“Ирдэггүй” шинжилгээний аппаратуудыг 15-нд өгнө

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

“Ирдэггүй” шинжилгээний аппаратуудыг 15-нд өгнө

БНСУ-аас буцалтгүй тусламжаар нэг тэрбум төгрөгийн үнэтэй шээсний шинжилгээний 140 аппаратыг манай улсад бэлэглэхээр болсон. Гаалийн агуулахад жил орчим түгжигдсэн эдгээр 140 аппаратыг энэ сарын 15-нд өрхийн эмнэлгүүдэд тарааж өгөхөөр болжээ.

Энэ аппаратуудыг ажиллуулахад өрхийн эмч нарт сургалт явуулах шаардлагатай болсон байна. Тиймээс хоёр удаагийн сургалт явуулсны дараа өрхийн эмч нарт тарааж өгнө хэмээн нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат хэлсэн юм.

Дашрамд дуулгахад, өрхийн эмнэлгүүдэд наад захын шээсний шинжилгээг авах боломж байдаггүй. Иргэд ганц шинжилгээ өгөх гэж дүүргийн эмнэлэгт дараалал үүсгэдэг. Тиймээс нийслэлийн Эрүүл мэндийн газар БНСУ-ын Руйсанса корпорацитай хэлэлцээрийн хүрээнд эдгээр аппаратыг үнэгүй авахаар болсон. Гэсэн ч нисэх дээр НӨАТ-ыг төлбөр нэхэгдэн жил орчим хугацаанд түгжигдсэн билээ.

 Уг нь Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ирэх буцалтгүй тусламжийг НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт байдаг. Гэтэл Сангийн яамнаас “Энэ нь Засгийн газар хоорондын хэлэлцээр бус, байгууллага хоорондынх учраас чөлөөлөх боломжгүй” гэжээ. Ийм шалтгаанаар БНСУ-аас буцалтгүй тусламжаар илгээсэн 140 гаруй аппарат жил орчим гаалийн агуулахад түгжигдсэн. Улмаар тавдугаар сарын сүүлчээр Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс НӨАТ-ыг төлөхөөр болсон юм.

Нэг удаа шээсний шинжилгээ өгөх гэж л 2-3 өдөр хөөцөлдөж цаг заваа үрдэг манай нөхцөлд энэ аппаратууд нь их л хэрэгтэй эд юм гэнэ. Цагт 700 хүний шээсний шинжилгээний хариу гаргадаг аж. Ингээд шинжилгээний хариуг интернэт болон утсаар дамжуулан эзэнд нь хүргэнэ. Өөрөөр хэлбэл эмнэлэг дээр заавал өөрөө очиж шинжилгээний хариугаа авах шаардлагагүй болох юм.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж