Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

LiveЕрөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга парламентыг тарахыг дахин шаардлаа
15 : 40
2019-5-23

Ерөнхийлөгч Х.Баттулга: Энэ парламентыг тарахыг дахин шаардлаа

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч өмнө нь энэ парламент, УИХ-ыг тарахыг шаардаж байсан бөгөөд энэ удаад ч мөн дахин шаардаж байна гэлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

-Миний бие энэ удаад өмнө нь тавьж байсан 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ өөрөө тарах шийдвэр гарах саналыг дахин тавьж байна. Хагас жил орчим хугацаа өнгөрөхөд УИХ үйл ажиллагаа, ёс зүй нь сайжирсангүй, улам дордож иргэд сонгогчдын итгэлийг бүр мөсөн алдахад хүрээд байна. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 31-р зүйл  31.1 дэх заалтыг үндэслэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тул хугацаанаасаа өмнө тарах асуудлыг хэлэлцэн тогтоол гаргахыг дахин санал болгож, уриалж байна.

2016 оны сонгуулийн дүнгээр бүрдсэн УИХ байгуулагдсан цагаасаа хойш сонгогчдын итгэлийг хөсөрдүүлэх, ард түмний эрх ашигт харшлах олон зүйл, гэмт үйлдлүүдийг удаа дараалан хийж ирлээ. Нэхэн сануулбал, Ж.Эрдэнэбатын Засгийн газар ашиг сонирхлын зөрчилтэй, асар өндөр үнийн дүнтэй концессын гэрээнүүдийг Засгийн газар, УИХ-ын гишүүд болон хамаарал бүхий этгээдүүдтэй гэрээ байгуулж, олон алдаатай бодлого явуулсны дүнд огцорсон. УИХ-ын 39 гишүүн өргөсөн тангаргаасаа ухарч, төрийн албаны ёс зүйг уландаа гишгэн ЖДҮХС-аас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан нь олон зүйлээр тогтоогдсон.  УИХ-ын гишүүд хуулийг өөрсдийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх замаар гэмт этгээдүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэрийдлээр хуулийн хариуцлагаас мултлах, хүчин, хүн амины хэрэгт нэр холбогдох, авлигын хэрэгт сэрдэгдэх нь улам даамжирч, УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байх ёс зүйн чадамжаа алдаж байна.  аад зах нь Төрийн ордны тухай хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчиж, албан тасалгаандаа согтууруулах ундаа хадгалах, хэрэглэх байдал даамжирснаас эрдэнэт хүний амь сүйдэх нөхцөл ч үүсчээ.

Та бүхний батлан гаргасан Татварын багц хуульд хүний эрх, эрх чөлөөг хясан боогдуулах зүйл, заалт өчнөөн олноор орсон, Сангийн сайд нь өөртөө шүүх эрх мэдлээс давсан олон боломж гаргасан, бизнес эрхлэгчдийн өмчлөх, чөлөөтэй зорчих эрхэд халдсан, иргэншлийн ололт болсон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн суурь зарчмыг эвдсэн олон заалтыг бусдын нөлөөлөлд автсан байдлаар оруулсныг УИХ асар хайхрамжгүйгээр, хянан үзэлгүйгээр баталлаа.

Улсын хөгжил дэвшлийн үндэс нь Төр, төрийн албан хаагчид шударга ёсыг үлгэрлэн сахидаг, ёс зүйн хэм хэмжээг ягштал хэрэгжүүлдэг байх явдал гэдгийг эрдэмт мэргэд эрт үеэс сургаж ирсэн билээ. Өнөөгийн Монгол Улсад УИХ нь ёс зүйгүй явдал, увайгүй хандлагын үлгэр жишээ болсноос бус, ард олныг итгүүлэн үнэмшүүлэх, сайн сайханд манлайлан дагуулах чадваргүй байна. УИХ-ын гишүүдийн дийлэнх нь гэмт хэрэг, авлига, ёс зүйн доголдолд нэр холбогдсон, хатуухан хэлэхэд УИХ маань “гэмтнүүдийн чуулбар” болсон аятай дүр төрхийг үзүүлэх болсныг  ард түмэн ил тодоор шүүмжлэн хэлэлцэх болжээ. Та бүхнийг улс төрийн эр зориг гарган, үндэстний эрх ашгийг дээдлэн УИХ-ыг өөрөө тарах шийдвэрт хүргэхийг би дахин уриалж байна. Та бүхэн зоригловоос энэ нь төрт ёсны түүхнээ цэгц шударгын жишиг болон үлдэх бөгөөд Монголын төр өөрийгөө ариусган цэвэршүүлэх чадвартай болохыг монголчуудад төдийгүй дэлхий нийтэд нотлон харуулах буянт үйлс болох нь дамжиггүй. Улам бүр явцууран мухардаж байгаа УИХ-ын үйл ажиллагааг хэвийн горимд аваачих, улс төрд эрс шинэчлэлийг өрнүүлэхэд Та бүхний эр зориг, шударга хандлага юу юунаас чухлаар шаардагдаж байгааг ойлгон мэдэрч, сонгогчдынхоо төлөө, эх орныхоо ирээдүйн төлөө хэцүү боловч чухал шийдвэрийг гаргахад гишүүдээ оройлон зориглогтун.

Энэ бол Та бүхний хийж чадах хамгийн ариун үйл болон ард олонд дэмжигдэх болно.

Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга өмнө нь 2018 оны аравдугаар сарын 29-ний өдөр УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байсан юм.

Ийнхүү Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын үйл ажиллагааг шинэчлэхээр, хурууны хээгээр санал авахаас эхлээд олон дэвшилтэт үйл ажиллагаа явуулж байгаа. УИХ-аар зайлшгүй хэлэлцэх шаардлагатай хуулийн төсөл хэлэлцэж байгаа болон хэлэлцэх асуудлын дараалалт оруулаагүй учраас энэ асуудлыг хэлэлцэх боломжгүй гэлээ. 

Ингээд чуулганы хуралдаанаар 2020 оны Үндсэн чиглэлийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж байсан ч гишүүдийн ирц хүрэхгүй байгаагаас зарим энэ асуудлаар МАН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авлаа. 

Одоо чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. 

Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. 

11 : 52
2019-5-23

Чуулган: 2020 онд 10,2 их наядын 118 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төсөл нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Гурван тулгуурт хөгжлийн бодлого зэрэг хөгжлийн дунд, урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй хэрхэн уялдаж байгаа талаар нягтлан үзсэн байна. Ингэхэд Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгийн 58 хувьтай, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 90 хувьтай, салбаруудын төрөөс баримтлах бодлогын баримт бичгүүдтэй 23 хувь нь тус тус нийцсэн байна хэмээн ажлын хэсэг үзсэн байна. 2020 оны Үндсэн чиглэлд нийтдээ 118 төсөл арга хэмжээ хэрэгжүүлэхээр төсөвлөсөн бөгөөд үүнд нийтдээ 10,2 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай.Үүнээс улсын төсвөөс 1,3 их наяд, олон улсын зээл, тусламжаар 2,1 их наяд, хувийн хэвшлийн санхүүжилтээр 6,1 их наяд, бусад эх үүсвэрээс 600 гаруй тэрбум төгрөгийг тус тус төсөвлөөд байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Үндсэн чиглэлээ бид маш нухацтай ярьж, өнгөрсөн гурван жилийн хугацаанд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт, үлдэж байгаа хугацаанд юуг анхаарах талаар дүгнэлтээ хийсний дараа 2020 оны үндсэн чиглэлийг хэлэлцэх байсан. Өмнөхөө дүгнэсний дараа дараагийн төлөвлөгөөгөө яримаар байх юм. УИХ төрийн бодлогыг тодорхойлж, Засгийн газар хэрэгжүүлж, УИХ эргэж хяналт тавьдаг. Засгийн газрын мөрийн хөтөлбөр яаж хэрэгжиж байна, үлдсэн нэг жилийн хугацаанд юу хийж амжуулах вэ гэдгээ сайтар ярилцах ёстой. Ирэх жил Засгийн газрын мөрийн хөтөлбөр хэдэн хувьтай биелэх боломжтой вэ.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:

-Үндсэн чиглэлийг зургадугаар сарын 1-нд хэлэлцэж дуусгах ёстой байсан. Өргөн барьсан цаг хугацаа нь ингэж таарч байгаа. Үндсэн чиглэл бол гадаадын зээл тусламжаар юу хийх, улсын төсвийн хөрөнгөөр юу хийх вэ гээд маш чухал бичиг баримт байгаа юм.

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Сүүлийн жилүүдэд Үндсэн чиглэлийг цагийн тулгаж оруулж ирээд, асуудалд нухацтай хандаж чаддаггүй. Бид мөрийн хөтөлбөрт туссан зүйлсийг эргэж нэг харах шаардлагатай гэж бодож байна. Эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг 20 гаруй жилийн өмнө бид эхлүүлж байсан. Гэтэл сая Хятадын талтай эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хийнэ гэж ярих боловч албан ёсоор гэрээ байгуулаагүй гэж сонссон. Эдийн засгийн чөлөөт бүстэй холбоотой асуудлаа явуулахгүй бол ярьсаар 20 жил болж байна. Мөн сүүлийн жилүүдэд бид махны экспортоо нэмэгдүүлнэ гэж байсан ч өчигдөрхөн махны экспортод квот тогтооно гээд ярьж байна. Цаашид бид нөөц бүрдүүлэх чиглэл рүү анхаарахгүй бол өнөөдрийнх шиг нөхцөл байдал үүснэ. Түүнээс гадна халх голын ройнд экспортын хүнсний ногооны чиглэлийн бүсийг бий болгож, эрүүл хүнсний ногоог тарьж, экспортлох чиглэлээр ажиллавал бид уул уурхайгаас илүү ашиг олж болох юм шиг харагдаад байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг:

-2017 онд биеийн тамир, спортын дэмжих хууль болон түүнийг дагаж мөрдөх эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан. Энэ хуулиар фитнесс, иог гэх мэт магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар иргэд үйлчлүүлж, эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлэх боломжтой. Энэ хуулийг яаралтай хэрэгжүүлэх шаардлага байна. Салбарын яамдаас магадлан итгэмжлэх журам батална гэж байгаа ч тойргоор иргэдтэй уулзахад энэ санал маш зөв байсан ч хэрэгжүүлэх чиглэлд нь анхаараач гэсэн саналыг маш их тавьж байсан. Тиймээс энэ магадлан итгэмжлэх журмыг баталж, хэрэгжих чиглэлд салбарын сайд нар нь анхаарах шаардлагатай байна. 2019 онд Үндсэн чиглэлд тусгагдсан ч хэрэгжээгүй байгаа нэг ажлын нэг нь энэ юм. Тиймээс 2020 онд зайлшгүй оруулах шаардлагатай байгаа юм.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Я.Содбаатар:

-Салбарын яамдаас энэ хуулийн хэрэгжилтийг 2019 онд багтаагаад хийх боломжтой учраас 2020 оны Үндсэн чиглэлд оруулах шаардлагагүй гэдэг санал гаргасан учраас байнгын хорооны хуралдааны үеэр энэ санал дэмжигдээгүй.

УИХ-ын гишүүн Б.Батзориг:

-2020 оны Үндсэн чиглэл маш чухал бичиг баримт. Ажлын байрыг нэмэгдүүлэх, аж ахуй нэгжийг орлоготой болгож байж улс орон хөгжинө. Ажлын байрыг нэмэгдүүлдэг салбар бол хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарууд юм. Бид дотооддоо нэмүү өртөг шингээж, ажлын байр нэмэгдүүлэхийн тулд ноолуур хөтөлбөрийг баталсан. Мөн үйлдвэржилт-100 хөтөлбөр баталсан.Энэ хөтөлбөрүүд цаашид яаж хэрэгжиж явах вэ. Түүнээс гадна аялал жуулчлалыг татах чиглэлээр салбарын яам ямар бодлого хэрэгжүүлж байна вэ. Жуулчид манай улсыг зорьж ирэх боловч тийзний үнэ өндөр байдаг гэх мэтчилэн асуудал олон байдаг.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч  Я.Содбаатар:

-Үндсэн чиглэлд тодорхой суусан ч хөрөнгө мөнгөний хувьд дутагдалтай зүйл бас бий. Тиймээс ч ноолуурын салбар дээр 400 тэрбум, үйлдвэржилт-100 дээр 500 тэрбум төгрөг нэмэх саналыг байнгын хороон дээр гишүүд санал гаргасан. Үүгээр санал хураах байх. Аялал жуулчлалын тоог нэмэгдүүлэх, 2020 онд нэг сая жуулчин татахын тулд тодорхой арга хэмжээ авах ёстой гэдэгтэй гишүүд санал нэг байна.Үүн дотроо онгоцны тийзний асуудлыг хөндөж байх шиг байна. Энэ жил 110 мянга орчим суудал нэмэгдэж байгааг Зам тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдсэн. Долдугаар сарын 1-нээс хоёрдогч тээвэрлэгчийг эхлүүлнэ гэж салбарын яамнаас мэдээлж буй. Өнөөдрийн байдлаар тийзний үнэ  буурч байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

Ийнхүү гишүүд үг хэлж дууссаны дараа зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураах чуулганы үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэхээр боллоо. 

Үдээс хойш 15.00 цагт чуулган хуралдана.

10 : 35
2019-5-23

Чуулган: Т.Аюурсайханыг байнгын хорооны даргаар томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.05.23/-ийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар байнгын хорооны даргыг чөлөөлөх, Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах төсөл болон 13 хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох хуулийн төслийг яаралтай хэлэлцэх саналыг УИХ-ын гишүүн С.Бямбацогт онцолсон юм.

Мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Ажлын хэсгийн дүгнэлтэд дөрвөн гишүүн гарын үсэг зураагүй, бусад гишүүд нь гарын үсгээ зурсан. Бүлэг дэмжсэн байгаа. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг тодорхой болгох  шаардлагатай байна. Ажлын хэсгийн Т.Аюурсайхан нарын зургаан гишүүн ажлын хэсгийн дүгнэлт хангалтгүй гэсэн хүсэлт гаргасан байсан. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэх асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх хэрэгтэй байна. Ард түмэн, Засгийн газарт хүлээлт үүсгэж, асуудал үүсээд байна. Тиймээс хойшлуулашгүйгээр шийдвэрлэх асуудлыг УИХ-ын дарга зохицуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан юм. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн дүгнэлтийг ирэх долоо хоногт хэлэлцэнэ гэдгийг онцолсон юм.

Мөн Эрүүгийн хууль, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад холбогдох байгууллагуудаас саналаа авч байгаа гэлээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Эрүүгийн хуулийг үндсээр нь оролдохгүй бол болохгүй байна. Энэ хууль өөрөө буруу хууль байсан. 2017 онд өөрчлөлт оруулаад, 2018 онд дахин өөрчлөлт оруулсан. Энэ эх захгүй зүйлийг та нар өөрсдөө хийсэн шүү дээ. Цогцоор нь засах санал оруулж ирнэ. Өөрсдөө галзуу хүн шиг юм хийчихээд, дараа нь надаас хариуцлагаа нэхэх хэрэггүй шүү. Х.Нямбаатар аа, чиний энэ тодрох гэсэн үйлдэл чинь чиний аминд ч хүрч мэднэ шүү, одоо болно” гэв.

Ингээд чуулганы хуралдаанаар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг чөлөөлөх, өөрчлөх асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хорооны дарга О.Содбилэгийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын Т.Аюурсайханыг томилох санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, томиллоо. Мөн чуулганы хуралдаанаар Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнийг өөрчлилж, зарим гишүүдийг чөлөөллөө.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж