Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар 2012 онд олон улсын хөрөнгийн зах зээлд Чингис бондыг амжилттай арилжаалсан. Тодруулбал, олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.5 тэрбум ам.долларыг 5-10 жилийн хугацаатай, 4.1-5.1 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг мөнгөнөөс экспортыг дэмжих, импортыг орлох 888 төслийг санхүүжүүлсэн билээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ 2018 онд Хөгжлийн банканд хийсэн аудитын дүнг танилцуулсан юм. Тэрбээр Хөгжлийн банкнаас таван их наяд төгрөгийн зээл олгосон. Үүний 60 хувь нь буцаан төлөгдөх боломжгүй болсон, 70 хувь нь найдваргүй зээл гэсэн мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн билээ. Чингис бондын 1.5 тэрбум ам.долларын зээлийн 500 сая ам.долларыг өнгөрсөн 2018 онд төлж барагдуулсан. Үлдсэн нэг тэрбум ам.долларыг ирэх 2022 онд төлнө.
Хөгжлийн банкнаас зээл авсан, найдваргүй гэх төслүүдийг танилцуулъя. Зарим нь өөрийн санхүүжилт дээр тус банкнаас зээл авч бүтээн байгуулалт хийсэн байдаг. Харин ТОСК-ийн орон сууцны хорооллууд цэвэр Хөгжлийн банкны зээлээр санхүүжсэн төслүүд юм.
ТОСК-ТӨРИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИ
ТОСК-ийн ерөнхий захирлаар АН-ын үед А.Гантулга ажиллаж байсан. Одоо Ж.Хичээнгүй ажилладаг. Тус корпораци Хөгжлийн банкны хамгийн өндөр зээлдэгч. Авсан зээлээ таван жилийн дараа төлнө гэдэг эргэлзээтэй.
Авсан зээл: 355.5 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 257.5 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2024.12.01.
Хэрэгжүүлсэн төсөл:
- Буянт-Ухаа 1 орон сууцны хороолол
- Буянт-Ухаа 2 орон сууцны хороолол
- Барилга хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор
- Шинэ яармаг орон сууцны хороолол
Барьсан орон сууцны борлуулалт нь муу. Тиймээс төрөөс тус орон сууцны хорооллуудыг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулж буй. "Буянт-Ухаа 1", "Буянт-Ухаа 2" орон сууцны хорооллуудын барилга угсралтын ажлыг “Үндэсний бүтээн байгуулалтын корпораци” хийж гүйцэтгэсэн. "Буянт-Ухаа 2" орон сууцны хороолол бүхэлдээ Хөгжлийн банкны барьцаанд тавигджээ.
КЬЮ ЭС СИ ХХК
Аудитын дүгнэлтээр Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан зээлдэгчдийн нэг.
Авсан зээл: 187.6 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 161.3 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2018.12.03
Хэрэгжүүлсэн төсөл:
- Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дахь Төмөртэйн уурхайгаас Ерөө суманд орших “Болд төмөр Ерөө гол” компанийн төмөр замын Хандгайт өртөө хүртэл барьж байгуулах 33.4 км төмөр замын төсөл.
2016 онд УИХ-ын дарга асан З.Энхболд төмөр замын бүтээн байгуулалтын нээлтэд оролцож байв. Тодруулбал, “Кью эс си” ХХК нь суурь дэд бүтцийн ажил болох Хандгайт-Төмөртэйн чиглэлийн төмөр замыг барьж байгуулсан бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдрөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлж, Засгийн газрын 77 дугаар тогтоолын дагуу Хандгайт-Төмөртэй чиглэлийн төмөр замыг өөрийн өмчид шилжүүлжээ.
МАК ЦЕМЕНТ ХХК
Монголын барилгын зах зээл хятадуудаас хараат байсан нь саяхан. Хавар барилгын ажил эхлэх үед урд хөршөөс импортолдог барилгын материалын үнэ огцом өсдөг байв. Тиймээс Ардчилсан нам эрх барьж байх үедээ импортыг орлох төслүүдэд Хөгжлийн банкнаас санхүүжилт олгосны нэг нь МАК.
Авсан зээл: 166.5 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 166.5 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2017.12.15
Хэрэгжүүлсэн төсөл:
- Хөх цавын цементийн үйлдвэр. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт МАК евро цемент үйлдвэр.
2017 оны зургадугаар сард тус үйлдвэр ашиглалтад орж, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат уг арга хэмжээнд оролцож байв. Даланжаргалан сумын нутагт бүтээн босгож байгаа энэ үйлдвэрт 400 гаруй хүн ажиллаж байна. Дотооддоо цемент үйлдвэрлэж эхэлснээр цементийн импортын хараат байдлаас гарч цаашдаа гадаад зах зээлд бүтээгдэхүүн экспортлох боломжийг бүрдүүлнэ гэж тухайн үед албаны хүмүүс онцолж байлаа.
Үндэсний үйлдвэр барих энэхүү нүсэр төслийг хэрэгжүүлэхэд нийт хөрөнгө оруулалт нь 330 сая гаруй ам.доллар. Үүний 166.5 тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлжээ.
Төслийн хүрээнд төмөр замын Олон-Овоот өртөөнөөс 1.9 км зам, Говьсүмбэр аймгийн төвөөс 65 км зайнд 110 кВт хүчин чадалтай агаарын шугам татаж, 110/35-ын дэд станц барьж байгуулсан байдаг. Монголын топ 10 татвар төлөгчид багтдаг.
ХӨТӨЛ ХХК
Импортыг орлох, экспортыг дэмжих төслийн хүрээнд тус компанийн төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлжээ.
Авсан зээл: 161.5 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 161.5 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2020.10.19
Хэрэгжүүлсэн төсөл:
- Хөтөл “Цемент шохой” компанийн технологийн шинэчлэл.
2014 онд жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай хуурай аргын технологийн шинэ үйлдвэр ашиглалтад орсон. Нийт өртөг нь 250 тэрбум. Үүний 161.5 тэрбумыг Хөгжлийн банкнаас зээлсэн. Уг бүтээн байгуулалтад Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал-Төрийн Гэрэгэ хүртээж байв.
БЭРЭН ГРУПП
Барилга, уул уурхай, хүнсний салбарт олон охин компанитай тус групп Хөгжлийн банкны томоохон зээлдэгчдийн нэг.
Авсан зээл: 102.4 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 101.8 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2022.10.15
Хэрэгжүүлсэн төсөл:
- Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд “Хангай” орон сууцны хороолол
- Барилгын арматурн үйлдвэрийн төсөл
Уг группын гол эзэн нь А.Хүрэлшагай гэх хүн байдаг гэсэн яриа барилгынхны дунд бий. “Хангай” орон сууцны хорооллоос “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ороогүй 223 айлын орон сууцыг улс худалдан авсан байдаг. Энэ асуудлаас болж Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан З.Баянсэлэнгэ хууль, шүүхэд шалгагдаж байгаа билээ.
ЭРЭЛ КОМПАНИ
УИХ-ын гишүүн асан, Эрэл намын дарга Б.Эрдэнэбатын компани гэдгийг монголчууд андахгүй. Нэг хэсэг мандан бадарч байсан үе тус компанид бий.
Авсан зээл: 99.5 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 99.5 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2026.12.20
Хэрэгжүүлсэн төсөл:
- Байшин үйлдвэрлэх комбинат үйлдвэрийн төсөл.
Үйлдвэрийн нээлтэд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож байсан бол өнгөрсөн жил Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан. Тэрбээр “Ийм автомат, стандартын үйлдвэр ашиглалтад орсон нь том алхам гэж бодож байна. Харин үүнийг хэрхэн ажил болгох талаарх асуудлаа Улаанбаатар хотын засаг захиргаа, Засгийн газарт танилцуулах хэрэгтэй. Маш сайхан үйлдвэр байна. Цаашид дэмжиж ажиллана” гэж сэтгэгдлээ илэрхийлж байлаа.
МОНГОЛ ДРАЙ МИЛК
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдтай хамт Хэнтийд ажиллаж байхдаа тус компанийн барьсан хуурай сүүний үйлдвэртэй танилцаж байв.
Авсан зээл: 39.4 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 39.4 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2023.12.19
Хэрэгжүүлсэн төсөл:
- Хуурай сүү төсөл.
- Сумдад хуурай сүүний 60 цех байгуулах.
Хамгийн эхний үйлдвэр нь Хэнтий аймгийн Баянхутагт суманд баригдсан бөгөөд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрийн нээлтэд оролцох үеэр “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд Баянхутаг суманд “Монгол хуурай сүүний” үйлдвэр болж” буйг сайшаасан байдаг.
МОНГЕМА
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн танилцуулсан Хөгжлийн банкнаас илэрсэн “зөрчлүүд”-ийн нэг. Мах, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Авсан зээл: 9.9 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 9.9 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2024.10.25
Хэрэгжүүлсэн төсөл:
- Муур нохойн тэжээл үйлдвэрлэлийн төсөл.
Үйлдвэр барилгын засварын ажил дуусаагүй байгаа аж. Ямартай ч үйлдвэрийн нээлт болсон эсэх тухай мэдээлэл байхгүй. Өр, төлбөрийн асуудлаар Хөгжлийн банкныхан тус компанийн удирдлагуудтай 2018 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдөр уулзалт зохион байгуулжээ. Уулзалтаар төлбөрийн зөрчлийг 2018 оны арваннэгдүгээр сарын 9-ний дотор төлж барагдуулахыг үүрэгдсэн байдаг.
МОН ЛАА
Төмрийн баяжмалын экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.Тодруулбал, Элстэйн төмрийн ордод үйл ажиллагаа явуулдаг.
Авсан төсөл: 5.6 тэрбум төгрөг
Зээлийн үлдэгдэл: 5.6 тэрбум төгрөг
Төлж барагдуулах хугацаа: 2017.12.19
Хэрэгжүүлсэн төсөл:
- Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэрийн төсөл
Тус компани өмнө нь лаа үйлдвэрлэдэг байсан бол өдгөө уул уурхайн салбарт хүч үзэх болсон. Тус компанийн ерөнхий захирал Х.Энхсайхан том салбарт хүч үзэж байгаагаа хэвлэлд өгснө ярилцлагадаа дурдсан байдаг. Хөгжлийн банкнаас зээл авч, төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах төслөө 2015 оноос хэрэгжүүлж эхэлсэн байна. Жилдээ дунджаар 560 мянган тонн төмрийн хүдрийн нойтон баяжмал үйлдвэрлэнэ гэж төсөлдөө тооцсон ч одоогоор гүйцэтгэл нь тун муу. Төслийн гүйцэтгэл 50 хувьтай, гэтэл өр төлөх хугацаа нь жил, зургаан сараар хэтэрчээ. Зээлийн хүүгийн төлбөр 2.5 тэрбумд хүрсэн гэх.
Ж.ЭРХЭС
Холбоотой мэдээ