“Тавантолгой”-н гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх эсэхийг өнөөдрийн Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж буй. Ажлын хэсгийн хуралдаан хаалттай болсон тул ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа.
– “Тавантолгой”-н ажлын хэсэг байгуулагдаад сар шахам боллоо. Хэзээ шийдвэрээ гаргах вэ?
-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас нийт албан бичгийнхээ хариуг авсан. Мөн 3000 гаруй хуудастай материалд дэд ажлын хэсэг ажиллаад 50 гаруй хуудастай дүгнэлт бэлэн болгоод байна. Хүссэн зарим материал ирэхгүй байгааг өнгөрсөн хугацаанд ярьсан. Тухайлбал, гэрээний англи хэл дээрх хувилбарыг өгөхгүй байна. Яагаад өгөхгүй байгааг ойлгохгүй байгаа. Асуудал гарвал англи хэл дээрх эх хувилбараар Лондонгийн арбитрийн шүүх дээр очих учраас бид нэхээд байгаа юм. Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас материалаа бүрдүүлээд өгчих юм бол 2-3 хоногийн дараа шийдвэр гарна. Ажлын хэсэгт өгөхгүй байгаа бас нэг материал байгаа. Тэр нь 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах проткол. Уг тогтоолоор Тавантолгойн орд газрыг шалгаруулах тендерийн долоон зүйлтэй шалгуур бий. Хэд, хэдэн зүйлд нэг компанийг шалгаруулах зорилгоор өөрчлөлт хийгдсэн гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Тиймээс уг протколыг авч үзэж байж Засгийн газрын аль гишүүнээс ямар санал гаргасныг мэдэх шаардлагатай байна. Гурав дахь материал нь бол хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн бие даасан мэргэжилтнүүдийг ажиллуулж дүгнэлт ирүүл гэсэн. Тус материал мөн ирээгүй байна. Гэхдээ бид энэ материалуудыг интернэтээс олж авсан. Түүнд тайлан, олон улсын дүн шинжилгээ багтсан. Ер нь гурав хоногийн дараа эцсийн дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ.
Дүгнэлтэд орох асуудлаас дурдвал,
ямартаа ч “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд урагшаа чиглэсэн Гашуун-Сухайт-Ухаахудаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байна.
2010 онд шалгарсан зургаан компанидаа дахин хүсэлт тавиад тендерийг мөн дахин зарлах боломжтой байх гэж бодож байна. Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Энэ дүгнэлтийг гаргасанаар олборлогч компанийн шалгаруултад “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох бүрэн боломжтой. Тавантолгойг хөдөлгөх дараагийн ажил энэ юм. Мөн 1072 хувьцааны асуудлаар дүгнэлтдээ оруулах нь чухал байгаа. Тавантолгойн нийт 15 тэрбум хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болно. 2.1 сая иргэн болон аж ахуй нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж буй хувьцааг хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал. Харин иргэдийн болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг цааш нь дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрлийг нь авах ёстой. Эсвэл нөхөн төлбөрөө төлөх ёстой. Тиймээс Засгийн газар энэ хувьцааг 1.5 тэрбумаар худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох юм. Ийм дүгнэлттэй учраас 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах заалтыг гэрээнд тусгаж өгөх шаардлагатай гэж ярилцаж байна.
–51 хувийг “Эрдэнэс тавантолгой” өөрөө эзэмшихээр дахин тендер зарлах нь гэсэн яриа гарсан. Энэ мэдээлэл бодитой юу?
-“Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа эзэмших шаардлага байхгүй. “Эрдэнэс тавантолгой” болон “Энержи ресурс” компани орох, орохгүй тухай асуудал биш. Бүх компаниудад нээлттэй. Өөрөөр хэлбэл, хөндлөн чиглэлийн төмөр замыг барих 3.1 тэрбум ам.доллар, урагшаа чиглэлийн 268 км төмөр замыг барих нэг тэрбум ам.доллар гээд нийтдээ 4.5 тэрбум ам.долларыг төмөр замд гаргаж чадах тэр компани л Тавантолгойн олборлолтын ажилд оролцох нь зүйтэй юм байна гэж харж байгаа.
-Тэгэхээр сая боловсруулсан гэрээ цааш явахгүй гэсэн үг үү?
-Бид ийм дүгнэлт гаргаж өгнө. Хэрвээ Засгийн газар манай дүгнэлттэй санал нийлэх юм бол Тавантолгойн гэрээний төслийг буцааж авах байх. Гарах ёстой дүгнэлтүүдийг хэллээ. УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болох энэ дүгнэлтийг гаргаж болно. Яагаад гэвэл маш олон хууль, тогтоомжийг зөрччихсөн байна. Засгийн газрын тогтоолууд байна, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд зэрэг 2010 оноос хойш гарсан олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээний төсөл байгаа учраас аливаа хууль, тогтоомжийг зөрчсөн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй. Тиймээс Засгийн газар энэхүү гэрээг буцааж татаад хууль тогтоомжиндоо нийцүүлж оруулж ирэх байх гэж харж байна. Мөн ажлын хэсгээс тогтоолын төслийг бэлтгэж УИХ-д оруулахаар бэлтгэж байна.
-Нэг компанийг шалгаруулах тендер гэдэгт “Энержи ресурс”-ыг хамааруулж хэлж байна уу?
-Тийм. “Энержи ресурс” компанийг хэлж байна.
С.ОТГОН