“Өхөөрдөм гоёо” хүүхдийн загварын их наадам болно

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

“Өхөөрдөм гоёо” хүүхдийн загварын их наадам болно

“Өхөөрдөм гоёо” хүүхдийн загварын их наадам болно

Монгол туургатан хүүхэд багачуудыг нэгтгэсэн Монголын үндэсний хувцасны соёлыг хүүхэд багачуудад түгээн дэлгэрүүлэх зорилготой “Өхөөрдөм гоёо-2019” олон улсын загварын их наадмыг энэ жил нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулах гэж байна. Монголын үндэсний хувцсыг сурталчлан таниулах, өвлүүлэн үлдээх, үндэсний өв соёлоор дамжуулан хүүхэд багачуудад түүх соёлоо уламжлуулах, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих эрхэм зорилгоор “Дэлхийн Монгол Угсаатан эх үрсийн нийгэмлэг”-ээс санаачлан хоёр дахь жилдээ зохион байгуулж буй тус наадамд ОХУ-ын Халимаг, Буриад, Тува болон Өвөр Монголын өөртөө засах орон зэрэг Монгол туургатны нийт 120 гаруй хүүхэд, 15-20 дизайнер оролцохоор бүртгүүлжээ.

“Хүүхдийн инээмсэглэл дор Монгол туургатны эв нэгдэл энхжин батжиг” уриан дор энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд зохион байгуулагдах уг наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэхдээ ““Өхөөрдөм гоёо” наадам маань зөвхөн хувцас загварын наадам биш. Загварын их наадам, өв соёл, байгаль дэлхийтэй танилцах аялал, “Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил гэсэн гурван хэсгээс бүрддэгээрээ онцлогтой. Тухайлбал, манай нийгэмлэг Ёс зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран монгол ёс заншил хийгээд монголчуудын уламжлалт ёс суртахууны хүмүүжил төлөвшлийг хүүхэд багачуудад хэрхэн өвлүүлэн уламжлуулах талаар анхаарч ажилладаг. Энэ жилийн наадмынхаа хүрээнд хүүхдүүдийн ёс суртахууны төлөвшил, хүмүүжил рүү чиглэсэн жүжигчилсэн тоглолтыг мөн Монголын хүүхдийн ордонд үзүүлэх юм” хэмээн онцоллоо.

“Өхөөрдөм гоёо” загварын наадам нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих гол зорилготой учраас загвар зохион бүтээгчдийг мэргэжлийн, мэргэжлийн бус гэж ялгахгүйгээр оролцох хүсэлтэй хүн бүр бүтээлээ танилцуулдгаараа давуу талтай аж. Наадамд оролцохоор бүртгүүлсэн хүүхэд багачуудад ч мөн адил тэгш боломж олгож,  бүгдийг нь нэг сарын сургалтад хамруулан, тайзны соёл, биеэ авч явах, өөрийгөө илэрхийлэх чадварт сургадаг юм байна. Мөн наадамд оролцсон бүх хүүхэд багачуудыг хамруулсан “Өхөөрдөм гоёо-Өв соёл” аяллыг зохион байгуулж, үүгээрээ дамжуулан монгол  туургатан орны багачууд хоорондоо илүү дотно ойртон танилцах боломжийг олгодог гэдгийг тус нийгэмлэгийн тэргүүн Ж.Нямаа хэлэв.

Мөн наадмын хүрээнд хийгддэг нэг томоохон ажил нь “Өхөөрдөм гоёо-Хүнлэг сэтгэл” хүмүүнлэгийн ажил бөгөөд өнгөрсөн онд зорилтот бүлгийн 250 хүүхдийг иж бүрэн хувцасласан бол энэ жил алслагдсан сумын цэцэрлэг буюу Дундговь аймгийн Гурвансайхан сумын цэцэрлэгийн тоглоомын талбайг иж бүрэн тохижуулах, гаднах талбайг жимсний модоор цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж