Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Намбарын Энхбаярын орчуулсан англи өгүүллэгүүдийн “Сохрын орон” /The country of the blind/ номын хоёр дахь хэвлэлийн нээлт Улсын төв номын сангийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд боллоо. Тэрбээр өмнө нь 1991 онд “Хатсан гар” нэртэйгээр англи өгүүллэгүүдийн түүврийг орчуулан уншигчдын хүртээл болгож байсан юм.
“Сохрын орон”-д Томас Харди “Хатсан гар”, Жеймс Жойс “Эгч дүүс”, Ридьярд Киллинг “Гэргий” зэрэг Английн нэрт зохиолчдын өгүүллэгийн түүврийг багтаажээ. Английн утга зохиолд биеэ даан хөгжсөн өгүүллэгийг шинэ түвшинд гаргаж, Английн нэрт зохиолчдыг олноор нь төрүүлсэн хүн бол Оросын суут зохиолч А.Чехов гэж уг номын нээлтийн үеэр онцоллоо.
“СОХРЫН ОРОН”-ООР ДАМЖУУЛАН АНГЛИ УЛСЫН ТҮҮХ СОЁЛ УТГА ЗОХИОЛТОЙ ТАНИЛЦАХ БОЛОМЖТОЙ
Ерөнхийлөгч асан Н.ЭНХБАЯР:
-Би 1986 онд Англид утга зохиолын сургуульд нэг жил суралцаж байсан. Энэ хугацаанд английн утга зохиол, өгүүллэгүүдийг сонирхож эхлээд “Сохрын орон” буюу “Хатсан гар” Англи өгүүллэгийн түүврийг орчуулж байлаа. Тухайн үед ном хэвлүүлэхэд их бэрхшээлтэй байсан учраас 1991 онд уншигчдад хүргэсэн түүх бий. “Сохрын орон”-оор дамжуулан Англи улсын түүх соёлтой хүүхэд залуус танилцах боломжтой гэж бодож байна. Номд багтсан өгүүллэгүүд нь сонгодог нэр төрлөөр дагнан бичдэг алдарт зохиолчдын бүтээл байгаа. Одоогоос 28 жилийн өмнө хэвлүүлсэн бүтээлээ “Сохрын орон” нэртэйгээр уншигчдад дахин хүргэж буйдаа баяртай байна. Ер нь ном зарж мөнгө олох нь чухал биш уншигчдын оюун санаанд нэгэн том хөрөнгө оруулалт хийж байгаа нь л чухал” гэлээ.
Уг номын нээлтэд Утга зохиолын доктор, бичгийн сод туурвигч Дамдинсүрэнгийн Урианхай, Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо, найруулагч Ж.Сэнгэдорж, орчуулагч, япон судлаач О.Жаргалсайхан нарын олны танил эрхэм хүрэлцэн ирсэн юм. Тэдний сэтгэгдлийг сонсвол “Уг орчуулгын бүтээлийн сонголт нь маш сайн болсон бөгөөд орчуулгын тухайд мэргэжлийн утга зохиолын түвшинд орчуулагджээ” гэдэгт санал нэг байв.
Орчуулагч, Япон судлаач О.Жаргалсайхан “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орчуулгын бүтээлүүдийг уншихад утга зохиолын орчноо маш сайн мэдсэн, оросын соёлд нэвтэрхий сурсан нь харагддаг. Түүний орчуулсан бүтээлүүдийн сонголт маш сайн. Ер нь аливаа зохиол орчуулахад зохиол маш чухал. Их мэдрэмжтэй, утга зохиолын мэргэжлийн хүний орчуулсан бүтээлийг уншина гэхэд сайхан санагдаж байна” гэлээ.
Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Н.Энхбаярын орчуулгын бүтээлүүдийг мэднэ л дээ. ЗХУ-ын Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн учраас орчуулга нь ярих юмгүй сайн, мэргэжлийн түвшинд орчуулсан байдаг. “Хатсан гар” нь үүний нэг жишээ юм” гэсэн юм.
Англи өгүүллэгийн үүсэл хөгжлөөс товч танилцуулбал, өдөр тутмын сонин хэвлэлийн үүсэл хөгжилтэй нягт холбоотой. 1880-аас оноос эхлэн өөрийн нэрт төлөөлөгчтэй уран зохиолын биеэ даасан төрөл зүйл болон хөгжсөн түүхтэй.
Холбоотой мэдээ