Засгийн газраас гарах асуудал яригдаагүй

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Засгийн газраас гарах асуудал яригдаагүй

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж нам, эвслүүд аль болох байр сууриа нэгтгэх ёстой гэж үзжээ.

Бүлгийн дарга Н.Батцэрэг “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудал 57 гишүүний буюу 3/4-аар шийдэгддэг. Гишүүд нам, бүлгээрээ талцах асуудал байхгүй. Монгол Улсын, монголчуудын том эрх ашгийн үүднээс асуудлаа хэмжинэ. Үүнийг манай бүлэг хаана хаанаа ойлголцож байгаа учраас төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцуулсан” гэсэн юм.

Бүлгээр хэлэлцсэн дараагийн асуудал нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл байжээ. Эдийн засгийн хүрээнд эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчлэн томоохон дэд бүтцийн ажлууд хэрэгжихээр хүлээгдэж байгаа энэ үед иргэний өмчид өгсөн газрын асуудал үүсдэг. 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, нэг айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацах асуудал гарч байгаа учраас нөхөн олговор олгох, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой гэдэг дээр бүлгийн гишүүд санал нэгджээ.

Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг цогцоор нь авч хэлэлцэх талаар бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж санал солилцохоор болсон байна.

Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хамрах хүрээ хэр байх, Эрүүгийн өршөөлийн тухай хуульд хамруулах хүрээ ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн байна. Гэмт хэрэгт тооцохгүй гэвэл хичнээн хоригдол ялаас чөлөөлөх талаар иж бүрэн харах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна. Энэ үеэр бүлгийн дарга Н.Батцэрэгээс “Шударга ёс” эвслийн бүлэг засгаас гарах асуудлыг тодруулахад “Эвслийн бүлэг Засгийн газраас гарах тухай асуудал хаана ч яригдаагүй” гэх хариулт өглөө.

С.ОТГОН

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж