийг дур мэдэн хэрэглэснээс болж дараа нь антибиотикт тэсвэртэй нян бий болж буй нь дан ганц Монгол Улс гэлтгүй дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байна.  

Нэг үеэ бодвол эрүүл мэндийн бодлогын хүрээнд захын эмийн сан руу ороод “Антибиотик авъя” гэхэд эмийн санч заавал эмчийн жороор олгодог болсон. Хэрэв та ханиад хүрсэн бол антибиотик уугаад ямар ч нэмэргүй. Антибиотик хэрэглэснээр бие сайжирдаг гэвэл төөрөгдөл. Антибиотикийг дур мэдэн хэрэглэснээр дархлааны системийг бууруулдаг учраас ямар нэгэн өвчин тусахад дархлааны систем хамгаалж чадахгүй өвддөг болдог. Эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн мэдлэг хэр сайн байна тэр хэмжээгээр эрүүл мэндийн салбарын ачаалал бага байна” гэв.

УНТЭ-т бактериалог шинжилгээ хийхэд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг, эсхүл олон жил эмчилгээ хийлгэхэд илэрдэг олонд эмд тэсвэртэй нян  нь эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж байгаа хүмүүсийн 50 орчим хувиас нь илэрдэг аж.

УНТЭ-ийн клиник эм судлаач Д.Номин антибиотикийн нэр төрөл нь маш олон учраас өвчин үүсгэгч нянгаас хамаараад хэрэглэх заалт нь янз бүр байдаг. Хувь хүний бие махбод бусдаас онцлог учраас заавал эмчид үзүүлж байж эм тариа хэрэглэх нь хамгийн зөв шийдэл гэдгийг онцолж байсан юм. Энэ үеэр түүнээс цөөн хэдэн асуултад хариулт авлаа.

АНТИБИОТИКИЙН ЗОХИСГҮЙ ХЭРЭГЛЭЭНЭЭС Л  НЯНГИЙН ТЭСВЭРЖИЛТ ҮҮСНЭ

УНТЭ-ийн клиник эм судлаач Д.Номин

-Антибиотикийн буруу хэрэглээ ямар сөрөг үр дагавар авчирдаг вэ. Сөрөг үр дагавартай гэж ярьдаг атлаа хяналтгүй хэрэглээ газар авсаар байна шүү дээ?

-Антибиотикийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх нь хамгийн түрүүнд эмчилгээг үр дүнгүй болгодог. Антибиотик гэдэг нь энгийн гаралтай халдварын үед хэрэглэдэг химийн бэлдмэл. Гэтэл үүнийг антибиотикийн мэдрэг чанар тодорхой­лох шинжилгээний хариуд үндэслэж хэрэглээгүйгээс вирусын гаралтай халдварын үед хэрэглэх, тогтсон цагийн дагуу тодорхой тунгаар хэрэглээгүй зэрэг шалтгаануудын улмаас хүний бие махбодид сөрөг нөлөө үзүүлдэг. Ингэснээр аливаа өвчний эдгэрэлт удааширч, улмаар амь насанд аюултай. Антибиотикийн зохисгүй хэрэглээ гэдэг үхэлд хүргэх аюултай гэдгийг ойлгох хэрэгтэй. 

-Антибиотикт дасалтай болох гэж ярьдаг. Энэ нь ямар шалтгаантай байдаг юм бол?

-Антибиотикийн тэсвэр­­­­жилт гэдэг дээр хэлсэн шалтгаанууд­тай холбоо­тойгоор тухайн халдвар үүсгэгч нянд тэсвэржилт үүсдэг гэсэн үг. Антибиотикийн зохисгүй хэрэглээнээс л тэсвэржилт үүснэ. 

-Шинжилгээ өгч бай­ж өөрт тохирох антибиотикоо хэрэглэх ёстой юм байна. Гэтэл иргэд ихэвч­лэн “амоксициллин” хэрэглэдэг. Хүн бүрийн хэрэглэх антибиотик өөр өөр гэж ойлгож болох уу?

-Өвчилсөн л бол хамгийн түрүүнд эмчид хандах ёстой. Тухайн эмч энгийн гаралтай халдвар байна уу, эсвэл ямар нэг үүсгэгчээр үүссэн өвчин байна уу гэдгийг тогтооно.

Хэрэв энгийн гаралтай халдвараар үүссэн байвал заавал эм судлалын шинжилгээ хийлгэх шаардлагатай. Ингэснээр өвчин үүсгээд байгаа тухайн үүсгэгчид ямар антибиотик тохирох вэ гэдгийг нь тодорхойлно. Хүн хүний антибиотикийн мэдрэг чанар өөр өөр гэсэн үг. Тиймээс антибиотик хэрэглэх шаард­лагатай л бол мэдрэг чанарын шинжилгээ заавал өгөх ёстой.

Шинжилгээ өгөлгүйгээр дурын антибиотик хэрэглэснээр эмийн дасал үүсэхээс гадна дархлааны системийг устгах аюултай. Дархлаа суларснаас халд­вар авах эрсдэл өндөр болно. Түүнээс гадна антибиотик гэдэг хүний бие махбодид байгаа хэвийн бичил биетүүд буюу хоол боловсруулах болон хамгаалах тогтолцоонд оролцож байдаг биетүүдийг устгадаг. Зохисгүй эмийн хэрэглээ гэдэг амь насанд аюултай гэдгийг дахин дахин сануулмаар байна. 

-Сайн дураар антибиотик­ийн мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээ өгье гэвэл хаана хандах вэ?

-Нян судлалын шинжил­гээг бүх дүүрэг болон төрөлжсөн нарийн мэргэж­лийн эмнэлгүүдэд хийж байгаа. Тухайн иргэн өөрийн харьяаллын дагуу дүүргийнхээ Эрүүл мэндийн төвд өгнө. Шаардлагатай тохиолдолд ХӨСҮТ-д хандаж болно.

-Шинжилгээ өгөөд өөрт тохирох антибиотикоо мэдсэн бол цаашид түүнийгээ л хэрэглэнэ гэсэн үг үү?

-Үгүй, тэгж ойлгож болохгүй. Халдварын маш олон төрлийн үүсгэгч байдаг. Тиймээс өвчилсөн тохиол­дол бүрт шинжилгээ өгч, тухайн халдвар үүсгэгчид ямар антибиотик хэрэглэвэл зохих вэ гэдгийг тодорхойлох шаардлагатай. Түүнээс биш хүнд тохирсон антибиотик гэж байхгүй. Тухайн өвчин үүсгэгчийн төрөл зүйлтэй холбоотойгоор антибиотикууд өөр өөр байна. 

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж