Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

&#34Наймаа&#34 өгүүллэг

Навчаа Дэвидийг гарахад хаалгаа өөрийн мэдэлгүй тас хийтэл нь хааж орхиод тэр дороо хүнд юманд цохиулсан мэт суун туслаа. Түрүүнээс хойш биеэ барьсан бардам сэтгэл хормын төдийд хийсэн арилаад нулимс нүдийг нь агшин зуурт бүрхэв. Цээжнийх нь гүнээс гомдлын хар манан ундарч тэрээр чимээгүй мэгшүүлж байснаа бүр чангаар орь дуу тавин уйлж эхэллээ.

Энэ чимээнээр хүү нь юу болоод байгааг тааж ядан хэсэг зуур алмайран өмнө нь бүртэлзэн зогсож байснаа арай сэхээрэв бололтой шалан дээр өвдөглөн хаалганы бариулаас зууран орь дуу тавьж буй ээжийгээ тайтгаруулахыг оролдов. Тэрээр Навчаагийн хацар дээгүүр тунаран мэлмэрэх нулимсыг халуун гараараа арчиж, гараас нь татан өндийлгөх гэж оролдовч ямар ч үг хэлэх тэнхэлгүй орь дуу тавих ээжийгээ харан гайхаж ядаад өөрийнхөө өрөө рүү орж явчихав. Навчаа бүр хоолой нь сөөж дуу гарахгүй болтлоо эхэр татан уйлав. Нэг мэдсэн тэрээр биеэ ч хөдөлгөх тэнхээгүй болоод шалан дээр хэвтэж байлаа. Бурхан минь. Хүн ингэтлээ өөрчлөгддөг байжээ. Нөгөө хорхойд хоргүй зөөлөн зантай Дэвид мөн гэж үү.

Навчаа Дэвид хоёр анх Германд сурч байхдаа танилцаж ханилан суусан билээ. Сургуулиа төгсөөд Берлинд хэдэн жил амьдарсан ч Навчаа ах дүүс, нутаг усаа зүрхнээсээ гээж чадаагүй. Ингээд Навчаа том хүү нь төрөөд удаагүй байхад Монголдоо ирж амьдрал ахуйгаа төвхнүүлсэн. Дэвид ч ашгүй мэргэжлийнхээ дагуу харилцаа холбооны компанид боломжийн өндөр цалинтай ажилд оров. Навчаа ч Германд эзэмшсэн боловсрол хэл усныхаа ачаар мөн л Дэвидээс дутахгүй гайгүй цалинтай ажил ядах юмгүй олчихов. Угийн хээгүй Дэвид Монголын нийгэм, орчин нөхцөлийг ийм тийм гэж нэг их гоморхоод байсангүй бараг Навчаагаас хурдан шинэ орчиндоо дассан билээ. 

Навчаа анх Дэвидтэй суухдаа түүний энэ л хээгүй гүндүүгүй, зөөлөн занд нь юу юунаас илүү татагдсан. Том хүү нь хоёр нас хүрэхэд Навчаа бага охиноо төрүүлэв. Нас нэлээн явчихсан хойноо хүнтэй сууж амьдралаа зохиосон болоод ч тэр үү хоёр хүүхдээ дараалан гаргачихаад нэг мөсөн ажил төрлөө цэгцлэнэ гэсэн төлөвлөгөөг Навчаа өөртөө зохиосон байлаа. Навчаа ер нь гялалзуур сэргэлэн зантай тул тэрсхэн хоёр хүүхэд дээр нь Дэвид гээд бүгдийг арчилж амжуулахдаа нэг их түүртэхгүй байлаа. Бага охиноо төрүүлээд удаагүй ажилдаа орж амьдрал нэгэн хэмнэлээр үргэлжилсээр нэг л мэдэхэд тэд арваад жилийн амьдралаа ардаа үдсэн аж. Гадны хүнийг хүндэтгэн үздэг монгол нутаг Дэвидэд тун их таалагдана. Нутагтаа бол мань хүн өдий зэргийн ажил хийж өдий их мөнгө олж яасан ч чадахгүй тул энэ амьдралдаа ихэд сэтгэл хангалуун. Заримдаа хүүхэд шиг гэнэн зантай гэр орны аахар шаахар хар бор ажилд арч муутай Дэвид Навчаад хоёр бага хүүхдээ өсгөж өндийлгөх гэж зүтгэж явахад нэмэр болох нь бага. Гэхдээ л Навчаа түүний ажил төрөлдөө амжилт олж ар гэрээ гайгүй тэжээж байгаад сэтгэл хангалуун явна.

Харин нэг л зүйл дээр тэр хоёр угаасаа тэс өөр хүмүүс гэдгээ хэн хэн нь арай л хожим мэдэрсэн. Дэвид бол эрүүл мэнд бие бялдартаа нэг их санаа тавьдаггүй тайван амгалан нэгэн. Тэр идэж болох бүх л зүйлийг иднэ. Хөдөлж хөлсөө гаргах бүхнээс үстэй толгой нь бараг арзайдаг гэхэд худал болохгүй. Тэгээд ч компьютер программын талын ажилтай тэрээр бараг өдөржин суудлаасаа ч ховхрохгүйгээр сууж чадна. Хоол унд бэлэн зэлэн байвал бараг хэдэн өдөр шөнө дараалан суух нь ч бий. Харин Навчаа бол тийм биш. Тэр бага байхдаа бүжигчин болно гэсэн мөрөөдөлтэй хөдөлгөөний эвсэлтэй охин байсан. Дунд ангиасаа эхлэн биеийн тамир спортоор хичээллэж бас ч үгүй амжилт гарган тэр үед ховорхон олддог медаль хүртэл энгэртээ зүүж үзсэн билээ. Оюутан болж амьдралын хэмнэл орчин нөхцөл өөрчлөгдсөн ч Навчаад хөдөлгөөн гэдэг эрүүл амьдралынх нь үндэс болдог байв. Тэр нэг дор ингэж таг сууж чаддаг Дэвидийг хараад заримдаа үнэхээр их гайхдаг байж билээ. Тэрээр мөн хэтэрхий их тослогтой, шарсан хайрсан төмс, зайдас мэтээр голчлон хооллодог Дэвидэд ногоо жимс, тараг гээд аль болох хөнгөн төрлийн хоол унд идүүлэх гэж зүтгэдэг байв. Харин энэ бүх түүний хичээл чармайлт алхам бүрдээ Дэвидийн “Би юу идэхээ хэнээр ч заалгахгүй” гэсэн зөөлөн хирнээ мятаршгүй эсэргүүцэлтэй тулгардаг байв. Нас явахын хирээр Дэвид жин нэмж бүр илүүдэл жиндээ түүртэн амьсгаа дээртэй явах болж билээ. Навчаа өдөр бүр шахам чи жингээ хас, таргалуулахгүй хоол унд идэхгүй бол болохгүй нь гэж үглэх боловч Дэвид энэ бүхнийг даанч нэг тоохгүй нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргана. 

үргэлжлэл: www.erkhembayar.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж