Дөрвөн жил ярьсан нэг сая жуулчин хэзээ ирэх вэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

Дөрвөн жил ярьсан нэг сая жуулчин хэзээ ирэх вэ?

Дөрвөн жил ярьсан нэг сая жуулчин хэзээ ирэх вэ?

News агентлаг долоо хоног бүрийн Пүрэв гаригт “Яам, агентлагаар сонин юутай байна вэ”  буланг бэлтгэн хүргэдэг билээ. Бид энэ удаад  Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг онцолж байна.


Урин цаг ирж, Монголыг зорих жуулчдын ид үе эхэлж байна. Энэ Засгийн газар, МАН эрх барьсан цагаас хойш нэг сая жуулчин хүлээж авна хэмээн зорилго тавин ажиллаж буй. Гэхдээ энэ бол үе үеийн Засгийн газар болоод салбарын яамыг удирдаж буй сайд нарын хэлдэг үг, уриа. Дэлхийн олон орны жуулчид Монгол Улсыг аялахад тохиромжтой хотоор нэрлэдэг. Харин бид тэднийг угтаж авахдаа хэр бэлтгэлтэй байдаг, бас хэр бэлтгэлтэй байгаа вэ?

2018 ОНД 530 ОРЧИМ МЯНГАН ЖУУЛЧИН МОНГОЛД ИРЖЭЭ

Монгол Улсад Аялал жуулчлалын салбарын хөгжил жил ирэх тусам эрчимжиж, Монгол Улсыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдэж, тус салбараас олох орлого тасралтгүй нэмэгдэж буй бөгөөд 2018 онд манай улсад гадаадын 529 мянга гаруй жуулчин аялснаар 569 сая ам.долларын орлогыг эдийн засагт оруулж, аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 хувийг бүрдүүлэн, 35 мянган ажлын байр бий болгожээ.

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалын салбарын хөгжлийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх замаар 2020 он гэхэд нэг сая гадаадын жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1,1 сая ам.долларт хүргэх зорилттой ирэх онтой золгохоо мэдэгдсэн. Үүний тулд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, жуулчдад зориулсан дотоодын аялал жуулчлалын байгууллагуудын үйл ажиллагааг өргөжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах зэргээр хэд хэдэн бодлогын арга хэмжээ авч ажиллаж буй юм байна.

Хамгийн сүүлд “Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд жолооч миний гүйцэтгэх үүрэг” жуулчин тээврийн жолоочдын анхдугаар чуулганыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулав. Чуулганд 67 байгууллагын 600 гаруй жолооч оролцож, жуулчин тээврийн салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хийгдэх ажлууд зэрэг асуудлыг төр хувийн хэвшлийнхэн хамтран хэлэлцсэн юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарын хөгжилд энэ салбарт ажиллаж буй хүн бүрийн оролцоо чухал бөгөөд харилцаа, хандлагаа өөрчлөн  зорчигч, жуулчдын аюулгүй байдлыг хангаж, аялал жуулчлалын үйлчилгээний соёлыг баримтлан аяллын бүрэлдэхүүн, хөтөчтэй нягт хамтран ажиллах нь  жуулчин тээвэрт явж буй жолоочдын хувьд чухал гэдгийг онцоллоо.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭД БҮТЭЦ ЧУХАЛ ҮҮРЭГТЭЙ

Засгийн газар аялал жуулчлалын бүс дагасан дэд бүтцийн асуудлыг шат дараатай шийдвэрлэж, Монгол Улсыг зорин ирэх гадаад жуулчдын тоог нэмэгдүүлж, салбарын хүний нөөцийг бэлтгэн, чадваржуулах асуудалд илүү анхаарч байгаа аж. Тухайлбал, аялал жуулчлалын салбарт зочлох үйлчилгээний чиглэлд ажиллаж буй мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхид, тус салбарт ажиллах чин хүсэл сонирхолтой иргэдийг 9 чиглэлээр мэргэшүүлэх ажлыг салбарын яамнаас эхлүүлжээ. Тодруулбал, энэ сарын 25-наас ирэх зургадугаар сарын 25 хүртэл улс орон даяар зочлон үйлчилгээний чиглэлээр буюу зөөгч, бармен, тогооч, жолооч, угтах үйлчилгээ, зэрэг есөн чиглэлээр 13-15 мянган иргэнийг үнэ төлбөргүй мэргэшүүлж, сурах сонирхолтой хүн бүр үнэ төлбөргүй хамрагдах боломжтой аж.

ДОТООДЫН ЖУУЛЧИД Ч ЭНЭ САЛБАРЫН ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Аялал зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан “Улаанбаатар Травэл экспо 2019” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн тав дахь жилдээ тавдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд “Мишээл Экспо”-д болно. Энэ зун амралтаараа хаашаа аялахаа төлөвлөж байгаа дотоодын аялагч, амрагчид тус үзэсгэлэнгийн үеэр доорх мэдээллийг авах боломжтой юм байна.

  • аяллын маршрутын цогц мэдээлэл
  • аяллын даатгалын иж бүрэн үйлчилгээ
  • аялал жуулчлалын шинэ чиг хандлагын талаар лекц, хэлэлцүүлэг
  • 21 аймаг, байгалийн цогцолборт газрууд
  • “Их Түмэн Санаачилга” хөтөлбөр
  • БНХАУ-ын цайны соёлын танилцуулга
  • БНСУ-ын эрүүл мэндийн аялал жуулчлал
  • Тайванийн төлөөлөгчийн газар
  • авиа компаниудын шинэ аяллын маршрутын танилцуулга
  • тур оператор компаниудын аяллын танилцуулга
  • зочид буудал, жуулчны бааз, гэст хаус
  • рашаан сувилал
  • их, дээд сургуулиуд
  • аяны хэрэгслийн дэлгүүрүүд

ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ 4600 ХЯНАГЧ АЖИЛЛАНА

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны зайлшгүй анхаарах нэг ажил бол агаарын бохирдлын асуудал. Монголчууд өвөлдөө утаагаа ярьж, дулааны цагт мартдаг байсан бол энэ жилээс эхлэн нийслэлчүүд түүхий нүүрс түлэхгүй. Засгийн газрын энэ шийдвэр тавдугаар сарын 15-наас эхэлсэн. Хамгийн чухал нь түүхий нүүрс түлэхгүй байх, хяналтаа сайжруулж чадвал ирэх өвөл утаа багахан ч гэсэн буурах боломж бий.

Цагдаагийн ерөнхий газраас нийслэл рүү түүхий нүүрс оруулахгүй байх хяналт тавих бол нийслэлийн гэр хорооллын 220 орчим мянган айлд түүхий нүүрс хэрэглэхгүй, сайжруулсан түлш хэрэглэх талаар мэдээлэл өгч, хяналт тавих ажлыг төвийн зургаан дүүргийн хорооны засаг дарга, хэсгийн ахлагч нар хийх юм. Түүхий нүүрс хэрэглэхэд хяналт тавих 4600 орчим хэсгийн ахлагч нарыг тус яамнаас бэлтгэж, ажилдаа оржээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж