Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй

Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай ярилцлаа.

 

-Манайханд гэлтгүй гадныханд хүлээлт үүсгээд байсан “хоёр толгой”-н нэг болох Оюу толгой хөдөлчихлөө. Монголын эдийн засагт нөлөөлөх нөлөөллийг нь та хэрхэн харж байгаа вэ?

 

-Оюу толгой төслөөс хэдэн төгрөг орж ирэх вэ гэдгийг л манайхан харж, ярьж байна. Хөрөнгө оруулалт, мөнгө орж ирнэ гэдэг нь нэг л урсгал. Харин Оюу толгой төслийг дагаж хэдэн төгрөг олж болох вэ, Монголдоо хэдэн төгрөг бүтээж болох вэ гэдэг хамгийн чухал. Эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь шударга хөдөлмөрөөрөө олсон их мөнгөө тоолохтой адил эерэг урам зоригийг дотооддоо ч, гадаад ертөнцөд ч өгнө.

 

-Тухайлбал, таныхаар ямар нөлөөлөл үзүүлнэ гэж?

 

-Нэгдүгээрт, мөнгөөр үл хэмжигдэх, Монголдоо хөгжил дуудах, Монгол Улс, монголчууд гэж хэн бэ гэдгээ олон улсад харуулах ач холбогдлыг тооцох хэрэгтэй. Монгол бол нээлттэй засаглал, нээлттэй зах зээлийн эдийн засагтай орон. Тэгсэн атлаа Куба, Хойд Солонгос шиг хаалттай төрийн бодлоготой, Венесуэл шиг бүхнийг нийгэмчилж, бүгдийг төрийнхөө мэдэлд хураагаад дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн явах бололцоогүй. Бид л эндээ Оюу толгой, Таван толгой гэж яриад байгаа болохоос дэлхийд бол Монгол Улс, монголчууд л гэж ярьж байгаа. Өнөөдөр Монголд маань бүх юм байна. Чадварлаг залуус, чадалтай компани ч олон болж.

 

Гэхдээ Монгол Улс хөгжихөд гаднынхны мөнгө, технологи, ноу хау зайлшгүй хэрэгтэй. Энэ утгаар нь харвал Оюу толгой төслийг хөдөлгөх нь дэлхийн дүрмээр гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо дуудах, хүлээн зөвшөөрөх эерэг дуудлага болно. Энгийнээр, замын хөдөлгөөний дүрэмтэй зүйрлэж хэлбэл Оюу толгой төсөл хөдлөх болсноор гадаадын хөрөнгө оруулагчдын өмнө ямар ч гэсэн анивчсан ногоон гэрэл аслаа.

 

-Анивчсан гэрэл хэзээ хүлээн зөвшөөрсөн ногоон болох вэ?

 

-Одоо залгаад Т аван толгойг, гацаатай түгжээтэй бусад төслөө ч эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгтэй.

 

-Таван толгой одоо ч ажиллаж л байгаа шүү дээ?

 

-Тийм л дээ. Гэхдээ дэлхийн хэмжээний энэ орд дэлхийн дүрмээр эдийн засгийн эргэлтэд орж, дэлхийн зах зээл дээр гарч байж улсын хөгжилд, ард түмний халаасанд мэдрэгдэхүйцээр хувь нэмрээ оруулна.

 

Одоо бол нүүрсээ хилийн үнээр зарж, 1072 хувьцаатай иргэд ноогдол ашиг хүртэх нь битгий хэл, саналын эрх ч үгүй явна. Тэгсэн атлаа сонгуульд ялсан улстөрчдийн шахааны газар болсон, үе үеийн удирдлагууд нь хууль хяналтын байгууллагаар шалгуулсан компани ажиллаж байна шүү дээ.

 

-Оюутолгойн төслийн өгөөжийн тухай дэлгэрүүлэн ярихгүй юу?

 

-Оюу толгой төслийг анх хөдөлгөснөөр манай улсын ДНБ үндсэндээ гурав дахин томорсон. Энэ төсөл манай улсын валютын нөөцөд, төгрөгийн чангаралтад хамгийн их хувь нэмрээ оруулдаг байлаа. Зөвхөн Оюу толгойгоос ашигт малтмал ашигласны татвар гэж улсын төсөвт жил бүр 500-600 сая ам.доллар авч байгаа.

 

Энэ нь манай улсын нийт төсвийн орлогын 10 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. Оюу толгойн хөрөнгө оруулалтын оргил үе болох 2012 онд уг төслийг болон түүнийг дагасан хөрөнгө оруулалт нийлээд 7.5 тэрбум ам.долларт хүрч байлаа. Оюу толгой төслийн шууд хөрөнгө оруулалт 4.6 тэрбум ам.доллар байсан.

 

Энэ хэрээр валютын нөөц нэмэгдэж, дотоодын компаниудын бүтээн байгуулалтын ажлууд идэвхтэй явж байсан юм. Гадаадын ноу хау, менежментээс Монголын олон компаниуд маш их зүйлийг сурсан. Одоо Оюу толгойн далд уурхайн ажил эхэлснээр нийт таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт шууд утгаараа орох юм. Жил бүр Монголд орж ирэх мөнгөн урсгал нь хоёр их наяд төгрөгөөр хэмжигдэнэ. Жишээ нь, энэ төсөл ид идэвхтэй ажиллаж байх үед Монголын эдийн засагт эргэлдэж байгаа гурван төгрөг тутмын нэг нь Оюу толгойн мөнгө гэдгийг улсын Ерөнхийлөгчөөсөө эхлээд эдийн засагчид хэлдэг байсан. Гэтэл төсөл гацсанаар энэ мөнгө байхгүй болсон.

 

Харин далд уурхайн ажил эхэлснээр хамгийн багадаа л энэ тоон харьцаа эргэж сэргэнэ, хадгалагдана. Одоо таны халаасанд байгаа гурван төгрөг тутам дээр “Оюу толгой төслийн өгөөжийн мөнгө" гэж нэг төгрөг нэмэгдэх бололцоотой боллоо. Жишээ нь, та өдөрт хэтэвчиндээ 30 мянган төгрөгтэй байдаг бол Оюу толгойн далд уурхайн ажил эхэлсний дараа 40 мянган төвөггэй явах эдийн засгийн орчин, идэвхтэй урсгал бий болж байна.

 

-Оюутолгой дээр гишүүд янз бүрийн байр суурийг илэрхийлж байгаа. Таны хувьд цаг алдалгүй явуулах ёстой гэж байна. Яагаад яаравчлах ёстой гэж?

 

-Оюу толгойг яагаад цаг алдалгүй явуулах ёстой вэ гэхээр гаднын хөрөнгө оруулагчид Монгол Улсын Засгийн газар Оюу толгойгоо хэрхэх бол гэдгийг анхааралтай ажиглаж байна. Оюу толгой бол манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын орчны гол индикатор болсон. Бас дотоодын эдийн засгийг хямраах, эсвэл өсгөх “дархлааны ганц вакцин” нь Оюу толгой болчихсон юм.

 

Манай орны эдийн засгийн хүндрэл гадны шууд хөрөнгө оруулалт багассанаас болсон шүү дээ. Ер нь аливаад, бизнест ч “томын жишиг” гэж ойлголт байдаг юм. Банк санхүүгийн салбарт л гэхэд бодлогын банкууд гэж байдаг. Жишээ нь, Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци манай Оюу толгойд зээл өглөө гэхэд тэднээс жижиг, актив багатай банк, хөрөнгө оруулалтын сангууд дагаад зээл өгөх жишээтэй.

 

Өөрөөр хэлбэл, Оюу толгой төслийг биднээс том Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци эрсдэлгүй гэж үзээд өгч байхад бидэнд ч эрсдэлгүй гэж жишиг байдлаар ханддаг. Үүнтэй нэгэн адилаар Оюу толгой том, дэлхийн хэмжээний төсөл учраас нэг талаар манай улсын гадаадын хөрөнгө оруулалтын бодлого, орчин мэт гаднынханд харагддаг болсон.

 

Тийм учраас Дубайд болсон үйл явдал бол Оюу толгой төслөөр дамжуулж гадаад ертөнцөд эерэг мессэжүүдийг өгч чадсан. Зочин уриагүй байж гэртээ хүн ирсэнгүй гэж уурлаад байж болохгүй биз дээ. Сая бол Ерөнхий сайдыг зочдоо урьж Дубайгаас урилгаа илгээчихээд ирлээ гэж бодож байгаа.

 

-“Дубайн гэрээ”-гээр 30 жилээр Монгол Улс үр ашгаа авч чадахгүй нь гээд байгаа биз дээ?

 

-Монгол Улсад өмнө нь хэрэгжиж байсан “Эрдэнэт”, Багануур, “Монголросцветмет” зэрэг томоохон төслүүд 20-30 жилийн дараа өгөөжөө өгч байсан юм. Улс орнууд уул уурхайгаас нэгдүгээрт, эдийн засгийн үр өгөөж, хоёрдугаарт, тодорхой татваруудын өгөөжийг хүртдэг. Гуравдугаарт, төсөл нь амжилттай хэрэгжвэл хувьцааны ногдол ашиг хэлбэрээр тодорхой өгөөжүүдийг хүртэнэ. Энэ бол ямар ч бизнест байдаг олон улсын дүрэм. Тэгвэл манай зарим улстөрчид энэ гурван дүрмийн урвуу дарааллаар буюу нэгд ноогдол ашиг байх ёстой гэж тайлбарлаад байна.

 

Дэлхийн стандарт болсон хооллох соёлоор бол хүн эхлээд нэг, дараа нь хоёр, гуравдугаарт дисертээ иддэг биз дээ. Тэгвэл манай зарим улстөрчид Оюу толгой дээр нэг, хоёрдугаар хоол хамаагуй, хамгийн түрүүнд бид дисертээ л идэх ёстой гэж зүтгээд байх юм. Төслийг улсын төсөвт шууд болон шууд бусаар өгч буй өгөөжүүдийг бодитоор харах, мэдрэх хэрэгтэй л дээ. '‘Эрдэнэт”, Багануур, “Монголросцветмет” нэгдэл өнгөрсөн хугацаанд Монголын эдийн засагт ямар өгөөж өгсөн талаар саяхан судалгаа хийсэн байна.

 

Тэгэхэд эдгээр том үйлдвэрүүдийн Монгол Улсын эдийн засагт өгсөн нийт мөнгөний 90 гаруй хувь нь татвар, 10 хувь нь л ноогдол ашиг байж. Хэрвээ андуураагүй бол Хөрөнгө оруулалтын гэрээгээр Монгол Улс 34 хувьдаа ногдох ашгаа 2021 оноос авч эхлЭх шиг санаж байна.

 

Одоо бидний өмнө Оюу толгой төслийг хөдөлгөөд жил бүр татвар болон бусад өгөөжийг нь хүртээд явах уу, өнөөдрөөс хойш зургаан жилийн дараа авах ноогдол ашгаа хүлээгээд суух уу гэдэг хоёр сонголт байна. Нэгдэхийг нь сонговол ноогдол ашгийг хуваах 2021 он хүртлээ жил бүр 90 хувийн өгөөжийг татвараар хүртэнэ. Хоёр дахийг нь сонговол зургаан жилийн дараа Оюу толгойн нийт өгөөжийн 10 хувьтай тэнцэх ашиг авна.

 

Өөрөөр хэлбэл, жил бүрийн 90 хувийн татварын өгөөж, зургаан жилийн дараахь нэг удаагийн 10 хувийн ноогдол ашиг гэсэн хоёр сонголт бидний өмнө байна. Үүнээс гадна төслийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэлтийн шууд бус өгөөжийг энд тоочиж барахгүй. Тэгэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтад зориулж одоо авах зээл нь компани дээр ирж байгаа учраас энэ нь ноогдол ашиг хуваах гэрээнд заасан хугацаанд яаж нөлөөлж байгааг ярилцаж ойлголцох хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй.

 

-УИХ-ын зарим гишүүд төслийн төлөвлөгөөн дээр гарын үсэг зурлаа хэмээн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг ярьж байна…

 

-Санаачилгыг бүрэн эрхийнхээ хүрээд бусад гишүүд гаргаж байгаа ч, Ерөнхий сайдаа огцруулах, үгүй нь хамгийн олон суудалтай АН-ын л асуудал. Ер нь бид ойлголтоо нэгтгэж хэн нь хаана байх ёстой, хэзээд нь дуугарахаа мэддэг баймаар байна. Зэс, нүүрс ганц Монголд байдаг юм биш. Дэлхий ганцхан Монголыг тойрч эргэдэггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрвээ ойлгож байгаа бол одоо дотооддоо ойлголцоод урагшаа явдаг цаг. Түүнээс бус, хэрэлдэж, талцаж маргаж байран дээрээ хий эргэдэг цаг үе ерөөсөө биш.

 

Биднийг тойрсон өрсөлдөгчид маань биднээс хамаагүй хол явчихлаа. Аягүй бол бид баялгаа дэлхийн зах зээлийн үнээр нь худалдах зах зээлгүй, тэгсэн хэрнээ дэлхийн зах зээлд хамгийн ойрхон байрлалтай л улс болж хоцрох нь. УИХ бол бодлого тодорхойлдог болохоос тодорхойлсон бодлогоо өөрсдөө зуурдаг бүтэц ерөөсөө биш. Энийгээ мэдэж байгаа бол улстөрчид аж ахуйн ажилд оролцдогоо л болих хэрэгтэй. Монгол Улс парламентын засаглалтай. Засгийн газар нь Засгийн газрынхаа ажлыг хийгээд явах ёстой. Аж ахуйн шинжтэй бүх ажлыг УИХ нь хийгээд, хийх гэж өөр дээрээ татаж авчраад байж болохгүй.

 

Бид нэг үе "давхар дээл”- ээс болоод УИХ нь Засгийн газрынхаа хуулийн хэлтэс шиг боллоо гэж баахан шүүмжилсэн. Тэгвэл өнөөдөр УИХ нь Засгийн газраа УИХ-ын Тамгын газар шигээ ажиллуулах гээд байна. УИХ, Засгийн газрын харилцан хяналт, тэнцвэрт байдал, баланс алдагдаж УИХ тал руугаа хэт хэлбийчихлээ. Засгийн газар бол АН-ын, зарим улстөрчдийн сонгуулийн РГС-ын баг биш шүү дээ. Сонгууль дөхсөн нэрийдлээр хувийн ашиг хонжоо хайж улс орныхоо ирээдүйг барьцаанд тавьсан богино зайн улстөр хийж болохгүй.

 

-Ерөнхий сайдыг огцруулна гээд байгааг юу гэж харж байгаа юм бэ?

 

-Уг нь Оюу толгой дээр болж байгаа үйл явдал бол УИХ битгий хэл, Засгийн газар оролцох шаардлагагүй асуудал. Яах вэ, шийдэл гаргах гэсэн байх л даа. Гэхдээ компани хоорондоо шийдээд явчих асуудлыг Ерөнхий сайд Засгийн газар дээрээ авчирсан, гарын үсэг зурах үйл явдалд Ерөнхий сайд өөрөө оролцсон нь асуудлыг улстөр болгочих шиг боллоо. Түүнээс бус, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль ном, баримт бичгээ харвал эрдэс баялгийн салбарт төр өөрийн оролцох оролцоогоо маш тодорхой болгочихсон. УИХ- аас Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийг баталсан.

 

Төр цаашид эрдэс баялгийн салбарт ямар хэлбэрээр орж, ямар хэлбэрээр зохицуулалт хийх вэ гэдгийг тэнд зохицуулж өгсөн. Төр тодорхой хяналтуудаа тавьж, байгаль орчны стандартуудаа шахна. Хяналт стандарт  лиценз-лиценз, стандарт, хяналт гэсэн хүрээнд л төр оролцоно. Харин уурхайн үйл ажиллагаанд шууд оролцож операторын үйл ажиллагаа явуулах эрх төрд болохгүй.

 

Гэтэл Оюу толгой, Таван толгойн өмнө нь хийж байсан, одоо явж байгаа хэлэлцээрээр бол эдгээр төслийн менежментийгхэн хийх вэ гэдэг маргаан яваад байгаа. Тэр маргаанд төр оролцох эрхгүй байхад л зарим УИХ-ын гишүүд маань өөрсдийнхөө тодрох талбар болгочихоод байгаа юм. Гэтэл цөөхөн хүн тэгж тодорсны, уул уурхайн салбарыг хэт улс төржүүлснийхээ горыг улсаараа амсч байгаа.

 

-Таван толгой төсөл Оюу толгойгоосоо бараг түрүүлээд хөдөлчих юм яриад байсан одоо болтол шийдэж чадсангүй. Л.Эрдэнэчимэг гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийг л хүлээж байх шиг?

 

-Асуудлыг УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй байхад УИХ-ын Ажлын хэсэг байгуулсан нь өөрөө хууль зөрчсөн, өмнө нь байгаагүй жишиг болсон. Одоогоор ажлын хэсгийн нэгдсэн байр суурь, дүгнэлт гараагүй байна. Тийм байхад гишүүд нь.тус тусдаа өөр, өөрийн байр суурийг илэрхийлэх, ажлын хэсгийн ахлагч нь аль нэгэн бүлэглэлийн сонирхлыг ажлын хэсгийн дүгнэлт мэт илэрхийлэх нь буруу гэж бодож байгаа.

 

Энд Таван толгойн төслөөс гадна монгол төрийн институциудын хил хязгаар, ажил яаж явдаг процедурын дэг жаяг давхар байгааг бодох хэрэгтэй. Ерөнхийдөө л УИХ нь Засгийн газрын эрх мэдлийг булаацалдсан, Тавантолгой төслийг хойшлуулах, бүдэгрүүлэх бүлэглэлийн улстөр л энд яваад байгаа.

 

-Ер нь Тавантолгой твслийн өгөөжийг та яаж харж байгаа вэ?

 

-Уул уурхайн төслүүдэд улс төрийн гэхээсээ илүүтэйгээр эдийн засгийн, бизнесийн төслүүд байгаасай л хүсч байна. Хэрвээ эдийн засгийн, бизнесийн төслүүд байж чадвал Монгол Улсад, монголчуудад өгөөжөө егнө. Жишээлбэл, Оюу толгой төсөл хөдөлснөөр тус төсөлд хийсэн нэг ам.долларын хөрөнгө оруулалт нь бусад салбарын хоёр ам.долларын хөрөнгө оруулалт болдог. Уул уурхайн салбарын үр өгөөжийг зөв тооцож, бусад орны тоглодог, хүлээн зөвшөөрдөг тоглоомын дүрмээр тоглох учиртай. Таван толгойн төсөл яг тийм юм.

 

Яагаад гэвэл би Таван толгойн гэрээний заалтуудыг бүгдийг нь уншсан. “Эрдэнэс Таван толгой” дангаараа явбал манайд ямар ашигтай, Энержи ресурс, Шинхуа, Сумитомо консерциумын төсөл нь ямар ашигтайг харьцуулж үзсэн. “Эрдэнэс Таван толгой” компани өнөөдрийг хүртэл апдагдалтай яесаар ирлээ. 1072 ширхэг хувьцаа амь орох ямар ч боломжгүй болчихлоо. 1072 ширхэг хувьцааг энэ компанийн алдагдалд хуваахаар бид ашиг олох бус харин ч эсрэгээрээ нэг хувьцаанд 400-500 мянган төгрөгийн алдагдал хүлээх нөхцөл байдалд хүрчихээд байна.

 

Бид нүүрсний салбарт экспортлогч орон байх юм бол нэг цонхны бодлого явуулж яавал Монгол Улсын нүүрс бусад орны нүүрстэй өрсөлдөх чадвартай болох вэ гэдгийг яриХ ёстой. Түүнээс биш, хэн төмөр зам тавих, хэн уурхайг олборлож эзэмших нь тийм ч сонин биш. Эргээд гурван' сая монголчууд нүүрсний экспортоос ямар өгөөж хүртэх вэ гэдэг л хамгийн чухал. Өөрөөр хэлбэл, Оюу толгой, Таван толгой дээр шийдэл, сонголтын аль аль нь хамгийн зөв байх ёстой. Хэрвээ зөв сонголт, шийдлээ олж чадвал улсаараа, монгол хүн бүр хожно.

 

-Тавантолгойн төсөл яваад эхэлбэл хичнээн ажлын байр шинээр бий болох юм. Эдийн засгийн өгөөж нь ямар байх юм. Туслан гүйцэтгэгч хичнээн компани бий болох бол?

 

-Хэрэв энэ консерциумтай хамтран ажиллах юм бол нүүрснээс экспортын 4.5 тэрбум ам.долларын орлого олно. Харин Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ явбал нүүрсний экспортоос таван жилд 990 сая ам.доллар олох юм. Тав дахин их орлого олох асуудал яригдаж байгаа биз. “Эрдэнэс Таван толгой” дангаараа ажиллах юм бол таван жилд 500 сая ам.долларын алдагдалд орно, харин консерциумтай ажиллавал зөвхөн нүүрсний хамтын ажиллагааны төлбөрөөс 108 сая ам.доллар олно.

 

Эрдэнэс Таван толгой энэ чигээрээ үргэлжилбэл ирэх таван жилд улсын төсөвт 167 сая ам.долларын орлого орно. Консерциумаар явбал таван жилдээ 1.2 тэрбум ам.долларын орлого олохоор байна. Эрдэнэс Таван толгой уурхайг олборловол таван жилд 36 сая тонн нүүрс олборлоно, консерциум бол 117 сая тонн баяжуулсан нүүрс экспортлох боломж бүрдэнэ.

 

Консерциум ажлаа явуулбал жилд татвар хэлбэрээр нүүрсний үнээс шалтгаалан 200-500 сая ам.долларын орлого олж, найман мянган монгол хүн ажлын байртай болно. Энэ бүтээн байгуулалтын үед дотоодын 2000 аж ахуй нэгж туслан гүйцэтгэгчээр ажиллана. Ийм ийм бодит өгөөжүүдийг нь ярих ёстой. Хараад ашигтай гэснээ сонгоод стандартаа мөрдүүлж, шаардлагаа тавьж, гэрээнд заасан татвар хураамжаа аваад суух нь төрийн гол ажил.

 

-Чалкогийн өр юу болж байна?

 

-Одоо 130 орчим сая долларын үлдэгдэлтэй байгаа. Уурхай хөдлөхгүй ингээд зогсвол бидний өр нэмэгдээд байна, хүүтэй зээл учраас. Өдөр бүр хүү нь яваад байна гэсэн үг. Оюу толгойн 34 хувь чинь бас хүүтэй зээлд явсан хувь. Манайхан гурван жил хэрэлдэхэд зөвхөн хүүгийн зардалд 300 сая ам.долларыг ард түмэн төлөхөөр болчихож байгаа юм. Тэгэхээр энэ маш үнэтэй хэрүүл болж байгаа биз.

 

Таван толгойн цахилгаан станцаа бариад Оюу толгой компанид эрчим хүчээ өгсөн бол жил бүр 100 сая ам.долларын орлого олох байлаа. Монгол Улс энэ мэт бүх боломжуудаа алдсаар байна. Хэрүүлийг нь хэдэн улстөрчид хийгээд, хүүгийн төлбөрийг нь ард түмэн төлж байгаа нь шударга бус л даа.

 

-Оюутолгой ч ингээд явчих байх. Тавантолгойгоо шийдээд энэ хоёр төсөл зэрэг хөдөлбөл эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлнэ гэж харж байгаа вэ, та?

 

-Ер нь хүн бүрийн хүсэл “хоёр толгой’’-г зэрэг хөдөлгөх шүү дээ. Өнөөдөр Монголын эдийн засагт төлбөрийн баланс алдагдсан. Төлбөрийн баланс алдагдсан гэдэг нь валютын эх үүсвэргүй болчихсон гэсэн үг. Валютыг дөрвөн эх үүсвэрээс олдог. Нэгдүгээрт, гадаадын шууд хөрөнгө оруулалт. Хамгийн ихдээ 4.6 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт ордог байсан эх үүсвэр байхгүй болчихлоо.

 

Энэ оны эхний улирлын байдлаас харахад гаднын хөрөнгө оруулалт хасах үзүүлэлттэй болчихоод байна. Хоёрдугаарт, экспорт байдаг. Бидний гаргаж буй бүтээгдэхүүний хэмжээ буураагүй ч үнэ нь хоёр дахин багасчихсан. Манай экспортын голлох бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, нүүрс, зэсийн үнэ дэлхийн зах зээлд буурч байгаа нь бидний өрсөлдөх чадвар буурч байна гэсэн үг. Өнгөрөгч дөрвөн жилд тээвэр ложистигоо шийдэж чадаагүйн улмаас Чингэс бондын хэмжээтэй 1.5 тэрбум ам.долларыг бид алдсан.

 

Гуравдугаарт, тодорхой хэмжээний алт олборлож валютын нөөцөө хангадаг бол дөрөвдүгээрт, зээл авах зам үлддэг. Манай улс энэ дөрвөөс л валютын нөөцөө бүрдүүлдэг. Гэтэл одоо валютын ганц эх үүсвэр нь зээл тусламж гээд ярьж байна. Бид бүх валютын хэрэгцээгээ дандаа зээлээр хангаад байж болохгүй. Тэр бол дампуурал руугаа явж байгаатай адил. Харин “хоёртолгой”-г зэрэг хөдөлгөх нь хөгжил рүүгээ явж байгаа хэрэг юм. Ганцаараа бол хурдан, олуулаа бол илүү хол явна гэдэг биз дээ. Монгол Улсын эдийн засгийг тэтгэх төслүүд олон байх тусмаа л бид хурдан хөгжинө.

 

17.5 хувийн өсөлттэй үед эдийн засаг зөв явж, иргэдийн санаа сэтгэл ч өөдрөг байсан. Ард түмний нүд илт сэргэж ингээд л удахгүй Араб болох нь гэж байтал сонгуулийн дараа Африк болгоод хаячихсан. Өнөөдөр бид байгаа байгалийн баялаг, нөөц, ойрхон зах зээлээ тэдгээрийг ашиглаж чадаагүй алдсан цаг хугацаатайгаа харьцуул бал аль хэдийнэ Африк болж эхэлсэн. Африкийн орнууд шиг болно гэдэг нь тэдэн шиг туйлдаа хүртэл ядуурснаар шинж тэмдэг нь илэрдэг юм биш.

 

Тэдний ядуурсан, баялгаа буруу ашиглах зам, схемд орж эхэлснээр илэрдэг юм. Өнөөдөр шийдэл нь гарсан ч Оюу толгойн далд уурхайн ажил хараахан эхлээгүй, санхүүжилтээ хайж байна. Тавантолгойн төсөл УИХ-д орж ирсэн ч юм шиг, орж ирээгүй ч юм шиг таг зогслоо. Эндээс, энэ хоёр толгойг хөдөлгөх үгүйгээс хамаараад бид өнөөдөр нэг бол Араб шиг хөгжих, эсвэл Африкийн орнуудын замаар орох гэсэн хоёр сонголтын өмнө зогсч байна.

 

-Манай эдийн засагчид болон улс төрчид “Стэнд бай” хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх ёстой гэдэг зүйлийг яриад байгаа шүү дээ?

 

-Хэрвээ ойрын хугацаанд Оюу толгой, Таван толгой хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол энэ хөтөлбөрөөс өөр сонголт байхгүй.

 

-Хоёр толгой явчихвал…

 

-Валютын эх үүсвэрүүд ороод ирнэ. Хоёр төслөө даруйхан хөдөлгөчихвөл энэ ондоо гэхэд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, нэг тэрбум ам.долларын татварын орлогууд орж ирнэ.

 

Энэ байдлаар өгөөжүүдээ шууд хүртээд эхэлбэл Олон улсын валютын сангийн “Стэнд бай” хөтөлбөрийг авах шаардлагагүй болно. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үгүйг хоёр том төсөл л шийдэх юм. Хоёр толгойн төсөл хөдлөхгүй нь нэгэнт тодорхой болчихвол цаг алдалгүй энэ хөтөлбөрийг авах ёстой. Өөр зам байхгүй.

 

-Ярилцсанд баярлалаа.

 

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж