“Ivanhoe Mines” Оюутолгойд аваргуудтай хамтарна

Хуучирсан мэдээ: 2010.07.20-нд нийтлэгдсэн

“Ivanhoe Mines” Оюутолгойд аваргуудтай хамтарна

“Оюутолгой” зэс-алтын уул уурхайн
төсөл хэрэгжүүлж байгаа “Ivanhoe Mines” компани Францын “BNP Paribas”,
Их Британийн “Standard Chartered”, Канадын “Export Development Canada”
байгууллагуудтай хамтарч санхүүжилт болгохоор ажилах шийд гаргасан
талаар өчигдөр мэдээллээ. “Ivanhoe Mines” компанийн гүйцэтгэх захирал
Роберт Фридланд, ерөнхийлөгч Жон Макен нар өчигдөр дээрх гурван
санхүүгийн байгууллагыг Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Оюутолгой зэс,
алтны уул уурхайн төслийг санхүүжүүлэх институт дээрээ нэмснээр таван
том санхүүгийн байгууллагатай хамтарч ажиллахаар болж байгаа талаар
зарлалаа.

“Гол зээлдэгч бүлгээ бий болгох нь Оюутолгой төслийн
санхүүгийн багцыг найдвартай бүрдүүлэхэд чухал алхам болж байна. Бид гол
зээлдэгч бүлгийн асуудлаа 2011 оны нэгдүгээр улиралд багтаж шийднэ гэж
найдаж байна. Санхүүгийн таван том институт бидэнд хоёр тэрбум гаруй
ам.долларын зээл олгоход бэлтгэж байна. Энэ нь дэлхийн зэс, алтны зах
зээл дээрх тоглолтонд нөлөөлөхүйц төслийг тэд сонирхож байгааг илтгэж
байна” хэмээн ноён Фридланд ярьжээ.

“Ivanhoe Mines” компани дэлхийн
өнцөг булан бүрийн 13 том банкнаас ирүүлсэн хамтран ажиллах сонирхолоо
илэрхийлсэн саналуудыг судалж үзээд Парис хотод байрладаг “BNP Paribas”,
Лондон хотод төвтэй “Standard Chartered”, Европын Сэргээн босголт,
Хөгжлийн Банк (EBRD), Олон улсын санхүүгийн корпорац (IFC), Канадын
Экспортын Хөгжил (EDC) байгууллагуудтай хамтран ажиллах шийд гаргасан
байна. Дэлхийн санхүүгийн тэргүүлэх байгууллага болохын хувьд “BNP
Paribas”,
“Standard Chartered” нар Азид өргөн хэмжээнд үйл ажиллагаа
явулдаг бөгөөд Оюу Толгой төслийн зээлжилтийн асуудлыг олон төрлийн арга
хэрэгслээр дэмжих чадвартай гэж ноён Фридланд ярьсан. Энэ оны тавдугаар
сард “Ivanhoe Mines” компани Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк
(ЕСБХБ) болон Олон Улсын Санхүүгийн Корпорацтай (ОУСК) Оюутолгой төслийг
санхүүжүүлэх асуудлаар баримт бичиг боловсруулан гарын үсэг зурсан.

Дээрх
баримт бичгүүдэд тохиролцсоноор Дэлхийн Банк Группын нэг хэсэг болох
ОУСК, ЕСБХБ нар тус бүрдээ 300 сая, нийтдээ 600 сая ам.долларын шууд
санхүүжилт олгох болно. Канадын засгийн газрын экспортыг дэмжих зээл
олгогч Канадын Экспортын Хөгжил агентлаг “Ivanhoe Mines”-д 500 хүртэл
сая ам.долларын санхүүжилт өгөх асуудлыг судалж үзэж байгаа бөгөөд Оюу
Толгой төсөл нийгмийн асуудлын хувьд болон байгаль орчны нөлөөний хувьд
тус байгууллагаас тавьдаг шалгууруудыг хангаж байвал уг зээлийг олгох юм
байна.

2010 онд боловсруулсан Оюу Толгойн Интеграцчилсан
Хөгжлийн Төлөвлөгөөнд (IDP-10) дурдсанаар уг төслийг хэрэгжүүлж Өмнөд
Оюу ордоос анхны бүтээгдэхүүн гаргаж авахын тулд анхны капиталын зардалд
4.6 тэрбум ам.доллар шаардлагатай гэж дурдсан байна. Оюу Толгой төсөл
уул уурхайн төсөлд тавигддаг олон улсын байгаль орчин, нийгмийн шалгуур
болох Экваторын Зарчмуудыг баримтлан ажиллах болно гэж ноён Макен
ярьжээ. “BNP Paribas”, “Standard Chartered” банкуудыг сонгоход “Hatch
Corporate Finance” зөвлөгөө өгсөн байна.

Товч танилцуулга:

Ivanhoe
Mines компанийн тухай(www.ivanhoemines.com)

“Ivanhoe Mines” (NYSE,
NASDAQ & TSX: IVN) компани нь олон улсын уул уурхайн компани бөгөөд
үйл ажиллагаагаа Ази Номхон далайн бүсэд төвлөрүүлж хэрэгжүүлдэг. Тус
компани дэлхийн хэмжээний Оюу Толгой зэс-алтны уурхайн төслийг Монголын
өмнөд нутагт хэрэгжүүлж байгаа. Монголын нүүрсний “South Gobi Resources”
компанийн 57 хувийг эзэмшдэг. Зэс, алт, уран, молибден, рениумын
олборлолт хийдэг “Ivanhoe Australia” компанийн 81 хувийг эзэмшдэг. Мөн
“Kyzyl Gold” төслийг хэрэгжүүлж байгаа “Altynalmas Gold” компанийн 50
хувийг эзэмшдэг байна.

BNP Paribas банкны
тухай(www.bnpparibas.com)

“BNP Paribas” “Standard and Poor’s”
үнэлгээний агентлагийн тооцоолсноор дэлхийн хамгийн хүчтэй зургаан
банкны нэг бөгөөд еврозоны орнууд дундаа хамгийн их нөөцтэй гэж
тооцогддог. Дэлхийн 80 гаруй оронд салбартай, 200 мянган ажилтантайгийн
160,000 нь Европт байдаг. “BNP Paribas” дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа
явуулдаг Европын санхүүгийн байгууллага. Тус банк банкны жижиглэнгийн
үйлчилгээ, хөрөнгө оруулалтын шийдэл, корпорац, хөрөнгө оруулалтын
банкинг үйлчилгээнүүдээрээ хүчтэй.

 Standard Chartered
(www.standardchartered.com)

“Standard Chartered PLC” нь олон улсын
хамгийн том банк бөгөөд Лондон, Хонг Конг, Мумбайн хөрөнгийн биржүүд
дээр хувьцаа нь арилжаалагддаг. 150 гаруй жилийн үйл ажиллагааны түүхтэй
бөгөөд дэлхийн хамгийн хөдөлгөөнтэй, динамик зах зээл болох Ази, Африк,
Ойрхи Дорнодын зах зээлээс орлогынхоо 90 гаруй хувийг олдог.

Export Development Canada (www.edc.ca)

“Export Development Canada”
(EDC)  нь Канадын үндэсний экспортыг дэмжигч зээлийн байгууллага бөгөөд
Канадын экспортлогчид, хөрөнгө оруулагчдад үйл ажиллагаа өргөжүүлэхэд
тусалдаг. Тус байгууллага Канадын 8,400 гаруй компанид дэлхийн хэмжээнд
үйл ажиллагаа явуулахад нь хамтарч ажиллаж байна. Тус байгууллага
санхүүгийн хувьд хөл дээрээ зогсож, бие дааж үйл ажиллагаа явуулдаг
бөгөөд эдийн засгийн шинжилгээ, санхүүгийн тайлагналаар дэлхийн хэмжээнд
хүлээн зөвшөөрөгдсөн.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж