"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь" | News.MN

"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"

ОЮУНХОРОЛ

"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"

"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"

 УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнд

“ГЭР БҮЛ, ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ НЬ”

ҮНДСЭН ИЛТГЭЛ

 УИХ-ын гишүүн,

НББСШУ-ны Байнгын хорооны дарга

Д.Оюунхоролын илтгэл

Эрхэм хүндэт Улсын Их Хурлын дарга аа

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө

Хүндэт эцэг эхчүүд ээ

Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвөлгөөнд хүрэлцэн ирсэн Хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээсэн төрийн албан хаагчид, Хэвлэл мэдээлэл, ТББ, ОУ-ын байгууллагын төлөөллүүддээ чин сэтгэлийн  талархал илэрхийлж, гэгээн сайхан өдрийн мэндийг дэвшүүлье ээ.

Монгол Улсын төрөөс баримтлах хүн амын бодлогод “гэр бүл нь хүний амьдралын анхдагч орчин, нийгмийн үндсэн нэгж гэж үзэж, түүний хөгжлийн тухай асуудлыг төрийн бодлогын анхааралд байлгана” гэж заасан нь өнөөгийн төр, засгаас гэр бүлийн талаар баримтлах бодлогын үндэс болж байна.

Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллага, олон нийтийн үүрэг оролцоог тодотгох, ажиллах нөхцөлийг сайжруулах үүднээс НББСШУ-ны Байнгын хороо УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарын ивээл дор Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамтай хамтран энэхүү “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг зохион байгуулж байна.

УИХ-аас гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд чиглэсэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиудыг батлан гаргасан ч эдгээр хуулийн зохицуулалт, хэрэгжилт зарим талаар учир дутагдалтай, заалт нь хийдэл, давхардалтай, хуулийн хэрэгжүүлэхэд цөөнгүй салбарт санхүүжилт бүрэн тусаагүй, төсвийг оновчтой хуваарилах шаардлагатай, холбогдох дүрэм журмуудыг боловсронгуй болгох гээд тулгамдсан асуудлууд байсаар байна.

2018 оны байдлаар Монгол Улсын хүн ам 3.2 сая болж, өрхийн тоо 895 мянга-д хүрчээ. Та бид хүн амын 36,5 хувийг эзэлж байгаа 0-18 насны 1 сая 134 мянган хүүхдийн эрхийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахууныг гэр бүлд төлөвшүүлэх, гэр бүлийн боловсрол олгох чиглэлээр олон нийтийг соён гэгээрүүлэх, эцэг эхийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх, хүүхдийн хүмүүжил төлөвшилд сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан нөхцөлийг арилгах,  хууль эрх зүйн орчныг сайжруулах хэрэгцээ шаардлага, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, бодлоо хуваалцаж байгаадаа таатай байна.

2018 оны байдлаар 18 хүртэлх насны

  • 4 хүүхэдтэй өрхийн тоо 31 мянга 300,
  • 5 хүүхэдтэй өрхийн тоо 8 мянга 300,
  • 6 хүүхэдтэй өрхийн тоо 4 мянга 700,
  • 7 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн тоо 1500 байна[1].
  • 21 мянган хос гэрлэлтээ бүртгүүлсэн бол
  • 2 мянган хос гэрлэлтээ цуцлуулсан байна.[2]

2018 оны байдлаар өрх толгойлсон эх 72 мянга, өрх толгойлсон эцэг 19,900 байна.

Гэр бүл цуцлалт, гэр бүлийн таагүй уур амьсгал, хүчирхийллийн харилцаанаас үүдэн олон хүүхэд гэр бүлдээ аливаа хэлбэрийн дарамт, хүчирхийлэл, үл хайхрах явдалд өртөж аюулгүй, эсэн мэнд амьдрах, хөгжих суурь эрх нь зөрчигдсөөр байна. Зарим хүүхэд эцэг, эх, гэр бүлээсээ тусдаа гудамжинд, асрамж, халамжийн газруудад амьдрах, гэмт хэрэгт холбогдох, хорих газар ял эдлэх, хүнд хөдөлмөр эрхлэх, хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болох, мөн олдмол хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлд орсоор байгаа нь эцэг эхчүүд хүүхдээ хараа хяналтаасаа гаргаж, хайрлах, халамжлах үүргээ орхигдуулсны үр дагавар юм.

Нийт гэр бүлийн 68,4 хувь нь гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байгаа, энэхүү маргаанд нөлөөлж байгаа хүчин зүйлсийн 86.8 хувь нь архидалт байна гэсэн судалгааны дүн гарсан байна. Архидан согтуурахаас үүдэн гэр бүл хүчирхийлэл, салалт, гэрлэлт цуцлалт ихэсч, хүүхэд өнчирч гэр бүлийн элэг бүтэн амьдрал алдагдаж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд олон сөрөг хандлагууд бий болж байна.

Монгол улсын Засгийн газраас Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн бариад удаагүй байна. Гэр бүлийн задрал хүчтэй явагдаж байгаа энэ цаг үед гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийн үнэ цэнийг дээшлүүлж, гэр бүлийн хөгжлийг дэмжих шинэ төрлийн үйлчилгээг хөгжүүлэх,  санхүүжүүлэх зардлыг  Гэр бүлийн тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгах;  Хүүхдийн тэтгэлэг бүрэн төлөгдөх тогтолцоо механизмыг бүрдүүлэх, хүүхдийн өмчлөлийн эрхийг хуульчлах, эцэг, эхийн үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх;Гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох чиглэсэн зорилготой хөтөлбөрийг их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх;  Асралт гэр бүлийн судалгаа хийх, асралт гэр бүл бэлтгэх сургалтын хөтөлбөр, эрх олгох, асралт гэр бүлд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэх зэрэг олон шинэлэг өөрчлөлтийг тусгасныг онцлон дурьмаар байна.

  1. Цаашид Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх явцад дараах саналууд нэмж оруулах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр Бүл, Хүүхэд Залуучуудын Хөгжлийн газраас 43 мянга орчим өрхөөс авсан “Монголын гэр бүлийн асуудал, хэрэгцээ, үйлчилгээний хувилбар” судалгааны дүнгээс харахад гэр бүлээ өөрсдийн хүч, нөөцөөр сайн сайхан авч яваа  “хэвийн гэр бүл”- ээс гадна, нийгмийн дэмжлэг тусламж зайлшгүй шаардлагатай 10 – 12 хэв шинжийн, зорилтот гэр бүлүүд байгааг дурджээ.

Тухайлбал: Ядуу гэр бүл, архины хамааралтай, олон хүүхэдтэй, өрөөсгөл, дахин гэрлэсэн, хүчирхийллийн харилцаатай, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй болон насанд хүрсэн гишүүнтэй, түр хугацаагаар тусдаа амьдарч байгаа, шилжин суурьшсан, хэн нэгэн гишүүн хориход ял эдэлж байгаа гэр бүл  гэх мэт гэр бүлийн олон хэв шинжийг нэрлэж болно.

Нийгмийн өөрчлөлт, шилжилтийн нөлөөгөөр гэр бүл, гэрлэлтийн харилцаанд олон өөрчлөлт гарч байгаа нь олон талт, ялгаатай асуудал бүхий гэр бүлийн ашиг сонирхлыг хэрхэн хамгаалах, хэрхэн дэмжих зохицуулалт хуулийн гадна үлдээд байна. Олон хэв шинжийн гэр бүл үүсэхэд нөлөөлж байгаа улс орны нийгэм – эдийн засгийн байдал, амьжиргааны доройтол, нийгмийн халамжийн бодлого, ядуурал, нийгмийн сөрөг үзэгдэл болох архидалт, гэр бүлийн хүчирхийлэл, ажилгүйдэл, хот суурин бараадсан их нүүдэл, ажил мэргэжлийн онцлог, амьжиргааны давуу байдлаас шалтгаалан гэр бүлийн хэн нэгэн гишүүн гадаад, дотоодод гэр бүлээсээ урт богино хугацаагаар тусдаа амьдрах зэргийг зохицуулах бодлогын шинжтэй макро асуудлууд, мөн гэр бүлийн гишүүдийн өөрсдөөс нь шалтгаалах эхнэр нөхрийн хоорондын зохицол, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил дэх эцэг эхийн үүрэг хариуцлага зэрэг сэтгэл зүйн болон хууль эрх зүйн шинжтэй тулгамдсан асуудал, хэрэгцээнд тулгуурласан, хэвийн амьдралд ороход нь туслах зорилготой гэр бүлийн хөгжлийг дэмжих болон гэр бүлийг хамгаалах, нөхөн сэргээх нийгмийн үйлчилгээний нэр төрлүүдийг бий болгож, гэр бүл төвтэй үйлчилгээний тогтолцоог “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”- д шинээр оруулж хуульчлах хэрэгцээ шаардлага бий болжээ.

Гэр бүлийн хөгжлийг дэмжих болон хамгаалах үйлчилгээг дараах байдлаар хуульчлах шаардлагатай гэж үзэж байна. Үүнд: Төрөөс гэр бүлийг дэмжих үйлчилгээ нь урьдчилан сэргийлэх, хамгаалах,  нөхөн сэргээх  гэсэн төрөлтэй байж болох юм.

  • Гэр бүлийн тогтвортой байдал, хөгжлийг дэмжих урьдчилан сэргийлэх үйлчилгээг дараахь чиглэлээр хэрэгжүүлэх. Үүнд:
  • Гэр бүлийн боловсрол олгох сургалт, үйлчилгээ
  • Гэр бүлд үзүүлэх  нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ, зөвлөгөө
  • Гэр бүлд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээ, зөвлөгөө
  • Өрхийн орлого нэмэгдүүлэх, амьжиргааг дэмжих үйлчилгээ, зөвлөгөө
  • Угийн бичиг хөтлөх арга зүйн сургалт, үйлчилгээ
  • Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргын сургалт, үйлчилгээ
  • Эрсдэлтэй гэр бүлд үйлчлэх хоёрдогч урьдчилан сэргийлэх үйлчилгээ
  • Гэр бүлийг дэмжих, хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг дараахь чиглэлээр хэрэгжүүлэх. Үүнд:
  • Гэр бүл, гэр бүлийн гишүүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх болон сэтгэл заслын үйлчилгээ
  • Гэр бүлийн гишүүнд үзүүлэх өдрийн үйлчилгээ
  • Гэр бүлийн гишүүнд үзүүлэх гэрийн асрамжийн үйлчилгээ
  • Асралт гэр бүл бэлтгэх, хүүхдийг түр байршуулах үйлчилгээ
  • Хүүхэд үрчилж авсан гэр бүлд үзүүлэх үйлчилгээ
  • Хүүхэд асрах хувилбарт үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдэд үзүүлэх үйлчилгээ
  • Гэр бүлд нь эргэн нэгтгэх үйлчилгээ
  • Холбон зуучлах үйлчилгээ
  • Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээн дэх нийгмийн ажлын үйлчилгээ
  • Эрсдэлтэй зан үйлд нөлөөлөх сургалт, сэтгэл заслын үйлчилгээ
  • Хорт зуршил, амьдралын буруу хэв маягийг өөрчлөх сургалт, үйлчилгээ
  • Эрсдэлтэй нөхцөлд байгаа гэр бүл, гэр бүлийн гишүүнийг нийгэмшүүлэх үйлчилгээ
  • Эцэг, эх байх журамт үүргээ биелүүлэхгүй байгаа эцэг, эхэд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, өндөржүүлэх шаардлагатай байна.
    • Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар тусдаа амьдарч байгаа нь эцэг, эхийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
    • Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах талаар хуулиар хүлээсэн эцэг, эхийн эрх, үүргийг хэрэгжүүлэх нийтлэг журмыг гэр бүлийн асуудал хариуцлага хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас баталдаг болох
    • Шүүхээс гэрлэлтийг цуцалсан тохиолдолд эцэг эхийн хүүхдийн өмнө хүлээсэн үүргээ хэрхэн хэрэгжүүлэх талаар тусгайлан тохиролцохыг үүрэг болгох, эс бөгөөс шүүх хуульд нийцүүлэн эцэг, эхийн эрх, үүргийг батлагдсан журмын дагуу хэрэгжүүлэх тогтоох.
    • Шүүхээс гарсан шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд буруутай  эцэг, эхэд хатуу хариуцлага ногдуулдаг байхаар хуульчилж өгөх шаардлагатай байна.
  • Түүнчлэн гэр бүлийн боловсролыг бага наснаас нь эхлэн насан туршид олгох, төрөөс гэр бүлийн тогтвортой, урт удаан, аз жаргалтай амьдралыг дэмжих асуудлыг тусгах,
  • Гэр бүлийн хамтын амьдралыг дэмжих нийгмийн үйлчилгээний нэр төрлийг хуульчилж өгөх шаардлагатай байна.
  • Дараагийн нэг анхаарах асуудал бол сум хороонд гэр бүлийн нийгмийн ажилтны орон тоог шинээр бий болгож, сум хорооны өрх, гэр бүлүүдэд гэр бүлийг дэмжих үйлчилгээг хүргэх тогтолцоог бий болгох шаардлагатай байна. Ингэж байж, төрийн үйлчилгээг айлын хаалгаар орж, гэр бүлүүдэд тулгамдаж буй асуудлыг төрийн болон төрийн бус байгууллага, сайн дурын, олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг татах оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.
  1. Хүн бүхнийг цочирдуулсан дараагийн том сэдэв бол яах аргагүй хүчирхийллийн асуудал.

Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо сүүлийн 3 жилд өсөж, 2017 онд 187, 2018 онд 285 тохиолдол бүртгэгдсэн. 2019 оны эхний 4 сарын байдлаар улсын хэмжээнд хүчиндэх гэмт хэрэг 217 бүртгэгдэн шалгагдаж, 210 хүн хохирсны 110 буюу 52.3% нь өсвөр насны хүүхэд хохирч хүчирхийлэл хүүхэд рүү илүү чиглээд  байгаа нь аймшиг дагуулж байна. Бэлгийн хүчирхийллийн хохирогч хүүхдийн 70 гаруй хувь нь гэр бүлийн орчинд үйлдэгдэж, ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн суурь шалтгааныг судлан тогтоох, арилгах чиглэлээр хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, бэлгийн хүчирхийлэл, хүчиндэх гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэл зүйд учирсан гэмтлийг тогтоох, сэтгэл санааны хохирлыг үнэлэх, тооцох аргачлалыг батлах, хохирлыг нөхөн төлүүлэх эрх зүйн тодорхой зохицуулалт, механизмыг бүрдүүлэхийг шаардаж байна.

  • Хүний эрхийн суурь зарчимд суурилж ялын бодлогыг чангатгах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа тул Эрүүгийн тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хохирогчийг хамгаалах асуудлыг шинэ шатанд гаргах нь зүйтэй гэж үзэж байна.
  • Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль”-д гэмт хэргийн хохирогчид хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалт байхгүй байна. Иймд тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд гэмт хэргийн хохирогчид хууль эрхзүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх зохицуулалтыг нэмж тусгах шаардлагатай байна.
  1. Аливаа төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд, хүүхдийн эрхийн эсрэг үйлдлийг гэмт хэрэг болохоос өмнө зөрчлийн шатанд илрүүлж холбогдох этгээдэд зөвлөн туслах, албан шаардлага өгөх, торгуулийн шийтгэл оногдуулах зэрэг арга хэмжээ нь үр дүнтэй ажил болдог. 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нийгмийн бүх орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг хориглож,  гэр бүл, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, цахим орчин, олон нийтийн арга хэмжээ, үйлчилгээнд хүүхэд хамгааллын асуудлыг хуульчилж, уг хуулийн зохицуулалтаар “хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг” хүүхдийн эсрэг зөрчил, гэмт хэргийн шинжтэй дуудлага хүлээн авч шалгах, ар гэрт нь эргэн нэгтгэх хүртэл 6 шатлалт үйлчилгээг үзүүлэхээр заасан. Гэвч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Зөрчлийн тухай хуульд хүүхдийн эрхийн улсын байцаагч хүүхдийн эсрэг 16 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэхээр хуульчилсан нь хүүхэд хамгааллын тухай хуультай бүрэн уялдахгүй байна. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд хуучин үйлчилж байсан  1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага хэсгийг л оруулснаас үүдэлтэй 16 хэсэгт бичигдсэн зөрчлийн тохиолдлыг шалган шийдвэрлэж байгаа нь 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан 5 орчинд[3] үйлдэгдэж буй зөрчлийн шинжтэй үйлдэл болгонд хариуцлага тооцох боломжгүй байдалд хүргэж байна.

Иймд Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, дээрх 5 орчинд хүүхдийн эрх зөрчигдсөн тохиолдлыг хүүхдийн эрхийн улсын байцаагч шалган шийдвэрлэх шинэ заалт, зохицуулалтыг нэмж тусгах шаардлагатай.

  1. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулиар анхан шатанд ажиллах Хамтарсан багийн бүтэц, чиг үүрэг, үйлчилгээний санхүүжилтыг улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээр хуульчилсан. Гэвч хууль хэрэгжээд 2 жил гаруйн хугацаа өнгөрөхөд “Хамтарсан баг”-ийг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйлчилгээний төсөв зардлыг шийдвэрлэх ажлууд хангалтгүй байна.
  2. Хүүхдийн эрхийн чиглэлээр ажиллаж байгаа төр, төрийн бус байгууллагуудаас Хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг болон хүүхдээс үйлдэгддэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулж эрсдэлээс урьдчилан сэргийлэх Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааг эрчимжүүлж, хариуцлагажуулах шаардлагатай гэж үзэж байна.
  3. Хүүхдийн хөгжлийг дэмжиж, хүүхэд бүрд бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн чадварыг эзэмшүүлэхэд онцгойлон анхаарч, хүүхдийн ордон, төвүүдийг  байгуулах санаачилга гаргах, орон нутгийн хүүхдийн зуслан, бүлгэм, дугуйлан, өдөр өнжүүлэх клубуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, нэн ялангуяа эрсдэлтэй өрх, гэр бүлийн хүүхдийг хөгжлийн үйлчилгээнд бүрэн хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай юм.
  4. Халамж, асрамжийн төвөөс 18 нас хүрээд гарч байгаа хүүхдийн орон байр, газрын өмчлөл, сургалтын төлбөрийн асуудлыг харьяа орон нутгийн ИТХ, Засаг дарга нар хариуцан шийдвэрлэх, “Нийгэмд бие даан амьдрах хөтөлбөр”-ийг боловсруулан хэрэгжүүлэх ажлууд зохих ёсоор хийгдэхгүй байна.
  5. Дэлхийн улс орнууд хүнийхээ хөгжлийг тэргүүлэх чиглэлдээ тавьж, хүнээ хөгжүүлсэн орон хөгжинө гэдэг бодлогыг барьж, бие даасан үндсэн чиглэлийн яамтай байна. Манай улс ч гэр бүл, хүүхдийн асуудал эрхэлсэн бие даасан яамтай болох нь зүйтэй гэж үзэж байна.
  1. Хүүхэд хамгааллын төсвийн зарцуулалтын асуудлаар санал солилцох зайлшгүй шаардлага байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдэхэд Улсын Их Хурал, Засгийн газар онцгойлон анхаарч  2017 онд 1.2 тэрбум төгрөг, 2018 онд 6.4 тэрбум төгрөгийг тусгуулж байсан бол 2019 онд 8.0 тэрбум төгрөгийг баталсан.

Хүүхэд хамгааллын 6 шатлалт үйлчилгээг үзүүлэх нэгдсэн нэг тариф, үүнтэй ижил төсөөтэй байдлаар хэрэглэж болох жишиг тариф байхгүй байгаа нь үйлчилгээ бүр харилцан адилгүй үнэтэй зэрэг нь үйлчилгээ үзүүлэгчдэд, тэдгээрийг санхүүжүүлэхэд хүндрэл бэрхшээлийг үүсгэж байна. Өөрөөр хэлбэл холбогдох хүүхдийн эрхийн хуулиудад энэ тарифыг батлах, мөрдүүлэх эрхийг хэн нэгэнд олгоогүйтэй холбоотой бөгөөд Хүүхэд хамгааллын тухай хуулинд дээрх асуудлыг нарийвчлан зохицуулж хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад эрх олгосон зохицуулалтыг нэмэх хэрэгцээ шаардлага байна.

Хүүхдийн хөгжих эрх, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хүүхдийн хөгжил төлөвшилд зориулсан хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг бий болгох, түүнийг хэрэгжүүлэх зардлын тарифын асуудал Хүүхдийн эрхийн тухай хуулинд зохицуулагдаагүй тул хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, арга хэмжээнүүдийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудаар дэмжүүлэн гүйцэтгүүлэх эрх зүйн боломж дутмаг байна.  Иймд Хүүхдийн эрхийн тухай хуулинд мөн дээрх агуулгыг зохицуулсан хэм хэмжээг нэмэж тусгах, үйлчилгээний жишиг тарифыг батлах эрх олгох асуудлыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн  асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгох асуудлыг нэмэж оруулах хэрэгцээ шаардлага байна.

Хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах төсвийг дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаа. Мөн төсвийн хуваарилалтанд онцгой анхаарч хүүхдийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа төрийн байгууллагуудын төсөв дээр нэмэгдүүлж Хүүхэд хөгжил хамгааллын зардлыг хуваарилах хэрэгцээ шаардлага байна.

  • Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хүүхэд хамгааллын үйл ажиллагааны зардал, Хамтарсан багийн үйл ажиллагааны зардал, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагааны зардал, Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хяналт сайжруулах зардлыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын багцад
  • Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагааны зардлыг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад
  • Эрүүл мэндийн салбар дахь хүүхэд хамгаалал, эрсдэлд нөхцөлд байгаа хүүхдэд яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны зардал, Өсвөр насны хүүхдийн нөхөн үржихүйн боловсрол, гэр бүл төлөвлөлт, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, Хорт зуршил, мансуурах, цахим донтолтод өртсөн хүүхдэд сэтгэл зүйн болон нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, Байнгын асаргаа, сувилгаа шаардлагатай хагас, бүтэн өнчин 0-3 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх чадавхийг дэмжих,  Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд яаралтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх чадавхийг дэмжих, шуурхай болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх  зэрэг үйл ажиллагааны зардлыг Эрүүл мэндийн сайдын багцад
  • Хэвлэл мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгааллын үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын багцад
  • Хэрэглэгчийн шүүлтүүрийн программыг хөгжүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх, эцэг эхийн хяналтыг дээшлүүлэх боломж бүрдүүлэх, нөлөөлөл сурталчилгааны үйл ажиллагааны зардлыг Харилцаа холбооны зохицуулах хорооны төсөвт
  • Цахим орчны хүүхдэд сөрөг нөлөөтэй онлайн контентийг тодорхойлох, насны ангиллын тэмдэг тэмдэглэгээ хийх тогтолцоог бүрдүүлэх зардлыг Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын төсөвт
  • Үндэсний хэмжээнд олон нийтэд чиглэсэн нөлөөллийн үйл ажиллагаа, контентын агуулга, чанарыг дээшлүүлэх зардлыг МҮОНРТ-ийн төсөвт
  • Онцгой байдлын үе дэх хүүхэд хамгаалал, хууль журам, стандартын хэрэгжилтэд хяналт тавих Хүүхэд хамгааллын үйл ажиллагааны зардлыг Шадар сайдын багцад хуваарилах зэргээр салбар дундын хамтын ажиллагааг төсөвтэй нь хамт шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид өө

Монгол бол хүүхэд, залуусын орон. Хүүхэд олонтой улс орны ирээдүй гэрэл гэгээтэй  байж хүүхэд бүр тоглох тоглоомтой, сурах сургууль цэцэрлэгтэй, гэр бүлийн аз жаргал дунд эрүүл саруул өсөн торних  ёстой.

Хүүхдийг хамгийн сайн хөгжүүлдэг, хүмүүжүүлдэг зүйл бол эцэг эхийн хайр. Түүнийг өөр юугаар ч орлуулашгүй гэдгийг эрдэмтэн судлаачид тогтоосон. Тэгэхээр эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамтдаа байх цагийг аль болох их байлгаж тэднийгээ эрүүл, аюулгүй орчинд, сэтгэл дүүрэн амьдруулахын төлөө ихийг хийх учиртай.

Хүүхдийн эрүүл мэнд, бие махбод, оюун санаа, ёс суртахууны хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийн агуулгыг хүүхдийн насны ангилалд тохируулан ялгамжтай, оновчтой тодорхойлох, энэ төрлийн мэдээллийг олон нийтэд түгээхийн өмнө хүүхдийн насны ангилалд тохирох тэмдэг, тэмдэглээ хийх зохицуулалтыг бий болгох, хүүхдийн хөгжил, төлөвшилд сөрөг нөлөө бүхий мэдээллийг зориуд түгээхтэй холбоотой хууль бус үйлдлийг шуурхай таслан зогсоох, шалган шийдвэрлэх, буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Хүүхдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх дугуйлан, секц, клуб, хүүхдийн оролцооны байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, хөгжүүлэх,  хүүхдэд зориулсан, тэдгээрийн насны ангилал, сэтгэл зүй, оюун санааны хөгжилд нийцсэн, эерэг төлөвшил бүрдүүлэхэд чиглэсэн хөтөлбөр, контент үйлдэрлэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих хэрэгтэй.

 

 

 

Амьдралын гэрэл гэгээ болсон хүүхэд багачуудынхаа эрхийг засаглалын бүх түвшинд хангах хүсэл эрмэлзэл дүүрэн байж, хүүхдийн эрхийг хамгаалах хуулиудыг хэрэгжүүлэх төсөвтэй нь баталж, иргэд бүр хүүхдийг онцгой хамгаалал шаардлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй бол хүүхдийн эрх «хоосон амлалт» болж хувирна.

Иймээс Та бүхэн зөвлөгөөндөө идэвхтэй оролцож, гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхэд бүтээлч санал, ажил хэрэгч санаачилга гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Амьдралын нандин хэлхээ болсон үр ач нарынхаа ирээдүйн төлөө ээжүүдийн минь сэтгэл сүү шигээ цагаан, аав бүхний хайр мөнх хөх тэнгэр шигээ амгалан байж, үр хүүхэд бүрийн нүднээс аз жаргал, баяр баясгалан гэрэлтэж, амьдрал нь үргэлж инээд хөөрөөр бялхаж байх болтугай.

Баярлалаа.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

цээгий 2019-05-22 103.9.90.53

Үнэхээр төрийн хүний зангарагтай илтгэл байна шүү. Энэ санал санаачлагаа та ажил хэрэг болгоод өгөөрэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж