В.Оросоо агсны 80 насны хүндэтгэлийн тоглолт болж өнгөрлөө

Хуучирсан мэдээ: 2019.05.22-нд нийтлэгдсэн

В.Оросоо агсны 80 насны хүндэтгэлийн тоглолт болж өнгөрлөө

В.Оросоо агсны 80 насны хүндэтгэлийн тоглолт болж өнгөрлөө

“Мишээсэн дагина шиг

Миний Улаанбаатар

Зүг зүгийн хүний

Зүрхэнд гэрэлтэнэ” хэмээх дуу үе үеийн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүчтэй цээл хоолойгоор дуулснаар тодхон үлджээ. Тийм ээ энэ бол 60, 70-аад оны нийтийн дууны ноён оргил МУГЖ В.Оросоо агсны дуулсан “Миний Улаанбаатар” дуу. Түүний мэндэлсний 80 насны ойд зориулж гэр бүл, үр хүүхдүүд нь “Алтан үеийн аялгуу” хүндэтгэлийн тоглолтыг энэ сарын 17-ны өдөр УДЭТ-т амжилттайгаар зохион байгууллаа.
“Алтан үеийн аялгуу” тоглолтыг түүний гэргий Д.Хишигжаргал, МУАЖ Д.Ухнаа, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж нар үг хэлж нээсэн юм. В.Оросоо агсны тухай Д.Ухнаа “Хөдөө орон нутагт тоглолт хийж явахад Оросоо маань үзэгчдийн хүслийн дуучин байсан. Оросоог баян хууртай “Гарын арван хуруу”-г дуулахад 7 удаа дахиулна. Оросоогийн дуунаас одоо ч ард түмэн уйдаагүй.” хэмээн дурсан ярилаа.

Тус тоглолтод Үндэсний Урлагийн Их Театр (ҮУИТ)-ын бүжигчид мэндчилгээ дэвшүүлж, МУГЖ Ц.Түвшинтөгс, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУГЖ С.Ганзориг, АЖ Д.Самбуу, СТА Э.Төрмандах, СТА Д.Бурмаа, СТА Л.Баяр-Эрдэнэ болон түүний нэрэмжит тэмцээний ялагч Отгонбаяр зэрэг уран бүтээлчид дуунуудыг нь сэргээн дуулсан юм. Тус дуунуудыг ҮУИТ-ын УГЗ Н.Буянбаатар удирдаачтай Үндэсний их найрал хөгжим эгшиглүүлсэн нь энэхүү тоглолтыг чимж байв.

Энэхүү үдэш түүний ач охин М.Мөнхзаяа хөтөлж, зээ хүү О.Мөнх-Оргил өвөөгийнхөө дууг дуулсан нь өвөөгийнхөө авьяасыг үргэлжлүүлж буй гэлтэй.

Мөн тоглолтын үеэр В.Оросоо агсны амьдрал уран бүтээлээр хийсэн баримтат киног толилуулахад киноны дундуур түүний амьд ахуй цагтаа дуулж буй хэсэгт УДЭТ-ийн танхимд цугласан үзэгчид алга ташин даган дуулж байсан нь одоог хүртэл хүмүүс түүнийг хайрлан хүндэтгэн, түүний дуунаас уйдаагүйн илрэл биз ээ.
Түүнчлэн 80 насны ойн хүрээнд хийгдсэн олон ажлын нэг нь “Алтан үеийн аялгуу 2” хос цомог юм. Уг цомгийн эхний хэсэгт түүний дуулж амилуулан олны хүртээл болгосон “Миний Улаанбаатар”, “Ахан дүүсийн дуу”, “Нууцхан сэтгэл” “Зуслангийн уянга”, “Дэлгэрхэн дэлхий”, “Гарын арван хуруу” зэрэг 24 дуунаас бүрджээ. Харин хоёр дахь цомогт түүний дуунуудыг сэргээн дуулсан бусад дуучдын хувилбар багтсан байна. Дашрамд дурдахад Оросоо агсны нэрэмжит “Ардын авьяастнууд уралдаан” 3 жил тутам болдог бөгөөд ялагчийг нь Оросоо агсны гэр бүл СУИС-д үнэгүй сурах эрхээр шагнадаг ажээ. Эдүгээ энэхүү тэмцээнээс авьяаслаг 3 залуу дуучин бэлтгэгдэн гарсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж