УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар АТГ-т шалгаж байгаа билээ. Түүнийг мөн яллагдагчаар татсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан тэрбээр мэдээлэл хийлээ.
Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн, Д.Эрдэнэбат хэлэхдээ, АТГ-т очиж гэрчийн мэдүүлэг өгснөөс гадна энэ сарын 21-ний үдээс хойш яллагдагчаар татах тухай тогтоолд гарын үсэг зурсан гэдгээ онцлов.
Тэрбээр “Бид хуулийн хүрээнд асуудлаа яриад явж байхад эх сурвалжгүй мэдээллийг ямар зорилгоор явуулсныг нь гайхаж байна. Өчигдрийн үйл явцыг ажиглавал, Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийхдээ миний нэрийг дурдаж, мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Эрдэнэт" үйлдвэрийн үйл ажиллагаанд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулсан. Энэ бүхнийг уялдуулан харвал улстөржсөн шинж агуулж байна гэсэн дүгнэлтэд хүргэсэн.
Тиймээс өнөөдөр АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүсэлт гаргаж байгаагаа мэдэгдэж байна. Учир нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.5.3-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн материалыг прокурорын зөвшөөрснөөс, прокурорын дэргэд мэдэгдэх боломжтой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдээлж болно гэсэн заалтыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж би үзэж байна. Иймд нь Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчин хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн явдлыг хяналтдаа авч шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг би АТГ-ын дарга, Ерөнхий прокурор нарт хүргүүлж байна.
"Эрдэнэт"-ийн 49 хувийг худалдан авах үйл ажиллагаатай холбоотой асуудлаар нийгэмд зөрүүтэй ойлголт байна. Надад нэг л зарчим бий. ОХУ-ын компанийн өмчлөлд байсан "Эрдэнэт"-ийн 49 хувийг Монгол Улсын Засгийн газар Монголдоо оруулж ирсэн шийдвэрийг би зөв гэж хэлнэ. Энэ асуудалтай холбоотойгоор намайг АТГ-аас шалгаж, мөрдөн байцаалт явуулж байна. Хэргийн учир олдох байх гэж харж байна. Нэг зүйлийг онцолж хэлье. Асуудлыг улстөржүүлэх шинж чанар руу оруулж байгаа нь ойлгомжтой болж эхэллээ. Уг нь би шударга бусын хонгил нурж, хууль шүүхийн байгууллагууд асуудалд өөрөөр хандах болов уу гэсэн найдлагатай байсан.
Гэтэл өнөөх хуучин аргаараа л явж байна. Учир нь урьдчилан сенсаацлан, нотлогдоогүй мэдээллийг эх сурвалжгүйгээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарладаг, үүний дараа нь улс төрийн үе шаттай үйл ажиллагааг шууд явуулж байгаа нь маш буруу. Нөгөө талаасаа энэ нь Ардчилсан намыг бүхэлд нь харлуулах гэсэн арга.
Хоёрдугаарт Эрдэнэтийн 49 хувь Монголд ямар ч хохирол авчраагүй байтал Монгол Улсад онц ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэл гаргаж буй нь буруу. Эрдэнэтийн 49 хувь Монголд ирснээр Эрдэнэт үйлдвэр 100 хувь Монголын компани болсон. Одоо зовлон дотоодоо үргэлжилж бусдыгаа хэмлэсэн улс төрийн талцал болж байгаад би харамсаж байна.
Эрдэнэтийн 49 хувийн асуудлын дор Эрдэнэт үйлдвэрийн өмнөх үйл ажиллагааны хулгай, луйврыг хаацайлах оролдлого гэж би харж байна. Энэ дуулин дэлгэгдсэнээр өнөөдөр үнийн хөөргөдөл, архидалт, гэмт хэргийн өсөлт, өвчлөлийн дэгдэлтийг дарах гэсэн арга. Д.Эрдэнэбат гэдэг хүний хувьд асуудал байхгүй. Би ганц хүн. Намайг яаж шийдэх эрх нь энэ төрд бий. Надад өөрийгөө өмгөөлж, шалтаг хэлэх айдас алга. Гагцхүү өнөөдөр гурван сая иргэний амьдрал, аж байдал нь туйлын хүндэрч байхад ийм харлуулсан улс төрөөр улс орон урагш хөгжихгүй.
Тухайн үед Аж үйлдвэрийн сайдын хувиар "Эрдэнэт" үйлдвэрийн хувьцааг худалдан авах асуудлыг Засгийн газарт оруулж хэлэлцүүлэх үүргийг хүлээсэн. Хамтын улс төрийн шийдвэр нь улс төрийн зөв шийдэл байсан" гэсэн юм.
Холбоотой мэдээ