Д.Гантулгыг гутаасан дээр нь гутаах уу?

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

Д.Гантулгыг гутаасан дээр нь гутаах уу?

Д.Гантулгыг гутаасан дээр нь гутаах  уу?

Хэнтийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд намууд нэр дэвшигчдээ тавдугаар сарын 24-28-ны хооронд бүртгүүлнэ. Үндсэн хуулийн цэц тавдугаар сарын 27-нд Д.Гантулгын УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх “хүндэтгэн үзэх шалтгаан”-ы тухай иргэн Д.Ганхуягийн гаргасан гомдлыг хэлэлцэхээр товложээ.

Тиймээс Ардчилсан намын дарга С.Эрдэнийн зүгээс Үндсэн хуулийн цэц улстөржихгүй байхыг хэвлэлээр анхааруулав. Учир нь, Хэнтийн 42 дугаар тойрогт нөхөн сонгуулийн тов хоёронтоо зарлагдаж, Үндсэн хуулийн цэц нэг асуудлаар хоёр удаа шийдвэр гаргах нөхцөл бүрдээд буй юм. Үүний өмнө 2018 оны аравдугаар сард болохоор товлогдсон нөхөн сонгуулийг эсэргүүцэж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын II багийн иргэн С.Мөнхцэцэгийн  “УИХ-ын 62 дугаар тогтоолд төрийн албан хаагч оролцох зохицуулалтыг нарийн тусгаагүй нь иргэний сонгох, сонгогдох эрхийг хязгаарласан” гэх өргөдлийг Үндсэн хуулийн цэц хүлээж авсан.  С.Мөнхцэцэг нь Ерөнхий сайдын жолоочийн ээж болох нууцыг ч тухайн үед МАХН-ын генсек Б.Тулга дэлгэж байв. Харин энэ удаад Ерөнхийлөгч өөрийн хүнээрээ өргөдөл бичүүлээд Үндсэн хуулийн цэц рүү явуулжээ…!

Үндсэн хуулийн цэц эцэг хуульд захирагдах уу, эрх баригчдад үйлчлэх үү гэдэг нь тэгэхээр тав хоногийн дараа шийдэгдэнэ гэсэн үг. Манай Үндсэн хуулийн цэц бол манаж байгаа хуулиа машинаар тулчихдаг л хүмүүс.

Хэнтийн 42 дугаар тойргийг төлөөлж байсан Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдож, өнгөрсөн 2018 оны долдугаар сард тэрбээр  “Миний бие залуу насныхаа гэнэн итгэмтгий зангаас болж, ийм асуудалд орооцолдсондоо чин сэтгэлээсээ харамсч байна. Юуны өмнө гэр бүл, хайртай ханиасаа чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна. Итгэж төлөөлөгчөө болгосон хан Хэнтий нутгийнхаа сонгогчдодоо, намайг үргэлж дэмждэг байсан намынхаа хамт олон, намын гишүүд дэмжигчид, хууль батлалцаж байсан танхимынхаа гишүүдээс хүлцэл өчиж байна. Залуу улстөрчийн хувьд ихийг хийнэ гэсэн итгэл, зүтгэлээ харуулж чадаагүй, харуулахыг хүсч байсан ч чадаагүйдээ харамсч байна" гээд өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх өргөдлөө өгснийг нь УИХ хүлээж авсан билээ.

Иргэн болсноосоо хойш олны хэл амнаас нуугдаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд зөвлөсөн шигээ нам гүм амьдарч байгаа Д.Гантулгын хүчингийн гэх хэрэг Хэнтийн 42 дугаар тойргийн асуудал сэвэгдэх бүрт сөхөгддөг. Гэтэл бүр түүний өргөдөлдөө дурдаагүй “хүндэтгэх шалтгаан”-ыг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлж, УИХ-ын танхимд “шүүх" гэнэ. Индрийн донтой, бичлэг дэлгэх дуртай МАН-чид нэртэйгээр нь камер дурангийн өмнө Д.Гантулгын өмдийг шувталж байгаад "гүйцэтгэх ажиллагаа" явуулчих юм уу.  Уг нь, УИХ-аар хэлэлцүүлж, олны өмнө дэлгэх нь бүү хэл эргээд бодмооргүй байгаа эмзэг асуудал нь шүү дээ, эр хүнийх нь  хувьд.

Яасан ч муухай сэтгэл, ямар ч хүний үнэргүй “нам” бэ. Нэгийгээ ядарсан дээр нь дэвсэлж, гутаасан дээр нь гутаах хэний захиалга вэ. Ерөнхийлөгчийнх үү, Ерөнхий сайдынх уу. Ерөнхийлөгчид нөхөн сонгууль болох болохгүй нь уг нь түй ч хамаагүй. Гэхдээ У.Хүрэлсүх парламентад ороод ирвэл Х.Баттулгын том "дайсан" болно. Үгүй бол У.Хүрэлсүхийг УИХ-ын 2020 оны сонгуульд намаа удирдаж, ялалт байгуулж чадах эсэхэд нь олон хүн эргэлзэнэ. Ялангуяа намынхан нь.

Аль ч талаас нь харсан тулсан асуудлыг туулаад гарахаас өөр сонголт МАН-д үнэндээ алга. Нөхөн сонгууль болсон ч болоогүй МАН айдастай байх шиг.

Д.Гантулга өргөдөлдөө “Хүчингийн хэргээс болж” гэх үг бичих албатай байгаагүй бол тэр яах аргагүй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-т “Гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан тохиолдолд гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болно” гэсэн заалтын дагуу УИХ шийдвэрээ гаргасан.

Үүгээр хэн нэгэн өргөдөл, гомдол, шоу, шоглоом болгодог юмаа гэхнээ Цэц тэр асуудалд маргаан үүсгэж, хуулиа худалдаж идэх ямар шаардлага гарав аа.  Манаж яваа Үндсэн хуульд нь хүртэл “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх”-ийг заагаад өгчихсөн. Тэр ч бүү хэл “Хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэх үг өгүүлбэр ч бий. Эрх биш эцэг хуулийнхаа үг, үсэг заалт бүрийг нь нэг бүрчлэн цээжилдэггүй юм аа гэхнээ уншдаг байлгүй дээ.

Нэг нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байхад Цэц түүний нуумаар, нуухыг хүссэн асуудлыг нь онгичиж, олны өмнө дэлгэх нь ёс зүйгүй бөгөөд хүний нэр төрд халдах шийдвэрийг Цэц хэрэвзээ хуульдаа үйлчилдэг бол гаргахгүй. Харин мөнгө болоод эрх мэдэлд үйлчилдэг бол Д.Гантулгын "өмд"-ийг парламентын танхимд шувтлах хэрэг гарч мэднэ.  Ямар ч байсан Цэцийн дээр Үндсэн хууль, ҮАБЗ хоёрын аль нь байгааг харах сайхан далим гарч ирлээ.

Тэгээд ч Үндсэн хуулийн цэц судлаач Д.Ганхуягийн гомдлыг хүлээж авлаа гэхэд иргэн Д.Гантулгад Монголын парламентад алхаад орох нэр нүүр байхгүй. Хэдийгээр түүнийг хүчин хийсэн үгүйг шүүхээр нотлоогүй ч муу нэрийг хусавч арилахгүй гэж үгтэй.

Үндсэн хуулийн цэцийг бярдаж, “хүчиндэж” байгаад хүссэн дуугаа захиалж болох ч хүссэн үр дүнд хүрч чадахгүй л болов уу. Учир нь, МАН муу дээрээ муухай харагдах болно. Ердөө гуравхан сумыг хамарсан ганц тойргийн нөхөн сонгуулиас бүхэл бүтэн 64 кноптой, бүх эрх мэдлээ хамчихсан, бүрэн шүдтэй арслан байж айж байгаа бол 2020 оны УИХ-ын сонгуульд яаж ялалт байгуулж чадах юм бэ, МАН-ынхан.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж