Жижиг зах зээлд аварга тоглогч багтахгүй

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Жижиг зах зээлд аварга тоглогч багтахгүй

Жижиг зах зээлд аварга тоглогч багтахгүй

Гадаадын банк Монголд үүрээ засаж, үүдээ нээвэл зээлийн хүү буурч, ам.долларын ханш уруудах гэгээн төсөөлөл Монголын нийгмээр тэнүүчилж яваа. Энэ гэнэн төсөөллийг учир мэдэх зарим эдийн засагчид хөөргөж, учир мэдэх болон үл мэдэх улстөрчид энэ халуун сэдвээр иргэдээс оноо авах гэж хэрдээ оролддог. Ялангуяа, гаднын банкны тойрсон дотоодын маргаан улс төрийн сонгууль ойртох тусам улам идэвхжиж, улстөрчдийн хоолой чангарч эхэлнэ.

Гадаадын банкны тухай яриа сөхөгдөх бүрт дотоодын хэдэн аж ахуйн нэгж ёс мэт дурдагдана. Арилжааны хэдэн банкаа шулаач, мөнгө хүлэгч зэргээр цоллож, бүхний буруутан болгодог.

Гадаадын банкууд Монголын зээлийн хүү шууд бууруулна хэмээн манай улстөрчид илгэлтэй нь аргагүй хэлдэг бол энэ салбарт олон жил зүтгэж санхүүгийн шинжээчид илүү хянамгай ханддаг.

Мөнгөний бодлогын жолоо атгадаг, мэргэжлийн төв байгууллага болох Монголбанк гэхэд тун болгоомжтой хандсаар өдий хүрлээ.

Хэдийгээр гадаадын банкийг Монголд оруулах нь зөв эсэх маргаан нийгэмд хүчтэй газар авч,  хүн бүхэн мэддэг юм шиг ярьдаг ч энэ талаар дорвитой хийсэн судалгаа, тооцоо өнөө хэр манайд дутмаг байгааг салбарынхан хэлж байна. Энэ чиглэлийн судалгааны орон зайг огт судлаагүй “атар газар” хэмээн эдийн засагч Р.Амаржаргал зүйрлэж байна.

Өөрөөр хэлбэл, олон жилийн турш Монголын нийгмээр хөвж буй гадаадын банк тойрсон маргаан, улстөрчдийн сүрдмээр дүгнэлтүүд нь судалгаа шинжилгээнд тулгуурлаагүй, өнгөц болох нь үүнээс харагдана. Тиймээс гадаадын хүчирхэг, хөрөнгөтэй банк Монголд гай дагуулах уу, мөнгө даллах уу гэдгийг дэнслэх нь чухал хэвээр.

Дэлхий даяаршиж, санхүүгийн зах зээл улам нээлттэй болж буй энэ үед гадаадын банк дотоодын зах зээлд нэвтрэх нь зүйн хэрэг. Сүүлийн үеийн тооцоогоор хөгжиж буй орнуудын банкны салбарын 45 хувийг гадаадын банкууд бүрдүүлж байгаа аж. Гэлээ гээд Монгол шиг жижиг, санхүүгийн систем нь солонгороогүй, хөгжөөгүй орнууд зах зээлээ тэр чигт нь нээгээд  өгчих нь зүйтэй юу.

Санхүүгийн систем нь хэдийн хөгжсөн, хүчирхэг эдийн засагтай хөгжингүй орнуудад харийн банк нэвтрэх нь төдий л хүчтэй нөлөө үзүүлдэггүй аж. Харин дотоодын эдийн засгийн чадал тэнхээ сул, санхүүгийн зах зээл нь эмзэг, хөгжиж буй орнуудад гаднын том банкууд салбараа нээх нь хүчтэй нөлөөлж, санхүүгийн системийг нь доргиодог байна.

Тухайлбал, 10 тэрбум ам.доллар хүрэхтэй үгүйтэй эдийн засагтай, уул уурхай гэх ганц тулгууртай Монгол шиг жижиг зах зээлд гадаадын аварга тоглогч орж ирснээр эхлээд сүрийг үзүүлж, ноёрхож эхэлнэ. Эцэстээ дотоодын санхүүгийн салбарыг нурааж, манай жижиг эдийн засаг тэр аварга халимын аманд орох нь гарцаагүй. Монголын эдийн засгийг бүхэлд нь залгичихсан аварга загас дураараа дургиж, хүссэнээрээ хүүгээ тогтоож таараа.

Иймд эхлээд бид гадаадын тоглогчидтой өрсөлдөхүйц хэмжээнд банк ч, санхүүгийн систем нь ч сайжирч, олон улсын санхүүгийн марафонд уралдахгүй бол чирэгдээд бүдэрч унан, дотоодын санхүүгийн салбараа унагах эрсдэл бий.

Тиймээс харийн банктай холбоотой маргааныг сонгуульд хожих эсвэл зоосны нүхээр харах бус ул суурьтай хандаж, долоо хэмжиж, нэг огтлох хэрэгтэй юм. Ер нь гадаадын банк олон улсад сайн болон саар нөлөө аль алийг нь дагуулдаг. Тухайлбал, Мексик улсад гадаадын тоглогчид дотоодын банкуудаас нь илүү хямд зээл олгосноор тус улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд эергээр нөлөөлжээ. Харин Энэтхэгт гадаадын банкууд нийт зээлийнхээ 80 хувийг өндөр ашигтай, томоохон компаниудад сорчлон олгосноор энгийн иргэд болон жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүжилт татах боломж хумигдсан түүхтэй. Ингэснээр гадаадын банкууд тус улсын хамгийн өндөр ашигтай ажилладаг ААН-үүдийн 10 хувьд нь эергээр нөлөөлсөн бол бусдынх нь зээл авах боломж найман хувиар багассан юм.

  • Их мөнгөтэй гадаадын банкууд зах зээлд нэвтэрснээр жижиг аж ахуйн нэгжүүд болон энгийн иргэд хөлд нь үрэгддэг байна.
  • Дотоодын банкуудаа чичилсээр унагааж орхиод эцэст нь баалах банк ч үгүй, зээлэх зээл ч үгүй хоцрох вий.
  • Санхүүгийн систем нь хэдийн хөгжсөн, хүчирхэг эдийн засагтай хөгжингүй орнуудад харийн банк нэвтрэх нь төдий л хүчтэй нөлөө үзүүлдэггүй байна.

Ийм үр дүн Индонезид ч ажиглагдсан бөгөөд гадаадын банкууд зөвхөн хамгийн ашигтай томоохон ААН-үүдэд зээл олгожээ. Тэдний нийт зээлийн ердөө дөрвөн хувь нь жижиг, дунд үйлдвэрлэгчдийг чиглэсэн юм. Ер нь их мөнгөтэй гадаадын банкууд санхүүгийн зах зээлд нэвтэрснээр жижиг аж ахуйн нэгжүүд болон энгийн иргэд хамгийн түрүүнд хөлд нь үрэгддэг байна. Үүнийг Өмнөд Солонгос, Пакистан зэрэг олон орны туршлагаас харж болно.

Ер нь их хэмжээний ашиг хайсан гадаадын тоглогчид аливаа улсын том компаниудыг онилж, жижиг харилцагчдыг орхих тал ажиглагддаг. Бага болон дунд орлоготой 89 улсад хийсэн судалгаагаар гадаадын банкууд мэдээлэл багатай харилцагчдыг хянахад хүндрэлтэй байдаг учраас энгийн иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдэд үйлчлэхээс зайлсхийдэг. Энэ нь алсдаа банкны салбар төдийгүй макро эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлдөг.

Монголын тэргүүлэх эдийн засагчдын нэг Р.Амаржаргалаар ахлуулсан хэсэг судлаач гадаадын банкуудын нөлөөллийг судалжээ. Тус судалгаагаа төрийн ордонд болсон “Тинк банк 2019-мөнгө, санхүүгийн орчин” хэлэлцүүлэгт танилцуулсан юм. Тэд гадаадаас санхүүгийн эх үүсвэр орж ирснээр дотоодын санхүүгийн байгууллагад ямар нөлөө үзүүлэхийг энгийн стресс тестээр судалснаас гадна 14-24 шалгуураар эрсдэлийг тооцжээ. Олон талыг хамарсан судалгаагаар манай улсад гадаадын банк орж ирээд үйл ажиллагаа явуулахад үүсэх эрсдэл нь боломжоосоо хамаагүй өндөр гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн байна.

Тиймээс гадаадын банкны араас хөөцөлдөхөөсөө өмнө эхлээд дотоодын санхүүгийн зах зээлийг бойжуулж, тогтвортой өсөж, өндийх боломж олгох нь зүйтэй гэж үзжээ. Эн тэргүүнд төр эдийн засгийн активыг өргөтгөхөд анхаарч, бизнесийнхэнд орон зайгаа тэлэхэд нь түлхэц үзүүлэх Засгийн газрын үүрэг оролцоо чухал байгааг судлаачид онцолж байна. Мөн энэ чиглэлийн судалгааг цаашид нарийвчлах шаардлагатай байгаа аж.

Бизнесийнхэнд орон зайгаа тэлэхэд нь түлхэц үзүүлэх Засгийн газрын үүрэг оролцоо чухал

Хөрөнгийн зах зээл, банк, даатгал гэсэн гурван тулгуур дээр тогтдог Монголын санхүүгийн зах зээл дөнгөж хөл дээрээ босох гэж байгаа. Энэ нялх зах зээлийн хоёр тулгуур нь бүр өлгийнөөсөө ч өндийгөөгүй. “Муу нэр, луу данстай” гэдэг банкны салбар л сүүлийн 30 орчим жил Монголын санхүүгийн системийн 95-97 хувийг “бөхтийтлөө” үүрч ирсэн.

Тиймээс Монголын мянга мянган бизнес эрхлэгч, монгол өрх бүрт хамаатай энэ салбарын ирээдүйд хуультай эсвэл улстөржсөн байдлаар хандахгүй байх нь чухал. Гадаадын аль ч банк  Монголд “буян” хийх гэж орж ирэхгүй нь ойлгомжтой. Монголыг мөнгө, ашиг гэж харах тэд биднийг өрөвдөж, зээлийн хүүгээ шууд бууруулан Монголын эдийн засгийг тэтгэхийг хичээх үү.

Гадаадын мөнгөтэй банкууд манай жижиг зах зээлийг нүд ирмэхийн зуур л залгиж орхино. Харийн халаасанд багтчихвал бид арилжааны хэдэн банкуудаа чичилж, дураараа буруутгадаг  шигээ байх нь бүү хэл ам ангайх ч эрхгүй болно. Нуухыг нь авах гэж байгаад нүдийг нь сохолдгийн үлгэрээр дотоодын банкуудаа унагааж орхивол эцсийн эцэст банк ч үгүй, зээлэх зээл ч үгүй хохирох вий.

Эх сурвалж: "ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ" СОНИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж