Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Гунигт эрийн түүх

Гунигт эрийн түүх

“Матрикс”, “Нуурын эргийн байшин”, “Мөрөөдлийн арваннэгдүгээр сар”, “Хурд”, “47 самурай”, “Давалгаан дээр”, "Жон Вик" зэрэг кинондуудад гол дүр бүтээсэн нэрт жүжигчин Киану Ривз Холливудын хамгийн даруухан жүжигчдийн нэг юм. Энгийн, даруу зарим үед бүр санаанд оромгүй энгийн үйлдэл гаргадаг нь хов живэнд дуртай нэгний хэл амны бай болгодог. Бусад оддын адил үнэтэй тансаг орд харшид амьдарч, том хар машин хөлөглөн явж болох байсан ч тэр тэгдэггүй. Жирийн олны өглөө ажилдаа, орой гэр рүүгээ яардаг метронд чихэлдэн орж, гудамжаар хямдхан хувцас өмсөн алхаж байгаа нь харагддаг. Түүний энэхүү энгийн байдал магадгүй бага насных нь хүнд хэцүү амьдрал, залуу насандаа хань ижил, үр хүүхдээ алдсантай нь холбоотой биз ээ.

Бурхан түүнд хэнд ч байхгүй авьяас чадвар, дур булаам гадаад төрх, хүдэр чийрэг бие, хүнийг өөртөө татах увдис, алдар нэр, эд хөрөнгө заяасан ч өсөхийн, элэг бүтэн байхын жаргалаа харамлажээ.

-ХОККЕЙЧИН БОЛОХ МӨРӨӨДӨЛТЭЙ ХҮҮ УРЛАГТ ХӨЛ ТАВИВ-

Тэр нэлээд асуудалтай гэр бүлд төрж өссөн байна. Киану 1964 онд Ливаны нийслэл Бейрут хотод төржээ. Бейрутын шөнийн цэнгээний газрын бүжигчин, хувцасны дизайнер бүсгүй геологич залууд дурлаж, тэд хоёр хүүхэдтэй болсны нэг нь Киану. Тэр нэг охин дүүтэй. Түүнийг гурван настай байхад архи уух дуртай эцэг нь хар тамхинд донтож, эхнэр хоёр хүүхдээ хаяжээ. Үүний дараа Кианугийн ээж хүүхдүүдээ аваад Австралид суурьшив. Дараа нь Канад, Америк гээд дэлхийн нэг өнцгөөс нөгөө рүү нүүн, хэрмэл нүүдэлчин маягаар амьдрах болж. Энэ хугацаанд тэрбээр гурван ч хойд эцэгтэй болж амжжээ.

Тогтсон гэр оронгүйн улмаас Киану сургуулиа байнга сольдог байсан аж. Аав нь гэр бүлээсээ салсны дараа хар тамхины хэргээр олон жил шоронд ял эдэлсэн бөгөөд Киану эцгийгээ одоог хүртэл уучлаагүй гэдгээ нэг удаа хэлж байжээ. Канадад бага насныхаа ихэнхийг өнгөрүүлсэн Киану хүүхэд бүрийн адил хоккейд дуртай, хоккейчин болох хүсэл мөрөөдөлтэй, чамгүй сайн хаалгач байсан бөгөөд “хана” хочтой болж байсан аж. Гэвч 15 настайдаа хөлөө гэмтээснээс болж хоккейчин болох мөрөөдлөө орхижээ.

Тэрбээр тун тааруу сурлагатай байсан гэдэг. Ганцхан хичээлд дуртай байсан нь уран зохиолын хичээл. Ялангуяа яруу найргийг ихээр сонирхдог байжээ. Хоккей тоглоод хожсоныхоо дараа Шекспирийн баатруудын монологийг гацалгүй уншиж орхидог байсан гэж түүний багын найзууд ярьдаг аж. Кианугийн хоккейчин болох мөрөөдөл гэмтлийн улмаас замхарсан ч урлаг, утга зохиолын сонирхлоо орхиогүй байна. Кианугийн ээж нийт зургаан удаа гэрлэсэн бөгөөд нөхрүүд нь бүгд урлагийн хүмүүс байсан нь хүүгийн сонирхолд нөлөөлжээ. Киану ахлах ангиа төгсөлгүй сургуулиа хаяж, ажил хийх болсон ч ажлынхаа хажуугаар жүжигчний ур чадварын дамжаанд явж эхэлсэн байна. Тэрбээр анхныхаа дүрийг автлаа маш олон ажил сольжээ. Дэлгүүрийн худалдагч, итали ресторанд тогооч, таксины жолооч гээд түүнд хийж үзээгүй ажил гэж бараг үгүй.

-ГУНИГТ ХАЙРЫН ТҮҮХ-

Тэр өдгөө 54 настай ч гэрлээгүй, бас хүүхэдгүй. Энэ нь түүний амьдралд тохиолдсон эмгэнэлтэй явдалтай холбоотой аж. Киану залуудаа Женнифер Сайм хэмээх бүсгүйд дурлаж, тэд удалгүй хүүхэдтэй болж, хүүхдээ мэндлэхийг тэсэн ядан хүлээж байжээ.

Гэтэл Женнифер амьгүй охин төрүүлсэн байна. Энэ явдлаас хойш Женнифер сэтгэлээр унаж, архи хар тамхинд донтох болжээ. Нэг жилийн дараа Кианугийн хайртай бүсгүй өөрийгөө хянах чадваргүй байхдаа машин барьж яваад авто осолд орж нас барсан нь түүний хувьд маш хүнд цохилт болсон байна. Хайртай хүнээ нас барсныг хараад тэр юу ч хэлэлгүй яваад өгсөн гэдэг. Маргааш өдөр тэр Женниферийг охиныхоо дэргэд оршуулсан байна. Үүнээс хойш тэр маш их сэтгэлээр унаж, бараг л гудамжинд гарсан гэхэд болно. Олон жил эвдэрсэн машинд амьдарч, заримдаа орон гэргүй хүмүүстэй хамт сууж байгаа нь харагддаг байж. Нэг удаа төрсөн өдрөөрөө өөртөө кекс, кофе, сэндвич худалдан аваад гудамжны сандал дээр гуниглан сууж буй нь гэрэл зурагт буужээ. Зөрөн өнгөрсөн хүн бүр түүнд баяр хүргэж байсан гэдэг.

Энэ талаар тэрбээр “Тухайн үед надад үнэхээр хэцүү байсан. Хэнийг ч харахыг, хэн­тэй ч ярихгүй хүсээгүй. Женниферийг алдсаны дараа би яг л тэнүүлчин шиг автомашинд олон жил амьдарсан. Өөрийн хаалт­тай ертөнцдөө хэ­нийг ч нэвтрүүлэхийг хүсээгүй” гэжээ. Ер нь нас барсан эхнэр, охиных нь талаар асуувал ямар ч чухал хэвлэлийн хурал байсан орхиод гарахад бэлэн байдаг талаар ойрын хүмүүс нь ярьдаг байна.

-ГАМЛЕТЫГ АМИЛУУЛСАН КИАНУ-

Хэдий “Хурд” кино Киануг олонд таниулсан ч түүний уран бүтээлийг судлаачид “Матрикс”-аас өмнө ба “Матриксаас”-аас хойш гэж ангилдаг. Дэлхий дахиныг байлдан дагуулсан “Матрикс” киноны дараа тэр хэдэн сая шүтэн бишрэгчтэй болсон ч үүнээс өмнөх дүрүүд нь түүний жүжигчний авьяасыг илүү олон талаас нь харуулж байсан аж.

“Билл Тэд хоёрын адал явдал” хэмээх кинонд бүтээсэн хөгжилтэй, бодож санах юмгүй хөнгөн хийсвэр залуугийн дүр нь түүнийг огт өөр өнцгөөс харуулсан.

“Матрикс” киноноос хойш Кианугийн уран бүтээл бага зэрэг зогсонги байдалд оржээ. Энэ нь нэг талаасаа тэр ихэнх цаг, хүч чадлаа театрын тайзны бүтээлд зориулсантай холбоотой юм. Канадын Виннипегийн тайзнаа тавигдсан “Гамлет” жүжигт Кианугийн бүтээсэн Гамлетын дүр театрын урлагийн ертөнцөд багагүй шуугиан тарьсан билээ. Театрын уран бүтээлчид, судлаачдын дүгнэснээр Ривз Шекспирын бүтээлийн энэхүү эмгэнэлт баатрын дүрд гадаад төрхөөрөө ч, дотоод ертөнцөөрөө ч хамгийн тохирсон жүжигчин ажээ. Харин нөгөө талаасаа хувийн амьдралд нь эмгэнэлт явдал тохиолдсон нь нөлөөлсөн аж.

-ХӨРӨНГӨ МӨНГӨНД ШУНАДАГГҮЙ КИАНУ-

Киануд хичнээн хэмжээний мөнгө амласан ч хэтэрхий харгис дүрээс татгалздаг байна.  Сайн киноны төлөө өөрийнхөө хөлснөөс өгөхөд ч бэлэн байдаг тэрбээр “Чөтгөрийн өмгөөлөгч” кинонд Аль Пачиног тоглуулахын тулд өөрийн 2 сая ам.долларыг түүнд өгчээ.

Мөн "Матрикс” гурвалын хувцасны дизайнерууд болон тусгай эффектүүдийн мэргэжилтнүүдийн ажил түүнд маш ихээр таалагдсан учир тэдний хөдөлмөрийг үнэлж 114 сая ам.долларынхаа 80 саяыг нь арын албанд ажиллаж байсан ажилтнуудад тарааж өгчээ. Кианугийн төрсөн дүү бөгөөд түүний хамгийн сайн найз гэгддэг Ким Ривз нь цусны цагаан эсийн хавдраар өвчилж, 10-аад жил өвчинтэйгээ тэмцжээ. Аймшигт өвчнийг ялан дийлж, Ким эрүүл саруул болсон бөгөөд Киану энэ өвчнийг эмчилдэг хэд хэдэн хувийн болон улсын эмнэлэг, хавдрын сан, судалгааны хүрээлэнд 100 сая гаруй ам.доллар хандивлажээ. Үүнээс гадна тэр “Stand Up to Cancer”, “Sick Kids Foundation” зэрэг хандивын сан байгуулж, ивээн тэтгэдэг ч өөрийнхөө нэрийг оруулахаас татгалздаг аж.

-МОТОЦИКЛ ЦУГЛУУЛАГЧ ШҮЛГИЙН НОМ БИЧИВ-

Киану Ривз мотоцикл сонирхогч бөгөөд “Arch Motorcycle” компанийн үүсгэн байгуулагч юм. “Harley Davidson” загвар дээр суурилсан 200 гаруй мотоциклийг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлээд буй юм. Тэр чөлөөт цагаараа мотоциклоо унах дуртай. Түүнд бүх цаг үеийн шилдэг мотоциклуудын цуглуулга байдаг аж. Киану Ривз хамгийн анхныхаа мотоциклыг 1987 онд худалдан авч, түүнээс хойш үргэлжлүүлэн цуглуулах болжээ. Тэрбээр өөрийн тоглосон нэлээд хэдэн кинонд хувийн цуглуулгаасаа ашиглаж байжээ.

Мөн тэр багын шүлэг бичих дуртай байсан ба 2016 онд “Shadows” нэртэй шүлгийн номоо гаргасан байна. Нийт 112 хуудас бүхий уг номонд хүний бараан талыг сүүдрээр зүйрлэсэн шүлгүүд тэрлэсэн ба Америкийн зураач Грантын уран бүтээлүүдээс нэгтгэжээ. Грант зургандаа амьдралын утга учрын тухай тусгадаг байна. Тэд өмнө нь “Ode to Happiness” нэртэй ном гаргаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
63
ЗөвЗөв
13
ХарамсалтайХарамсалтай
9
ГайхмаарГайхмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж