Дархан-Уул аймгийн хүүхдийн паркийн газраас хууль бусаар авч, казино байгуулахаар болсон талаар тус аймгийн Залуучуудын холбоо болон төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр/2019.05.22/ мэдээлэл хийлээ. Монгол Улсдаа томоохон паркийн тоонд Дархан-Уул аймгийн 44.5 га талбайтай хүүхдийн парк багтдаг. Гэтэл энэ паркийн газар нутгийн тал нь буюу 23.4 га газрыг орон нутгийн удирдлагууд хууль бусаар бусдад эзэмшүүлэх хардлага явж байна гэдгийг залуусын төлөөлөл онцолж байв.
Энэ талаар тус аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Ж.Ганболд ярихдаа “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-нд Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 8.4 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалттай газраас хасч, “Дархан минж” компанид эзэмшүүлэх шийдвэр гаргасан. Орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг ямар нэгэн Иргэдийн хурал, Засаг дарга хүчингүй болгодог хууль эрх зүйн заалт байдаггүй. Тэгсэн энэ алдаатай үйлдлээ залруулах хурлыг тавдугаар сарын 20-ны өдөр хийхдээ дахин хууль зөрчиж, тусгай хамгаалалттай газрын талбайн хэмжээг өөрчлөх тогтоол гаргалаа. Энэ асуудлаар залуучуудын байгууллагаас шүүхэд хандаад явж байхад дахин паркийн 15 га газар дээр БНСУ-ын компани казино, зочид буудал барих зураг төсөл хийгээд явж байгаа асуудал гарлаа.
Энэ хэдий албан ёсны шийдвэр биш юм шиг харагдаж байгаа ч өмнө нь үүсээд буй 8.4 га газрыг авч үлдэж чадахгүй, шийдвэр нь гарчихсан байсан. Тиймээс бидний зүгээс энэ асуудлыг олон нийтэд мэдээлж, төр засгаас анхаараач ээ гэж хүсч байна” гэсэн юм.
Тэрбээр “Бид баримттай ярих үүднээс БНСУ-ын “Индалим” гэдэг компанийн хийсэн зураг төслийг судалсан. Маш өндөр төлбөртэй зураг төслөөр казино, зочид буудал, ресторан, үйлчилгээний цогцолбор, хороолол барихаар төлөвлөжээ. Хамгийн гол нь энэ зураг төслийг бусад хэл ам үүсээд буй газрын зурагтай харьцуулахад яг нийлж байгаа юм. Тиймээс энэ бүхнийг урьдчилан төлөвлөж, ийм шийдвэр гаргасан байна. Бидэнд энэ зураг төслийн зургийг Дархан-Уул аймгийн нэг шударга иргэн өгсөн. Өөрсдийнхөө хүрээнд лавлахад Дархан-Уул аймагт БНСУ-аас хүмүүс ирж, уулзаад, ажиллаж байгаад явсан гэж сонссон. Тиймээс Дархан-Уул аймгийн удирдлагууд энэ асуудалд тоймтой хариултыг яаралтай өгөх ёстой. Энэ асуудалд холбоотой үгүйгээ мэдэгдэх ёстой” гэлээ.
Мөн “PNP complex” гэх нэртэй зураг төслийг гаргахдаа Монгол Улсад байхгүй хууль тогтоомжоор төсөөлөл явж байна. Учир нь Монгол Улсад казино байгуулж, үйл ажиллагаа эрхлэхийг хориглодог. Гэтэл энэ зураг төсөл дээр казино, зочид буудал гээд бичээд, төлөвлөөд, төсвөө баталчихсан байгаа” тухай хурлыг зохион байгуулагчдын зүгээс хэлсэн юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ