Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын зээ охин, төгөлдөр хуурч С.Алимаа өнөөдөр /2019.05.23/ Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулжээ.
Тэрбээр Рымский-Корсакавын “Хэдгэний нисэлт”, З.Хангалын “Тань руу нүүж явна, Офенбахын ”Кан Кан”, Д.Лувсаншаравын “Маамуу нааш ир”, Б.Шаравын “Бөртэ” зэрэг зохиолыг төгөлдөр хуур хөгжмөөр тоглож, олон нийтэд клипээ хүргэсэн уран бүтээлч. Түүнийг хүмүүс Ами нэрээр нь сайн мэдэх билээ.Авьяаслаг хөгжимчин бүсгүй чамгүй сайн дуучин гэдгээ “Яг түүн шиг” шоунд оролцох үеэрээ харуулаад амжсан.
Төгөлдөр хуурч Ами өөрийн фэйсбүүк хуудастаа “Өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын Соёлын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээ, Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбатаас гардан авсан баярт өдөр боллоо. Би өнгөрсөн хугацаанд Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын Консерватори, “Oрчлон” олон улсын сургууль гээд 15 жил соёл, урлагийн салбарт уран бүтээлээ туурвиж, багшилж ирсэн байна. Хүндэтгэлтэй гоё шагнал гэж би хувьдаа боддог тул үнэ цэнийг нь өндөрт өргөж явах болно” хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ