БНАСАУ-ын хэдэн мянган охид, бүсгүйчүүд Хятадад бэлгийн боолчлолд өртөж буй бөгөөд тэднийг хятад эрчүүдэд эхнэр болгон зарж, заримыг нь хүчээр биеийг нь үнэлүүлэх үзэгдэл газар авчээ.
“Лондонд төвтэй Солонгосын ирээдүйн санаачилга” хүний эрхийн байгууллагаас хийсэн судалгаагаар, дээрх эмэгтэйчүүдийн дотор 12-оос ч бага насны охид буй цочирдом мэдээлэл байгаагаас гадна эмэгтэйчүүдийг ямар ч хоол ундгүйгээр цахим сексизмд хүчээр оролцуулдаг байна.
Хойд Солонгос охид, бүсгүйчүүд хүний наймааны золиос болж буй талаар эртнээс ярьдаг ч Хятадад эрэлт хэрэгцээ нь нэмэгдэж, сүүлийн жилүүдэд энэ асуудал улам хурцдаж буй ажээ.
Хятадын Гадаад хэргийн яамнаас энэ талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна. Өнөөдрийн байдлаар Хойд Солонгосын хэчнээн иргэн эх орноосоо дайжсан талаар албан ёсны мэдээлэл байдаггүй аж.
Хүний эрхийн байгууллагын мэдээлснээр, Хойд Солонгосын охид, эмэгтэйчүүд голдуу дүрвэгсдийн 60 хувь нь Хятадад бэлгийн боолчлолд өртдөг байна. Тус байгууллагын тайланд дурдсанаар, дээрх охид, бүсгүйчүүд 12-29 насныхан бөгөөд тэднийг ихэвчлэн хулгайлж авчирдаг аж. Нас залуу, эрүүл чийрэг байх тусмаа өндөр үнээр зарагддаг байна.
“Нэг охиныг ойролцоогоор 4-5 ам.доллараар зардаг. Хятадууд ердөө 1000 юаниар эхнэртэй болдог” хэмээн албан бус эх сурвалжийн мэдээллээс иш татан ВВС агентлаг мэдээлжээ.
Өмнө нь гэр бүлтэй байсан эмэгтэйчүүд 500 юанийн үнэд хүрдэг аж. Солонгос охидыг хятадуудаас гадна өмнөд солонгосчууд ихээр сонирхож, худалдан авдаг байна. Охид нутагтаа очвол шууд цаазлуулах аюултай учир үлдсэн амьдралаа хэн нэгний эрхшээлд өнгөрүүлэх нь түгээмэл аж.
Дүрвэгсдийн байранд байхдаа бусдад зарагдаж, олон сарын турш хүчээр биеэ үнэлсэн хоёр эмэгтэй өнгөрөгч онд нууцаар оргож байжээ. Гэхдээ тэднийг эзэд нь охидын нүдэн дээр хэрцгийгээр шийтгэж, бусдад дамнан худалдаалсан гэх мэдээлэл байдаг аж.
Лондонд төвтэй хүний эрхийн байгууллагаас “Хойд Солонгосын олон охин харийн нутагт бэлгийн хүчирхийлэлд өртөж байна. Тэднийг улс нь хаясан. Охид эрүүл, зөв орчинд өсөн торних ёстой байтал хэн нэгний мөнгө олох хэрэгсэл болж буйд үнэхээр харамсч байна. Тэднийг улс нь тоохгүй учир НҮБ анхааралдаа авах учиртай” гэж мэдэгджээ.
Хятадад бэлгийн боолчлолд байсан нэгэн солонгос эмэгтэй “Надаас гадна найман охиныг нэг жижигхэн харанхуй өрөөнд хорьж байсан. Бидэнд ямар ч хоол өгдөггүй байсан. Заримдаа ямар ч шалтгаангүйгээр зоддог. Хамгийн залуухан дөрөв нь зарагдсан” гэж ярьжээ.
Өмнөд Солонгосын хүний эрхийн байгууллагууд уг асуудалд анхаарлаа хандуулан Өмнөд болон БНХАУ-д зарагдсан охидтой холбогдож, хохирогчдыг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.
“Солонгосын ирээдүйн санаачилга” хүний эрхийн байгууллага хоёр жилийн турш судалгаа хийж, 45 гаруй хохирогчтой ярилцлага хийжээ. Улмаар дүрвэгч эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэл, хүний наймааны золиос болж буйг баталгаажуулсан байна.
"Нэг хүүхэд" бодлогын уршгаар Хятадад хүйсийн тэнцвэртэй байдал алдагдсан бөгөөд энэ байдлыг хүний наймаачид овжноор ашиглан, Хойд Солонгосын охид, эмэгтэйчүүдийг хятад эрчүүдэд эхнэр болгон зарж, хүчээр биеийг нь үнэлүүлэх хууль бус ажиллагаа улам даамжирсаар байгаа аж.
Хүний эрхийн ажиглагчдын мэдээлснээр, хүний наймаачид Хойд Солонгосын дүрвэгсдийг Өмнөд Солонгос руу гарахад нь тусална хэмээн хууран мэхэлж, хууль бус ажиллагааны золиос болгодог байна.
Эх сурвалж: CNN, BBC, News week
Холбоотой мэдээ