-Нийслэлийн Засаг даргын захирамжаар хотын төвд явган хүний замыг хааж барилга, автомашины зогсоол барьсан байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайг энэ сарын нэгэн гэхэд бүрэн чөлөөлөх байсан. Гэтэл ганцхан “Хүнсний дэлгүүр” үүдний хэсгээ багахан засч янзалснаас өөрөөр захирамж биелүүлсэн аж ахуй нэгж, байгууллага алга-
Хотын төвд явган хүнд алхах зай ч үлдээлгүй нийтийн өмчийн газрыг эзэмшээд авчихсан, автомашины зогсоол болгочихсон, эсвэл автомашины замд тулгаад барилга, байшин барьчихсан газрууд хаа сайгүй. Энэ замбараагүйтлийг цэгцлэхээр нийслэлийн удирдлагууд шийдэж эхний ээлжинд хотын төв замуудыг хаасан барилга, байгууламжийг чөлөөлөх шийдвэрийг өнгөрсөн сард гаргасан. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн баталсан “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн дагуу хотын төвд явган хүний замыг хааж, таглаж барьсан барилгуудыг ирэх зургаадугаар сарын нэгний өдөр гэхэд нураах учиртай байсан.
Өнөөдөр зургаадугаар сарын 2. Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэлгүй үл тоосон “Туушин” зочид буудал, “Метро молл” их дэлгүүр, МУИС-ийн замын эсрэг талд үйл ажиллагаа явуулж буй “Ганнам” солонгос хоолны газар, Урт цагаанд байрлалтай “Броадвей” сүлжээ дэлгүүр тэргүүтэй үйлчилгээний газрууд өнөөдөр ч иргэдийн замд тээг болсоор байна.
Энэ байдалд хэрхэн хариуцлага хүлээлгэх талаар нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектор дизайны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Гансэлэмээс тодрууллаа.
-Захирамжийн дагуу явган хүний замыг чөлөөлсөн байгууллага байгаа болов уу?
-Явган хүний замыг хааж хууль зөрчин барилга, автомашины зогсоол барьсан газрууд өнөөдөр гэхэд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх ёстой байсан. Гэтэл “Хүнсний 1” дэлгүүрийн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр л замыг чөлөөлсөн байна. Томоохон зочид буудал, худалдааны төв, ресторан, хоолны газар зэрэг албан байгууллагууд нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлсэнгүй. Иймээс энэ сарын 5 гэхэд дүүргийн удирдлагууд нийслэлийн Засаг даргын “Нийтийн эдэлбэрийн газрыг чөлөөлж, тохижуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрхэн биелүүлсэн талаарх мэдээллээ ирүүлэх учиртай.
-Захирамж биелүүлээгүй тохиолдолд албадан буулгаж, үйл ажиллагаа явуулах эрхийг нь түдгэлзүүлнэ гэж байсан?
-Хотын ерөнхий менежер Ч.Бадрал энэ сарын 15 гэхэд дүүргүүдийн удирдлагуудтай уулзаж, захирамжийг биелүүлээгүй аж ахуй нэгж, байгууллагын удирдлагуудад хариуцлага тооцож, үйл ажиллагаа нь явуулах тусгай зөвшөөрлийг нь цуцлах тухай асуудлыг авч хэлэлцэх байх гэлээ.
Үнэндээ нэг хүнсний дэлгүүрээс бусад нь явган хүний замыг чөлөөлөх нь байтугай “Хууль бусаар энэ газрыг эзэмшиж байгаа ч гэсэн харъяа дүүрэгт газар эзэмшиж, үйлчилгээ явуулсны төлбөрийг цаг тухайд нь төлж ирсэн” гэх шалтгаан тоочиж нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж өгөхгүй гэж гүрийж байгаа гэнэ.
Нийслэлийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаагаа явуулж л байгаа бол хууль дүрэмд захирагдаж, хотын даргын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. “Хууль зөрчсөн нь үнэн. Гэхдээ нэгэнт мөнгөө зарцуулаад барьчихсан юм чинь нураахгүй. Хаашдаа өнгөрсөн” гэж хэлээд гэдийгээд байж болохгүй л баймаар.
Д.ЖАРГАЛ