“iPhone”-оос татгалзах хөдөлгөөн өрнөж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.23-нд нийтлэгдсэн

“iPhone”-оос татгалзах хөдөлгөөн өрнөж байна

“iPhone”-оос татгалзах хөдөлгөөн өрнөж байна

АНУ-ын “Apple” компанийн өнгөрсөн оны орлогын 20 хувийг Хятадын зах зээл бүрдүүлжээ. Гэвч АНУ болон Хятадын хоорондох улс төрийн зөрчил, худалдааны дайнаас болж “Apple” компани хохирол амсаж эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт Хятадын ухаалаг утасны “Huawei” компанийг хар жагсаалтад оруулснаа зарласнаар АНУ дэлхийн нийт ухаалаг гар утасны 85 хувь нь дэмждэг “Google”-ийн “Android” системийг “Huawei” компанид ашиглахыг хориглож, зарим эд ангийг нийлүүлэхийг зогсоох болсноо мэдэгдсэн юм. Гэвч энэ шийдвэр нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятад улсын иргэдийн дургүйцлийг төрүүлж, үндсэрхэг үзлийг нь өдөөжээ.

Хятадад өдгөө “iPhone” брэндээс татгалзаж, үндэсний брэндээ дэмжих хөдөлгөөн өрнөөд байна. Өмнө нь 2016 онд АНУ-ын “iPhone 6” загварын ухаалаг утас Хятадын иргэдийн дунд бойкот арга хэмжээтэй тулгарч байв. Гааг дахь Олон улсын арбитрын шүүхээс Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсэд Хятад улс нөөц баялаг олборлох нь Филиппиний бүрэн эрхийг зөрчсөн үйлдэл гэсэн шийдвэр гаргасан нь дээрх нөхцөл байдлыг үүсгэжээ. Улмаар Хятадын олон иргэн “iPhone” утасныхаа дэлгэцийг алхаар цохиж, газар савж, дээрээс нь дэвсэх зэргээр эвдлэн, АНУ-ын эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байв.

Сүүлийн 10 жилийн турш “Apple” компанийн рейтинг Хятадад өссөөр байжээ. Гэвч АНУ-ын хориг эсрэгээрээ “Huawei” брэндийн нэр хүндийг дотоодын хэрэглэгчдийн дунд өргөж өгөв. Үүний зэрэгцээ Хятадын компанийн сүүлд гаргасан “Huawei P30” загварын ухаалаг утас хүчирхэг камерынхаа ачаар олон улсад алдаршиж буй.

Хятадын төрийн өмчит харилцаа холбооны компанид ажилладаг Сэм Лигийн мэдээлснээр, өдгөө Бээжингийн бизнесийн хүрээнийхэн “Huawei” хэрэглэх болсон ба тэдний дунд халааснаасаа “iPhone” гаргаж ирэх нь ичгэвтэр санагдах болжээ. Тус харилцаа холбооны компани ажилчдаа “iPhone” брэндээс татгалзаж, “Huawei”-г сонговол хөнгөлөлт эдлүүлэхээ мэдэгдсэн байна.

“Huawei” компани өнгөрсөн онд 206 сая ширхэг ухаалаг утас борлуулсны 105 сая буюу тал хувь нь дотооддоо зарагджээ. Энэ нь дотоодын зах зээлийн 26,4 хувийг эзэлсэн аж. Харин “Apple” компани Хятадын ухаалаг утасны зах зээлийн 9,1 хувийг эзэлсэн ч энэ оны эхний улиралд Хятад дахь “iPhone” брэндийн борлуулалт өнгөрсөн 2018 оны мөн үеийнхээс 36,4 сая ширхэг буюу 30,2 хувиар буурчээ.

Ердөө 30 жилийн дотор л “Huawei” Хятадын хамгийн том компаниудын нэг болоод зогсохгүй дэлхийн брэнд болж чадсан байна. “Huawei”-ийн ухаалаг гар утас өдгөө iPhone-оос илүү түгээмэл болж, борлуулалт нь “Samsung”-аас хурдан өсч байгаа тус компанийн зорилт нь ирэх жил гэхэд дэлхийн хамгийн том ухаалаг утасны брэнд болох, цаашлаад дараагийн үеийн супер хурдан 5G сүлжээний технологийн салбарт тэргүүлэх аж.

АНУ-ын хоригийн эсрэг “Huawei” өөрийн гэсэн бие даасан “Android” системийг хөгжүүлж буйгаа зарласан. Гэхдээ тэрхүү шинэ систем нь хэрэглэгчдэд таалагдаж, амжилттай байх эсэх нь эргэлзээтэй. Учир нь өмнө нь хэд хэдэн компани “Google”-ээс өрх тусгаарлах гэж үзээд амжилт олоогүй билээ. Тэдний нэг бол “Samsung”. БНСУ-ын “Samsung” брэнд нь өөрсдөө “Galaxy App Store” хэмээх үйлдлийн системтэй боловч ихэнх хэрэглэгчид “Google Play Store”-ыг сонгон ашигладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХахаХаха
8
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж