“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий хоёр улс хоорондын ажлын хэсгийн 7 дугаар хуралдааныг Берлин хотноо 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр зохион байгууллаа.
Тус хуралдааныг Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Германы талаас Холбооны Эдийн засаг, эрчим хүчний яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга, Монгол, Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн германы талын төлөөлөгчдийн тэргүүн Оливер Виттке нар даргалав.
Сайд Д.Сумъяабазар хуралдааныг нээх үеэрээ Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн байдлын талаар товч танилцуулав. Мөн энэ үеэр Манай хоёр орны Засгийн газар хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж ажиллахад өнөөдрийн хуралдааны гол зорилго оршиж буйг онцлон хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Эдийн засгийн салбарт гарч буй эдгээр нааштай хадлагыг цаашид бататгах, тогтвортой хөгжлийг хангахад Европ дахь бидний гол түнш, гуравдагч хөрш ХБНГУ-ын дэмжлэг туслалцаа, ялангуяа худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, аж үйлдвэр, технологийн салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэгтэй хэвээр байгааг энд онцлон тэмдэглэе. Монгол, Германы иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулан гүнзгийрүүлэх, чингэхдээ харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хөгжүүлэх сонирхлоо бид дахин илэрхийлж байна. Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд хоёр орны хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдийн хамтын ажиллагаа хамгаас чухал гэдэгтэй санал нэг байна” гэв.
Хуралдааны үеэр мөн УУХҮЯ-ны Геологи, уул уурхайн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Мөнхтөр илтгэл тавьсан юм.
Тэрбээр Монгол Улсын Засгийн газар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны зүгээс газрын ховор элементийн салбарт баримталж байгаа бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаархи холбогдох мэдээллийг хуралдаанд оролцогчдод танилцуулав.
Энэ удаагийн хуралдаанаар “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилт, 6 дугаар хуралдааны шийдвэрийн биелэлтийг дүгнэж, хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар ярилцлаа. Мөн Эдийн засгийн хорооны ээлжит уулзалтын дүн болон тус Хорооны дэргэдэх Санхүүжилтийн ажлын хэсгийн саналыг хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Хэлэлцээрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий Монгол-Германы Засгийн газар хоорондын Ажлын хэсгийн дэргэд хоёр орны төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөллөөс бүрдсэн Эдийн засгийн хороо ажилладаг. Эдийн засгийн хороог монголын талаас “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү, германы талаас “MSM” XХК-ийн ТУЗ-ийн дарга Л.Мелшерс нар ахалдаг бөгөөд Ажлын хэсгийн хуралдааны өмнө Эдийн засгийн хорооны хамтарсан уулзалт энэ сарын 20-нд болсон юм.