Энэтхэгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл гуравдугаар сарын 31-нээр төгсгөл болсон 2015 оны санхүүгийн жилд 7,3 хувийн өсөлтийг харуулсан нь дэлхийн хамгийн хурдан өсөлттэй орнуудыг тэргүүлэх боломжийг өгсөнгүй. Энэ мэдээллийг тус улсын Статистикийн газрын гаргасан мэдээнээс харж болно.
Эдийн засагчид Энэтхэгийн ДНБ-ний өсөлтийг 7,4 хувь гэж дүгнэж байлаа. Хятадын эдийн засаг нь хуанлийн жилдээ 7,4 хувийн өсөлтийг харуулжээ. Гэхдээ энэ оны эхний улиралд Энэтхэгийн өсөлт хурдасч 7,5 хувьд хүрчээ.
Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн гол хүчин зүйл нь санхүүгийн, үл хөдлөх хөрөнгийн, худалдааны, тээврийн болон мэдээллийн салбарууд байлаа.
Энэ санхүүгийн жилд Энэтхэгийн банкуудын “муу” зээлийн хэмжээ нь 2001 оныхоос хамгийн дээд цэгтээ хүрсэн байна гэж Fitch компанийн India Ratings & Research Pvt. гэх Энэтхэгийн салбарын шинжээчид хэлжээ. Өнгөрсөн санхүүгийн жилийн дүнгээр Энэтхэгийн таван том банкны гурав нь хугацаа сунгагдсан зээлийн өсөлтийн тухай мэдээлсэн байна.
Энэтхэгийн Нөөцийн банкны (RBI, тус орны төв банк) тэргүүн Рагурам Раджан тавдугаар сарын 14-нд мэдэгдэхдээ, банкуудын зээлийн портфелийн чанарыг сайжруулах хурд удаан байна гэсэн юм. Гэхдээ түүний хэлснээр “муу” зээлийн өнөөгийн хэмжээ нь банкны салбарыг хямруулах төвшинд хүргэхгүй ажээ. India Ratings & Research дүгнэж байгаагаар, энэ санхүүгийн жилийн төгсгөлд Энэтхэгийн банкуудын “муу” зээл 13 хувьд хүрэх гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР