“Сэргээгдэх эрчим хүчийг 30 хувьд хүргэнэ” | News.MN

“Сэргээгдэх эрчим хүчийг 30 хувьд хүргэнэ”

“Сэргээгдэх эрчим хүчийг 30 хувьд хүргэнэ”

“Сэргээгдэх эрчим хүчийг 30 хувьд хүргэнэ”

Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, гадаадын экспертүүд зэрэг нийт 600 гаруй зочин оролцсон “Олон улсын шинэ эрчим хүч-2019” чуулган өнөөдөр /2019.05.23/ "Корпорэйт конвеншн центр"-т болж байна.


Монгол Улс нь 2015 онд Франц улсын Парис хотноо болсон хэлэлцээрт 2030 он гэхэд 2014 оны түвшинтэй харьцуулахад нүүрсхүчлийн ялгарлын хэмжээг 14 хувиар бууруулах зорилт дэвшүүлжээ. Энэ хүрээнд 2030 онд дотоодын сэргээгдэх эрчим хүчний хувь хэмжээг 30 хувьд хүргэх зорилт тавиад буйг албаныхан хэлж байв.

Тиймээс уг чуулган нь Парисын хэлэлцээрээр мэдэгдсэн Монгол Улсын зорилтыг хэрэгжүүлэх, Засгийн газраас хот суурин газрын агаарын бохирдлыг бууруулахад авч буй арга хэмжээнүүд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа.

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ 30 ХУВЬД ХҮРГЭНЭ”

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Ж.Осгонбаатар “Манай холбоо нь энэ удаагийн чуулганыг санаачлан зохион байгуулж байна. Сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг боловсруулж, 2020 он гэхэд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилтыг тавиад байна. Одоогоор манай улсын хувьд дотоодын эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 17 хувийг  сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл долоо, найман хувьтай байна. Хүмүүс сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байна гэж шүүмжилдэг. Гэтэл дэлхий нийтээрээ түүхий нүүрсний станцаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчийг ашиглах болсон” хэмээн ярилаа.

Сүүлийн гурван жилд Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хөгжүүлэхтэй холбоотой 430 сая ам.долларын санхүүжилт хийсэн байна. Эдгээр төслүүдийг бүтээн байгуулах, ашиглалтыг хариуцах 3000 орчим байнгын болон түр ажлын байр бий болгосон гэдгийг мэргэжилтнүүд хэллээ. Ингэснээр Монгол Улс жилд 700 мянган тонн нүүрсхүчлийн хийг агаарт ялгарахаас сэргийлж байна гэв.

“СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРООД БАЙНА”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл энэ үеэр ярихдаа “Манай улс Парисын хэлэлцээрт орох асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас төлөөлж оролцдог. Уг хэлэлцээрийн хүрээнд дэлхийн дулаарлыг 1.5 хэмээс хэтрүүлэхгүй байх зорилтыг тавин ажиллахаар болсон. Манай улсын хувьд түүхий нүүрс хэрэглэснээр нүүрсхүчлийн хийг агаарт ихээр ялгаруулж байсан. Энийг л багасгахын тулд сэргээгдэх шинэ эрчим хүчийг хайж байна. Монголд хамгийн боломжтой нөөц нь салхи, нар байгаа юм. Байгалийн энэ нөөцөө яаралтай ашиглаж, хэрэгжүүлэхэд төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Харамсалтай нь энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихгүй, зогсонги байгаа юм. Монгол Улсын хувьд Ази тивийн эрчим хүчний 60 хувийг хангах асар их нөөцтэй. Мөн ураны нөөцөөрөө дэлхийн эхний таван улсын тоонд багтаж байна” талаар ярилаа.

Манай улсад сэргээгдэх эрчим хүчний салхины гурав, нарны таван үйлдвэр ашиглалтад ороод буй. Харин чуулганы үеэр хог хаягдлаас эрчим хүч үйлдвэрлэх нэгэн төслийн талаар сонирхлоо. Англи улсын “Naanovo” компанийн төслөөр нийслэлийн Биокомбинат орчимд 14 МВт-ын хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Жилдээ 119 kВт/цаг эрчим хүч буюу Монгол Улсын нийт эрчим хүчний хэрэглээний гурав орчим хувийг үйлдвэрлэх гэнэ. Мөн өдөрт 500 тонн хог хаягдлыг цэвэрлэж, бохир усыг цэвэршүүлснээр 70 хувийг нь ундны усны хэрэглээнд ашиглах боломжтой. Энэ үйлдвэрийг 2020-2021 онд барьж дуусна гэсэн төлөвлөгөөтэй байгаа тухай мэргэжилтэн тайлбарлалаа.

Сүүлийн 100 жилд аж үйлдвэржилтийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж, агаарын температур 0.75 градусаар нэмэгдээд байна. Нөхцөл байдал энэ хэвээр үргэлжилбэл 2030 он гэхэд агаарын дундаж температур дөрвөн градусаар нэмэгдэж, Хойд мөсөн далай хайлж, 760 сая гаруй хүн амьдрах орчингүй, усанд автах аюултай байгааг судлаачид тогтоожээ.

А.СҮРЭН

Гэрэл зургийг Г.БЭЛГҮТЭЙ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-05-23 64.119.20.252

Энэ яаманд ер нь монгол орны эрчим хүчний хөгжлийн төлөө шударгаар ажиллах боловсон хүчин байна уу? Гадны улс дэмжээд байхад хариуцсан яам нь ингэж болохгүй шүү дээ. Ийм улсаа хурдан зайлуулж ажил хийдэг хүн тавимаар байна шүү. ХҮРЭЛСҮХ сайдаа.

Avatar

ЗОЧИН 2019-05-23 64.119.20.252

Сэргээгдэх эрчим хүчний хэргэлээг монголд 2020 онд 20%-д хүргэнэ гэж ярих юм энэ бол ирээдүйгээ харсан том зорилт. Гэтэл амьдрал дээр эсрэгээр явах юм. Тухайлбал Дорноговь аймгийн Сайншанд суманд нарны 30 мегаваттын станц гадны хөрөнгө оруулалтаар өнгөрсөн оны сүүлээс баригдаж ирээд бараг 80%-ийн гүйцэтгэлтэй болчихоод зогсонги байдалд орчихоод 4 сар болж байна. Сураг сонсох нь эрчим хүчний яам нь зөвшөөрлөө өгдөггүй гэх юм. Арай ч дээ

Avatar

ИРГЭН 2019-05-23 64.119.23.214

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ, "ДҮТ" ХХК, ЭХЗХ-НЫ УДИРДЛАГЫН ТҮВШИНД ЭРС ШИНЧЛЭЛ ХИЙХГҮЙ БОЛ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨСЛҮҮД ЗОГСОНГО БАЙДАЛД ОРООД, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД МОНГОЛООС ЗУГТАЖ ЭХЛЭЭД БАЙНА. ҮҮНИЙ НЭГ ЖИШЭЭ НЬ САНХҮҮГИЙН ХҮН ИНЖЕНЕРИЙН АЛБЫГ УДИРДАЖ БАЙГААГ ЮУ ГЭЖ ОЙЛГОХ ВЭ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж