"Эрдэнэт" үйлдвэрийн захирал хуулиас давж ажилладаг нь шалгалтаар илэрсэн

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал хуулиас давж ажилладаг нь шалгалтаар илэрсэн

"Эрдэнэт" үйлдвэрийн захирал хуулиас давж ажилладаг нь шалгалтаар илэрсэн

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2016-2019 онуудад "Эрдэнэт" үйлдвэр болон "Монгол Росцветмент"-д хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ажлын хэсгийн гишүүдийн хамт мэдээлэл хийлээ.

Уг шалгалтаар 20 төрлийн 39 зөрчил илэрчээ. Нийт дүнгээрээ хоёр их наяд гаруй төгрөгийн зөрчил тогтоогдсон байна. Тухайлбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар хоёрхон аж ахуйн нэгж Эрдэнэт үйлдвэрээс 17.8 тэрбум төгрөгийн авлагатай байсан ажээ. Хоёрхон үйлдвэртэй өндөр дүнтэй гэрээ хийсэн нь шалгалтаар ийнхүү илэрчээ. Худалдан авах үйл ажиллагаатай зөрчлүүд хамгийн их илэрсэн бөгөөд Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрээс өндөр дүнтэй худалдан авалтуудыг шууд хийсэн байна. Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьжээ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ тухай хэлэхдээ "Эрдэнэт" үйлдвэрийн 2016-2019 онд хийсэн шалгалтын дүнг болон "Монгол Росцветмент"-д хийсэн шалгалтын дүнг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Энэ шалгалтыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, ТЕГ, Монголбанк, Сангийн яам гэсэн нийт дөрвөн байгууллага хамтран хийлээ. Шалгалтыг хоёр сарын хугацаанд хийсэн бөгөөд нийтдээ 20 төрлийн 2.2 их наяд төгрөгийн 39 зөрчил илэрсэн. Зөрчлүүдээс дурдвал:

2016 оны долдугаар сард компанийн бүтэцтэй холбоотой шийдвэр гаргасан. Энэ нь Компанийн тухай хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл, Ерөнхий захирал нь нийгмийн асуудлаа, дэд захирал нь хүний нөөцийн асуудлаа, хуулийн хэлтсийн захирал нь компанийн бүх асуудлаа хэлэлцдэг байх бүтцийн шийдвэрийг гаргасан байна. Энэ нь үндсэндээ компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, тухайн үед 51 хувийг эзэмшиж байсан хэсгийн эрхэнд шууд бусаар халдсан нь Үндсэн хуулийн цэцээр тогтоогдсон. Аливаа гүйлгээг хийхэд компани нэгдүгээр гарын үсэг зурдаг. Гэтэл энэ гарын үсгийг мөнгөн дүнгийн хэмжээгээр олон хүнд хариуцуулсан нь санхүүгийн сахилга батыг алдагдуулж хяналт тавих боломжгүй болгосон.

Дараагийн зөрчил нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой. Тухайлбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр "Эрдэнэт" үйлдвэртэй гэрээ хийж, 103.6 тэрбум төгрөгийн урьдчилгааг олгосон байна. 2019 оны дөрөвдүгээр сарын 01-ны байдлаар авч үзвэл "Эрдэнэт" үйлдвэр дээрх хоёр ААН-ээс 16.7 тэрбум төгрөгийн авлагатай байна. Мөн 2016 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр зэсийн 1.2 сая тонн баяжмалын "Монголиан копер" корпорациар худалдах гэрээг хийсэн. Мөн энэ корпораци руу нийтдээ хоёр удаагийн гүйлгээгээр 55.8 сая ам.долларын гүйлгээг хийсэн байна.  Ногдол ашгийг шилжүүлэхдээ татвар төлөөгүй байгаа юм.

“Эрдэнэт” үйлдвэр 64,9 тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалт хийгээд эмнэлэг байгуулсан. Дараагаар нь  энэ эмнэлгээ "Медиапакс" компани руу шилжүүлсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

"Эрдэнэт" үйлдвэр цэвэр зэс гаргадаггүй. Гэрээгээр хайлуулах ажиллагаа хийдэг. Энэ хайлуулах зардал нь өндөр байна гэж үзсэн. Нийтдээ зургаан төрлийн 33 тэрбум төгрөгийн татварын зөрчил гарч, акт тавьсан. Гаалийн татвартай холбоотой 1.4 тэрбум төгрөгийн зөрчил гарч, акт тавигдсан.

Дараагийн том зөрчил бол гаргаж байгаа зэсийн баяжмалынхаа сорьцыг гаалийн төв лабораториор тогтоолгодоггүй, хувийн компанитай гэрээ хийж,  сорьцоо хийлгүүлдэг зөрчил илэрсэн. Мөн нийгмийн даатгалын зөрчил, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой дөрвөн зөрчил байна. Аудитын байгууллагын зөвлөмжийг мөрдөөгүй.

Нийт байгуулсан нөөц нь 458 тэрбум төгрөгийн нөөцийн үлдэгдэлтэй байна. Цаашид олон улсын стандартад нийцүүлэн санхүүгээ тайлагнадаг болох хэрэгтэй.

Мөн дотоод аудит, хяналт хэрэгждэггүй гэсэн зөрчил гарсан. Нийтдээ 2.2 тэрбум төгрөгийн хандив тусламжийг 2016-2019 онуудад олгосон байна. Энэ зөрчлөө арилгах ёстой.

Голлох зөрчил нь худалдан авах үйл ажиллагаатай холбоотой. Нийтдээ 2336 гэрээг байгуулснаас 1492 гэрээг шууд байгуулсан нь шалгалтаар илэрлээ. "Эрдэнэт" үйлдвэрийн захирал нь хуулиас давсан тушаал гаргаж, худалдан авалтын үйл ажиллагааг явуулж байсан. Энэ тушаалыг хүчингүй болгож Монгол Улсад үйлчилж буй худалдан авах үйл ажиллагаатай холбоотой хууль дүрмийг мөрдөх ажиллахыг чиглэл болгож өгсөн. Шууд гэрээ гэдэг бол маш том зөрчил. Мөн томоохон байгууламж барина гэж гэрээ байгуулчхаад саравч барьсан байх жишээний.

Үүнээс гадна, Стандарт банктай холбоотой 40 сая ам.долларыг Эрдэнэт үйлдвэр төлсөн. Энэ мөнгийг холбогдох буруутай этгээдүүдээр нь төлүүлэх ёстой.

2016-2019-ны хооронд компанийн засаглалтай холбоотой зөрчил их гарсан. Газрын дарга нь компанийн захирал шиг ажилладаг, ихээхэн хэмжээний санхүүгийн зөрчил, ашиг сонирхлын зөрчилтэй гэрээг олноор байгуулсан зэрэг энэ бүх зөрчил, дутагдлыг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулах шийдвэрийг Засгийн газраас  гаргалаа.

Худалдан авах үйл ажиллагаатай холбоотой шалгалтыг ирэх жил үргэлжлүүлэн хийнэ” гэдгийг хэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж