Хуучирсан мэдээ: 2015.06.02-нд нийтлэгдсэн

Мартагдсан хүүхдүүд

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өчигдөр бүх нийтээр тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ өдрүүдэд хүүхдүүд паркад тоглон, урлаг уран сайхны тоглолт үзэж, бэлэг сэлт авах зэргээр өөр өөрсдийнхөөрөө баярлаж өнгөрөөсөн биз. Уг нь хүүхдүүдийг чихэр, шоколадаар хуурахдаа гол нь биш, тэдний өдөр тутамд зөрчигддөг эрхийг хамгаалах, томчуудад сануулах гэж энэ өдрийг тэмдэглэдэг. Ялангуяа эрх нь үргэлж зөрчигддөг зорилтот бүлгийнхэн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг баярлуулах өдөр гэдэг.

Гэвч жил жилийн зургадугаар сарын 1-ний өдөр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан арга хэмжээ дутагдсаар ирсэн билээ. Тэдэнд чиглэсэн үйл ажиллагаа байхгүй. Бид л тэдний нүдийг “хуурах”-аар зургийн уралдаан, дуу, шүлгийн тэмцээн зохиохоос хэтэрдэггүй хэмээн тусгай сургуулийн багш, ажилчид учирладаг.

25 дугаар тусгай сургуулийн нийгмийн ажилтан Д.Ганбүргэдийн хэлж буйгаар Сурагчдын холбооноос тав, арван хүүхдэд бэлэг өгөхөөс өөр тэдэнд зориулсан арга хэмжээ байдаггүй гэв. Тэрбээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд энэ өдрөөр мартагдаад удаж байгаа. Гэрийнхэн нь төв талбайд авчирч бэлэг өгсөн болоод л дуусдаг” гэсэн юм.

Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн захирал Э.Энхзул “Манайх төсвийн байгууллага учраас хүүхдүүддээ хандсан ажил зохион байгуулъя гэхэд санхүүгийн асуудал хүндрэлтэй байдаг. Бид эцэг эхчүүдийнхээ дэмжлэгтэйгээр хүүхдүүддээ кино үзүүлэх гэж байна. Бид л иймэрхүү ажил зохиохгүй бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн ямар ч ажил хийгддэгүй” гэв. Жил бүрийн зургадугаар сарын 1-нд хүүхдийн эрхийг хамгаална, хүүхдүүд хэмээн ярьдаг ч чухамдаа гол эрх нь зөрчигдөөд байгаа хэсгийг мартчихдаг хэмээн тусгай сургуулийнхан хэлж байсан юм.

Хэдийгээр сүүлийн жилүүдэд хүүхдээ зодож хөнөөсөн, гэртээ цоожилж явснаас галд шатаасан гээд тэдний эрхийг зөрчсөн олон үйлдэл гарч байгаа. Ийм хүнд хэцүү нийгэмд тэднийг инээлгэх, гэрэл гэгээтэй өдөр нэг ч гэсэн гаргаж өгч буй нь сайн. Гэвч өдөр бүр, алхам тутамдаа эрхээ зөрчүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ ч мартмааргүй байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд эрх нь өдөр тутамд зөрчигддөг билээ. Гадуур алхая гэхэд тэдэнд зориулсан зам байхгүй, байгаа хэд нь стандарт хангадаггүй. Гарцаар бие даан гаръя гэхэд тэдэнд зориулсан дуут гэрлэн дохио байхгүй. Тэргэнцэртэйгээ сургууль, цэцэрлэг, дэлгүүр хоршоо оръё гэхэд зориулалтын шатгүй гээд тоочоод байвал барагдахгүй. Тиймээс ядаж хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн нэрийдсэн ганцхан өдрөөрөө ч болов хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг санаж тэдний эрхийн талаар дорвитой асуудлыг гаргаж тавьж чадав уу?

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж