Дэлхийн шилдэг баримтат кинонуудыг Монголд анх удаа албан ёсны эрхтэйгээр үзэх боломжтой болжээ. Монголынхоо үзэгчдэд шилдэг баримтат кинонуудыг мэргэжлийн дуу оруулалт, орчуулгатайгаар хүргэхээр “DTV”-ийн хамт олон зорьж буй юм. Уншигч танаа тус төслийн санаачлагч Б.Бат-Ундралтай ярилцсанаа хүргэе.
-Дэлхийн шилдэг баримтат кинонуудыг Монголд анх удаа “DTV” албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд хүргэж эхэлжээ. Ямар учраас баримтат киноны төрлийг сонгож, үзэгчдэд хүргэхийг зорив?
-Олон жилийн өмнөөс бодож явсан ажлын нэг. Бидний хувьд видео контент үйлдвэрлэлийн салбарт ажилладаг. Энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийн хийхийг хүсдэг бүтээлийн төрөл бол яах аргагүй баримтат кино. Зарим уран бүтээлчдийн хувьд уран сайхны кинонд илүү сонирхолтой байдаг бол нөгөө хэсэг нь баримтат кинонд дуртай байх нь бий. Үзэгчдийн хувьд ч уран сайхны кинонд дурлагсад киноныхоо дараа дараагийн цувралыг тэсэн ядан хүлээдэг шиг дэлхийн шилдэг баримтат киноны цувралыг тэсэн ядан хүлээж, алдартай найруулагч, продюсеруудын дараагийн төсөл юу болохыг сонирхдог хүмүүс ч бий.
Баримтат киногоор дамжуулан маш их мэдлэг, мэдээлэл олж авч болно. Өнөөгийн мэдээллийн эрин зуунд иргэн бүр мэдлэг, мэдээлэлтэй байж, цаг үетэйгээ мөр зэрэгцэн алхах нь маш чухал. Баримтат киног зөвхөн үзээд зогсохгүй дараа нь тухайн киноныхоо сэдвийн хүрээнд илүү их мэдээллийг сонирхон судалж эхэлдэг. Тэр чинээгээрээ мэдлэгийн хүрээгээ тэлж байдаг гэж ойлгодог. Түүнээс үүдээд эх хэл дээрээ баримтат кино үзэх, түүнийгээ дагасан мэдээлэл олж авах боломж маш хомсдолтой байгааг ажигласан юм. Тэгээд гадны шилдэг баримтат кинонуудыг эх хэл дээрээ хүмүүст хэрхэн үзүүлж болох талаар бодож эхэлсэн. Хэлний мэдлэгтэй бол баримтат киноны сайтуудад 5-10 евро төлөөд үзэх боломж нээлттэй байдаг. Харин албан ёсны зөвшөөрөлтэйгөөр олон нийтэд үзүүлэхийн тулд олон газартай холбогдож судалгаа хийсэн. Үр дүнд нь кинонуудаа гаргаж эхэлсэндээ баяртай байна.
-Шилдэг баримтат киног IPTV үйлчилгээ үзүүлдэг бүх сувгаар үзэх боломжтой юу?
-Бид тавдугаар сарын 16-наас “Юнивишн”, “DDishTV”, “LookTV”-ийн видео сангаар дамжуулан хүргэж эхэлсэн. Баримтат киног маань бүх насныхан эх хэл дээрээ мэргэжлийн орчуулга, дуу оруулалттайгаар үзэх боломжтой. Цаашдаа баримтат киноны төрөлжсөн телевизийн суваг байгуулах зорилго тавиад байна. Одоогоор дэлхийн том гүрнүүд ил, далд хэрхэн тохиролцдог тухай өгүүлэх “Трамп болон Орос" , “Фейсбүүк нийгмийн сүлжээний нууц” баримтат киног үзэгчдийн хүртээл болгоод байна. Долоо хоног бүрийн пүрэв гаригт баримтат кино маань “Юнивишн”-ы видео санд шинээр нэмэгдэж байх болно. Бид маш олон кинон дундаас сонголтоо хийж, аль болох сонирхолтой, кино наадам, фестивалиудаас шагнал авсан шилдэг кинонуудыг сорчлон үзүүлэхээр бэлдэж байна.
-Монголд анх удаа баримтат киног албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлэхэд хүндрэл бэрхшээл тулгарав уу?
-Манай улсад хуучны баримтат кино олон бий. Одоо ч мэр сэр хийгдэж байгаа нь харагддаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд баримтат киноны төрөл орхигдоод байгаа нь анзаарагдах болсон. Энэ төслийг эхлүүлэхэд бараг жилийн хугацаа зарцуулсан. Бэрхшээл гэхээсээ илүү урам зориг л бидэнд дүүрэн байсан. Бидний зорилго маш энгийн. Шинжлэх ухаан, түүх соёл, аялал, адал явдал, амьдралын хэв маяг, гэмт хэрэг гээд олон төрлөөр хийгдсэн бүтээлүүдийг үзэгч олондоо хүргэх. Баримтат киног контентын хаан ч гэж ярьдаг. Улс төр, гэмт хэрэг, авлига, хээл хахууль, агаарын бохирдол гээд хэдхэн мэдээлэл дундаа амьдарч буй нийгмийнхээ өөр нэг өнцөг, гэрэл гэгээ нь болж мэдлэг мэдээлэл, хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийг та бүхэндээ баримтат киногоор дамжуулан хүргэхээр хичээн ажиллаж байна. Баримтат кино гэдэг маань өөрөө асар их судалгаа шинжилгээний дараа бүтдэг, мэдлэг боловрсол олж авах боломж дүүрэн байдаг контент.
Гэвч бидний хувьд дэлхийн хэмжээний мэдээлэл олж авахад хэлний мэдлэг дутагддаг нь нууц биш байсан. Тийм учраас бид энэхүү асуудлыг мэргэжлийн орчуулга, дуу оруулалттайгаар шийдэн та бүхэнд хүргэх гэж байгаадаа баяртай байна. Бусад орны хэл соёл, шашин, шинжлэх ухаан, сансрын технологи, цахиурын хөндийн дотоод нууцууд, санхүүгийн боловсрол, гайхамшигт байгалийн үзэсгэлэнд өөрөө аялж буй мэт ойртох боломжууд гээд баримтат киноны давуу тал маш их. 60-хан минутын нэг контент үзэхэд нэг ном уншсан хэмжээний мэдээлэл авна гэдэгт итгэлтэй байна.
-Баримтат киноны төрөлжсөн сувагтай болсноор нийгэмд ямар эерэг нөлөө үзүүлнэ гэж бодож байна вэ?
-Баримтат киноноос авч болох ач тусын хувьд мэдээж маш өргөн. Ер нь ажиглаад байхад сүүлийн үед ярилцлагын нэвтрүүлэг, солонгос кино, хөгжөөх төрлийн контентуудаар хязгаарлагдаад байгаад маш их харамсдаг. Гэхдээ мэдээж ашиг орлого, зардал мөнгө талаасаа хүндрэлтэй байдгийг өөрөө контент үйлдвэрлэгчийн хувьд гадарлаж байна. Телевиз үзээд суухад баримтат кино, нэвтрүүлэг, танин мэдэхүйн контентуудын орон зай үгүйлэгдэж байгаа гэж боддог. Тийм учраас илүү олон баримтат киног зөвхөн хүүхэд залуучууд гэлтгүй бүх насныханд хүргэхийг зорьж байна. Монгол залуус маань дэлхийн хаана ч очсон мэдлэг, боловсролоор хоцрохооргүй, хэнтэй ч, ямар ч сэдвээр ярилцах хэмжээний мэдлэгтэй байгаасай гэж хүсдэг. Баримтат киног маань хүмүүс бидний төсөөлснөөс илүү сонирхож байгаад баяртай байна.
Мөн бидний контентуудаа авч байгаа нийлүүлэгч нар маань ч Монголын талаар маш их сонирхдог. Тэдний хэлж байгаагаар Америк, Европ тивийн тухай баримтат кино, нэвтрүүлгүүд маш их хийгдэж, хүн болгон мэддэг болсон. Одоо контент, баримтат кино бүтээгчид Араб хэмээх том ертөнцийн соёл уламжлалаар маш их кино хийж байна. Монголд гаргах киногоо хайж, үзэж байхад ч энэ нь ажиглагдсан. Үүний дараа мэдээж маш бага хөндөгдсөн төв Ази, тэр дундаа Монгол Улсын түүх, соёл дэлхийд хараахан дэлгэгдээгүй, нууцлагдмал байсаар байгаа талаар тэд хэлж байна. Монголын соёл уламжлалын талаар кино хийх сонирхолтой, хамтарч ажиллах олон санал ирсэн. Гадаадын иргэд Монгол гэхээр Чингис хаанаар л мэддэг шүү дээ. Энэ бол бидний том боломж.
Тэгэхээр ирээдүйд Монголынхоо гайхамшигт түүх, соёлыг харуулж танилцуулсан баримтат кино хийх, эргээд дэлхийн зах зээл эдгээр контент нийлүүлэгч нараар дамжуулан түгээх том боломж нээгдэж байгаад баяртай байна. Биднийг дэмжиж бидэнтэй хамт байгаарай.
Холбоотой мэдээ