Хятадын Хөх мөрөнд живсэн “Дорнын од” хөлөг онгоцонд амьд үлдсэн зорчигчид байгааг “Синьхуа” агентлаг мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр хөлгийн дөрөвдүгээр тавцанд түгжигдсэн зорчигчдын тусламж эрсэн дуу аврагчдад сонсогдож байгаа гэнэ. Хөлөг онгоц орон нутгийн цагаар өчигдөр орой /VI.1/ 21.28 цагт живсэн юм. Хөлөг онгоц Хятадын эртний нийслэл Наньжин хотоос Чуньцин хүрэхээр явж байжээ.
Хөлөгт зорчиж явсан 458 хүнээс 20 гаруйг нь авраад буй бөгөөд ослын газар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэцян очжээ. Хөлгийн багийн 47 хүнээс бусад 406 зорчигч нь 50-80 насны хүмүүс аж.
Мөрдөн шалгалтын явцад хөлөг онгоц даац хэтрүүлээгүй, зорчигчдод хүрэхүйц хэмжээний аврах хантааз байсныг олж тодруулжээ. “Дорнын од” хөлөг онгоц нь 500 гаруй хүний багтаамжтай юм.
Хөлгөөс аврагдсан ахмад, хөлгийн инженер хоёрын яриагаар, хүчтэй шуурганд дайрагдан онгоц богино хугацаанд живсэн аж. Хөлөг онгоц живснийг эрэг дээр сэлж гарч ирсэн долоон хүн анх мэдээлсэн хэмээн “People's Daily” мэдээлжээ. Аврах ажилд загасчлалын завиудыг дайчилсан бөгөөд 40 гаруй завь, усан онгоц, 1000 цагдаа хамтран ажиллаж байна.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters