СУРВАЛЖЛАГА: Хүүхдийн баяраар хүүхдүүдэд хэн, юу бэлдсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

СУРВАЛЖЛАГА: Хүүхдийн баяраар хүүхдүүдэд хэн, юу бэлдсэн бэ?

СУРВАЛЖЛАГА: Хүүхдийн баяраар хүүхдүүдэд хэн, юу бэлдсэн бэ?

Хүүхдийн баяр болоход ердөө найм хоног үлджээ. Энэ жилийн зургадугаар сарын 1 бямба гаригт тохиож байна. Бяцхан үрс маань хоног тоолон хүлээдэг энэ өдрийг алиалагчийн наргиа, ээж аавын нандин бэлэг, чихэр жимсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Инээд хөөр цалгисан энэхүү баярыг угтан Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй тоглоомын төв, хүүхдийн баярт зориулсан бэлгийн үнэ ханшийг сурвалжиллаа.

Монгол улс анх 1952 оны зургадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг орон даяар тэмдэглэж эхэлснээс хойш 67 дахь жилээ угтаж байна. Үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон тэмдэглэдэг энэхүү баярын дурсамж хөглөх салшгүй хэсэг нь хүүхдийн парк буюу одоогоор Үндэсний соёл, амралтын хүрээлэн. Багадаа “бүрэн эрх”-ээ эдлэх ганц өдрөөрөө алсыг харагч дээр суун, мангасын ам руу орж, бяцхан нуурт завиар зугаалахдаа хөвөн чихэр идэж, зайрмаг долоон явсан хүүхэд насны дурсамж энд санагдана. Ийм дурсамж хүн бүрт байдаг биз ээ.

Хүүхэд, залуучуудын амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг томхон хэмжээний цөөн хэдэн цогцолборын нэг болсон Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний хэлж заншсанаар Хүүхдийн парк энэ сарын 1-ний өдөр үүдээ нээжээ. Тус газарт хүүхдүүдээ тоглуулж буй эцэг эх олон байлаа. Гулсуурт дахин, дахин гулгаж, дүүжин даажиндан, эргэдэг машин дээр суусан багачуудын царай хөөр баяраар дүүрэн ёстой л “нар нь гарч” байгаа харагдсан.

Алсыг харагч, галзуу хулгана, эргэдэг дельфин, агаарын дугуй гээд нийт 23 тоглоомтой. Саяхнаас зөгийн үүр, эргэдэг сандал гээд хоёр шинэ тоглоомыг БНХАУ-аас авчирсан байна. Одоогоор ашиглаж эхлээгүй ба хүүхдийн баяраар 5000 төгрөгийн үнээр тоглож болно. Бүх тоглоомын нэгж үнэ 5000 төгрөг бол багц сонгосон тохиолдолд 2500 төгрөг аж.

Тодруулбал, 12 тоглоомоор үйлчлүүлэх эрх бүхий Crazy багц 30 мянга, есөн тоглоомтой Super багц 25 мянга, долоон тоглоомтой Cool багц 20 мянга, таван тоглоомтой Happy багц 15 мянган төгрөгийн үнэтэй. Багцын тасалбар зөвхөн нэг л хүнд үйлчлэх ба нэг сарын турш үйлчлүүлж болох аж. Хэдхэн хоногийн дараа болох хүүхдийн баярыг угтан тус газрын ажилтнууд орчны тохижилтод анхаарч, засварын ажил нь дуусч байлаа. Харин тоглоомын аюулгүй байдлыг бүрэн хянаж дууссан гэж тус газрынхан хэлсэн юм.

ПАРКААС МАНГАСЫН АМ, ЗАГАС ХОЁР Л ХУУЧНААРАА ҮЛДЭЖ, БУСДЫГ НЬ ШИНЭЧИЛСЭН

Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн Маркетингийн менежер Г.АМАРХИШИГ:

-Манай хүрээлэнгийн инженерүүд гуравдугаар сараас тоглоомынхоо аюулгүй байдалд анхаарч, урсгал засвараа хийгээд, дөрөвдүгээр сард аюулгүй байдлыг бүрэн хангаж дууслаа. Жишээ нь, галзуу хулгана хамгийн сүүлд ашиглалтад ордог. Цаг агаар шөнөдөө нэмэх хэмийн дулаантай хонож эхэлснээр ажиллуулдаг. Үүнээс өмнө аюулгүй байдлын үүднээс ашигладаггүй. Өглөө бүр манай ажилтнууд 11.00 цагаас өмнө тоглоомуудын аюулгүй байдлыг шалгаж, хяналт тавьж ажилладаг. Хэрэв ямар нэгэн эвдрэл гэмтэлтэй бол ажиллуулдаггүй.

Өнгөрсөн жил пуужинг өглөө нь шалгахад ямар нэгэн техникийн доголдол гараагүй, өдөр нь гэнэтхэн эвдэрч, хүүхэд бэртсэн харамсалтай хэрэг гарснаас бусад тоглоомууд аюулгүй, найдвартай. Пуужинг хаясан, суурин дээр нь өөр тоглоом суурилуулсан.

Бид жил бүр шинэ тоглоом нэмэхийг зорьдог. Төлөвлөгөөний дагуу энэ жил өсвөр насны хүүхдүүдэд зориулсан хоёр тоглоом шинээр суурилууллаа. Бусад тоглоомын адил багцад оруулсан байгаа. Хүмүүс тоглоомын багцыг хараад үнэтэй гэж боддог байх. Гэтэл нэгж тоглоомын үнэ ердөө 2500 төгрөг шүү дээ.

Шинээр суурилуулж буй тоглоомууд олон нийтийн ойлгож байгаа шиг гадаадад ашиглалтын хугацаа нь дууссан хуучин тоглоом биш. Тоглоомыг БНХАУ-ын тоглоом үйлдвэрлэлийн SBL компаниас оруулж ирдэг. Угсралттай шинэ тоглоомуудыг дагалдах инженерүүд нь суурилуулдаг юм. Ер нь паркийн тоглоомыг 2011 оноос бүгдийг нь шинэчилсэн, хуучин тоглоом байхгүй. Одоо байгаа нь мангасын ам, загас хоёр. Алсыг харагчийг хүмүүс харахдаа хуучных гэж ойлгоод байдаг шиг галзуу хулгана ч бас шинэ учраас ямар ч эвдрэл гэмтэл байхгүй.

Үндэсний соёл, амралтын хүрээлэн нь зуны цагийн хуваарийн дагуу 11-23.00 цаг хүртэл ажилладаг ч 00.00 цагт хаалгаа барьдаг аж. Учир нь оройн цагаар ачаалал ихтэй байдаг. Ялангуяа амралтын өдрөөр хөл хөдөлгөөнтэй, хамгийн их ачаалалтай байдаг юм байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тоглоом бүрт тодорхой санамж суурилуулсан байв. Тухайлбал, галзуу хурд, саран савлуур, давалгаат эргүүлэг зэрэг тоглоомд бага насны хүүхэд тоглохыг хоригложээ. Учир нь бага насны хүүхдийн тархи хөдлөх эрсдэлтэй аж.

ХҮҮХЭД НАСАНД ХҮРГЭЖ ӨГДӨГ ГАЛТ ТЭРЭГ БУЮУ "ДҮ ДҮ" ХҮҮХДИЙН МУЗЕЙ

Улаанбаатарт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл, амралтын хүрээлэнгээс өөр томоохон худалдааны төвүүд хүүхдэд зориулсан тоглоомын төвүүдтэй болсон нь сайн хэрэг. Олны мэдэх “Хүннү молл”, “И-Март”, “Аз Молл”, “Зайсан хилл” гэсэн томоохон худалдааны төвүүдэд хүүхдэд зориулсан орчин, гэр бүлээрээ амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бий. Эдгээрээс сонгон, “И-Март” худалдааны төвийн Чингис салбарыг зорилоо.

Тус худалдааны төвийн тавдугаар давхарт хүүхдүүдэд зориулсан тухтай орчин бүрдүүлжээ. Хувцас, тоглоомын лангуунаас автомат тоглоомын төв, Монголын анхны хүүхдийн музей байрлах аж. Тус музейгээр зочлоход

Хүүхэд насанд хүргэж өгдөг

Галт тэрэг хэрвээ байдаг бол

Хүн бүхэн сууна даа гэж

Хааяа би боддог юм…. Зохиолч, сэтгүүлч Ж.Мягмарсүрэнгийн энэхүү “Бага насаа хайрлаж явна” гэсэн дууны үг биеллээ олох шиг санагдав. Ингэж хэлэхийн учир нь 22 үзмэр нь бүхэлдээ хүүхдийн ертөнц аж. Энд хүүхдүүд үзүүлэн үзэх биш, айл гэр болж, элсээр тоглон, усаар наадаж, хүссэн бүхнээ сараачиж болно. Хэн ч "Битгий" гэж хориглохгүй. Барилгачин, аврагч гал сөнөөгч, эмнэлэг, Голомт банк, Color design house, агаарын хүч, хэлтгий байшин, монгол ахуй, палеонтологи, сансар огторгуй, усны ертөнц гээд хүссэн дүрдээ хувирч орчинд нь тоглоно. Жишээ нь, багадаа айл гэр болж тоглохдоо чулуугаар гэр өрдөг тоглоомын айл болгон орчныг нь бүрдүүлж өгчээ.

Айлд хэрэгтэй бүхий л зүйлс “Гал тогоо” хэсэгт байсан. Бас хүүхдэд санхүүгийн боловсрол олгох зорилгоор бяцхан “Голомт банк”-инд хүүхдүүд жинхэнэ банкны ажилтнууд болно. Теллерийн хувцастай хүүхдүүд нэгэндээ үйлчлэх ба мөнгө хадгалуулдаг сейфтэй. Энд хүүхэд ирж тоглох бүртээ мөнгөө хадгалуулж болох аж. “Эмнэлэг”-ийн хэсэгт хүүхэд хэрхэн бүрэлдэн бий болдог үзүүлэн, хүүхэлдэй чагнуур, бяцхан ор гээд эмнэлгийн бүхий л хэрэгтэй тусламж, эмч сувилагчийн хувцастайгаа байх юм. Хүүхдүүд ээжээсээ “Ээж ээ, би ингэж бий болдог юм уу” гэж асуух нь их гэнэ. Хариуд нь ээж нар үзүүлэн дээр “Миний хүү ээжийнхээ гэдсэнд дөрвөн сартайдаа ийм байсан” гээд тайлбарлаж өгдөг байна.

Мэдээж хүүхдүүд усанд орохдоо ванн дүүрэн тоглоомоороо тоглохдоо хэзээ ч уснаас гарахыг хүсдэггүй. Энэ орчныг усан сангийн хэсэгт бүрдүүлж өгчээ. Усан буугаар буудаж, усан дунд лего тоглоомоороо байшин, далан барина. Усан буугаар тоглож, далайн амьтадтай танилцана. Энэ хэсэгт хүүхдүүд олон цагийг өнгөрүүлдэг салах дургүй байдаг бол бас зөгийн үүр гэх олсон дундуур дамжин тоглодог хэсэгт бага насныхан ихэнх цагаа өнгөрөөнө.

Жаахан дүү нараа харж музей үзэж байгаа 17 хүртэлх насны хүүхдүүд Color design house-т нууцаа “дэлгэсэн” байх аж. Хана таазаар нь Д+Б=LOVE гэх үг, зүрх зурсан байх нь элбэг. Хана ширээгээр нь харин жаалууд байшин, хүүхэлдэй гэх мэт өөрсдийн төсөөллөө буулган сараачжээ. Бас хүүхдүүд Discovery Bus-д дуртай хүүхэлдэйн киногоо үзэж, амарч болно.

Ээжүүд нялх хүүхдээ хэвтүүлэнгээ амарч болох хэсэг ч бий. Дээрх дурдсан бүхий л тоглоомын хэсгээр аялж тоглох бүртээ нэгийг сурч, танин мэдэхүйн боловсролыг хүүхдэд олгож буйгаараа онцлогтой санагдсан. Тус музейн салбар нь Зайсан хилл-д бас бий. Тасалбарын хувьд цагийн хязгааргүй бөгөөд 0-24 насны хүүхэд үнэ төлбөргүй бол 2-12 нас 20.000, 13-17 нас 10.000, 18-аас дээш насныхан 5000 төгрөгийн үнээр тус бүр ангилжээ.

ХҮҮХДЭД ТОГЛООМООР НЬ ДАМЖУУЛАН ТАНИН МЭДЭХҮЙН БОЛОВСРОЛ ОЛГОЖ БАЙНА

“Дүдү” хүүхдийн музейн хөтөлбөрийн ахлах зохион байгуулагч Г.ЗОЛЖАРГАЛ: 

-Манай музей хүүхдэд тоглоомоор нь дамжуулан шинжлэх ухаан, танин мэдэхүйн боловсрол олгодгоороо онцлогтой. Үзмэрүүд нь хүүхдэд зориулсан мэргэжлийн онцлог бүрийг харуулсан танин мэдэхүйн хэсгүүдтэй. Хүүхдүүд усан сан, палеонтологи буюу үлэг гүрвэлийн хэсэг, зөгийн үүр гэсэн хэсэгт хамгийн их цагаа өнгөрүүлдэг бол зарим эрэгтэй хүүхдүүд гал тогооноос салдаггүй байх жишээтэй. Энэ бүхнээс хүүхдийнхээ ирээдүйн мэргэжлийг ч тодорхойлж болно. Үзмэрүүдийн 90 хувийг монгол инженерүүд бүтээснийг энд онцолъё. Бага насны хүүхдээ музейд харгалзах хүнгүй үлдээж болохгүй. Харин долоогоос дээш насныханд харгалзах хүнгүйгээр үлдэхийг зөвшөөрч болно.

“Дү дү” музей нь 100 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хүүхдийн баяраар ачаалал ихэсч, энэ тооноос илүү хүүхэд тоглохоор ирдэг байна. Тус музей нь үүдээ нээснээсээ хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрч байгаа аж. Мөн И-Март худалдааны төвийн хоёр давхарт бага насныханд зориулсан тоглоомын төв бий. Энд 20 хүүхэд хүлээн авах боломжтойн дээр эцэг эхчүүд хүнс, бараа цуглуулахдаа хүүхдээ түр саатуулах зорилгоор тоглоомын төвд үлдээх боломжтой. Бяцхан охид тэргэн дээр хүүхэлдэйгээ түрж байхад зарим нь гал тогоонд хоол хийнэ. Хөвгүүд нь үсэрч харайн өөр зүйлд анхаарлаа хандуулах аж.

ТОГЛООМЫН ТӨВИЙГ ХЯНАДАГГҮЙ

Хүүхдийн баярыг угтан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас есөн дүүрэгт томоохон худалдааны төв, аж ахуйн нэгж байгууллагад хүүхдийн баярын бэлэгтэй холбоотой хүнсний шалгалт хийж эхэлжээ. Шалгалтын дүнг ирэх долоо хоногоос мэдээлэх аж. Харин хүүхдийн тоглоомын төвүүдэд шалгалт хийдэггүй ба хувь хүнээс гомдол ирсэн тохиолдолд шалгадаг гэсэн тайлбарыг тус газрынхан өгөв.

ХАМГИЙН ҮНЭТЭЙ БЭЛЭГ 24.500 ТӨГРӨГ

Хүүхдийн баярын бэлэг хамгийн хямд нь 2450 төгрөгөөс эхэлж байна. "Оргил" худалдааны төвд жижиг савлагаатай бэлэг ийм үнэтэй байгаа бол хэмжээнээсээ шалтгаалан дунджаар 5500, хамгийн үнэтэй нь 16.500 төгрөгийн үнээр худалдаалагдаж байгаа аж.

"И-Март" худалдааны төвд хүүхдийн бэлэг 5600-24.500 хүртэлх төгрөгийн үнэтэй байна. Бүх ууттай бэлэг нь “Аав аа, ээж ээ энийг аваад өгөөч” нэртэй ба 6500 төгрөгийн бэлэгт “Хаан чипс”, жүүс, шоколад тэргүүтэн багтжээ. Нярайн бэлгийн багц алимны нухаш, хүүхэлдэй, зөөлөн чихэр зэрэг таван нэр төрлийн бүтээгдэхүүнээс бүрдсэн 15 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тус худалдааны төв хүүхдийн баяраар дунджаар 20 мянган бэлэг савлаж, борлуулдаг аж.

Сүүлийн жилүүдэд ууттай бэлэгт багтсан чихэр жимс нь хортой гэж яриа байдаг ч амттангүйгээр хүүхдийн баяр “утгагүй”. Хамгийн гол нь энэ өдөр хүүхдийнхээ амттаны хэрэглээнд “хяналт” тавьж, хэмжээг нь хэтрүүлэхгүй байх нь эцэг, эхчүүд бидний үүрэг хариуцлага юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж